Сэтгэл судлалын үндэсний төвтэй хамтран бэлтгэж буй сэтгэл судлалын нийтлэлийнхээ энэ дугаарыг цахим хэрэглээ бас өсвөр насныхны сэтгэлзүйн хэрэгцээ гэсэн сэдвээр тус төвийн Сэтгэл судлаач Б. Энхлэнтэй хамтран бэлтгэлээ.

Өсвөр насныхан БИ ЧУХАЛ гэсэн мэдрэмж, хайр, үнэлэмж нь хангалтгүй үед аливаа зүйлд донтдог
Өсвөр насныхан гэдэг нь 11-18 насныхныг авч үздэг. Энэ насны хүүхдүүдийн хувьд биe болон сэтгэл зүйн өөрчөлтүүд хүчтэй илэрдэг. Жишээ нь сэтгэл зүйн тогтворгүй байдалтай холбоотойгоор сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, өөрийгөө ойлгохгүй байх, шийдвэр гаргалтандаа эргэлзэх, эцэг эхээс хамааралгүй байх, бие даах хүсэл эрмэлзэл гэх мэт маш олон төрлийн эерэг болон сөрөг мэдрэмжүүд хүчтэй үүсдэг. Хамгийн эмзэг нас байдаг болох энэ үед нь тэднийг аль болох сонсох, харилцан ярилцах, үзэл бодлыг нь асуух, тайван байлгах, аливаа асуудалд нь хүлээцтэй хандах шаардлага асран хамгаалагч нарт тулгардаг. Зарим тохиолдолд эцэг эхчүүд дээрх үйлдүүдийг хийгээгүйн улмаас эсвэл хүүхэд бусдаас авах анхаарал халамж, би чухал гэсэн мэдрэмж, хайр, үнэлэмж зэрэг нь хангалтгүй байгаагаас ямар нэгэн зүйл рүү амархан уруу татагдах, түүнийгээ хэтрүүлэн ашиглах хэрэглэх эрсдэлүүд гардаг.

Хүүхдийнхээ цахим хэрэглээг хянахаас өмнө эцэг эхчүүд өөрсдийн энэ төрлийн хэрэглээг хянаж сурах хэрэгтэй
Хэрвээ эцэг эхчүүд өөрсдөө цахим хэрэглээндээ хяналт тавьж чадахгүй, утас компьютерийг цаг хэтрүүлэн үр ашиггүйгээр ашиглаж байгаа хэрнээ хүүхдийнхээ цахим хэрэглээг хянах гэж оролдох нь буруу. Хүүхдээ энэ тал дээр хянаж цагдахын оронд өөрсдөө эхлээд хэрэглээгээ хянаж, зөв хэрэглэж сурах хэрэгтэй. /Ингэснээр хүүхэд танаас суралцах боломжтой гэсэн үг/. Түүний дараа та хүүхдийнхээ цахим хэрэглээг хянахаас илүүтэйгээр хэрхэн зөв хэрэглэх талаар мэдээлэл өгөх, яаж зөв хэрэглэхийг нь зааж өгөх, өдөрт хамгийн ихдээ хэдэн цаг хэрэглэж болох, цахим хэрэглээнд нь шаардлагатай тохиргоог хийх, ямар эрсдэлүүд гарч болох, түүнээс яаж сэргийлэх гэх мэт мэдээллүүдийг нээлттэйгээр, дотно байдлаар хуваалцах хэрэгтэй.
Өсвөр насны хүүхдүүдэд хувийн орон зай, миний гэх мэдрэмж нь маш хүчтэй төрж байдаг. Тиймээс ээж аавуудын хувьд хүүхдийнхээ чатыг зөвшөөрөлгүй шалгах,тэдний мессежийг унших нь тэдэнд өөрийнх нь хувийн орон зайд халдсан, аюулд орлоо гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Үүнээс болж эцэг эхийн хүлээж байснаас эсрэгээр буюу хүүхэд чатаа байнга устгах, утсаа кодлох, хэнтэй харилцаж байгаагаа нуух гэх мэт сөрөг үр дагаварууд гарч болзошгүй.
Манай төвөөс хийсэн 11-15 насны хүүхдүүдийн гэр бүлийн харилцааны судалгааг харахад л 2 өрх тутмын нэг нь эцэг эх гэр бүлийн хүмүүс нь зурагтыг хяналтгүйгээр үздэг, тэр үеэр нь хүүхдүүд утсаа үзээд л, компьютер тоглоод л сууж байдаг гэх үр дүн харагдаж байсан. Энэ зөвхөн өсвөр насны гэлтгүй хүүхдийнхээ хажууд эцэг эхчүүд, ах эгч, эмээ өвөө нар нь өөрсдөө л зөв хэрэглээтэй болох хэрэгтэй гэсэн үг. Хүүхэд биднийг буюу насанд хүрэгчдийг, ялангуяа эцэг эхээ харж суралцаж, төлөвшиж бие хүн болж байдаг. Тиймээс зөв харилцая, зөв ярилцая, зөв сонсож зөв үлгэр дууриалалыг үр хүүхдэдээ үзүүлье.

Өсвөр насныхантай хэрхэн “зөв” харилцах вэ?
Манай эцэг эхчүүдийн дунд “би хүүхэдтэйгээ ярилцдаг” гэсэн мөртлөө тэдний үгийг сонсох нь бага өөрөө ярих нь их, “хүүхдээ сонсдог” гэдэг мөртлөө юм ярингуут нь няцаах өөрийнхөө үзэл бодлыг тулгах амласан зүйлээ мартах гэх мэт байдлууд ажиглагддаг. Тэгэхээр хүүхэдтэйгээ яаж зөв харилцах хэрэгтэй юм бэ ? Тэднийг яаж зөв сонсох хэрэгтэй юм бэ ? гэсэн асуултууд гарч ирж байна. Хэрвээ та өсвөр насны хүүхэдтэй бол тэдний сэтгэл зүйн онцлог ямар байгаа, тэдгээр хүүхдүүдэд ямар мэдрэмж хүчтэй төрөөд байгаа гэдгийг эхлээд мэдэх шаардлагатай. Дараа нь тэдэнтэй ярилцахдаа зөөлөн нам дуугаар, тэдний түвшинд суух, юм ярихад нь яриаг нь таслахгүй байх, хэлсэн зүйлсийнх нь дараа түүгээр нь түрий барьж барьцаалахгүй байх, нууцыг нь задруулахгүй байх, юм ярьж байхад нь хариу үйлдэл үзүүлж тэдэн рүү харах ойлгож байгаагаа илэрхийлэх, тэдэнд цаг гаргаж сонсдог байх гэх зэрэг эдгээр үйлдлүүдийг хийж болно. Хэрвээ та хүүхэдтэйгээ зөв харилцааны загварыг нэг удаа л ашиглан харилцаад үзэхэд тэдэнд ямар өөрчлөлт гараад таньтай ярилцахдаа таатай дуртай байгааг харах боломжтой.