Умард Солонгосын яриа хэлэлцээ мухардалд орсон уу?

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс буюу хэвлэлийн бичлэгээр Умард Солонгос нь энэ онд олон улсын харилцааны анхаарлын төвд байж чадлаа. Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун нэгдүгээр сарын 1-нд ард иргэддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ Пёнчаны Өвлийн олимпын наадамд тамирчдаа оролцуулна, Өмнөд Солонгост өндөр түвшний төлөөлөгчдөө илгээнэ гэж мэдэгдсэн. Амласандаа ч хүрсэн. Солонгосын хойгт нөхцөл байдал ингэж өөрчлөгдөнө гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ.

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трамп Умард Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээг улам чангатгаж, буланд шахсанаар үр дүнд хүрнэ гэж үзэв. Цагаан Ордоны энэ стратегийг хамгийн дээд хэмжээгээр шахалт үзүүлэх аян гэж тодорхойлдог. НҮБ, АНУ тэргүүтэй холбоотнууд, Хятад, Орос зэрэг бүс нутгийн улс орнууд Умард Солонгосын хувь хүн, байгууллага, компани, эдийн засгийн гол салбарууд, экспортоор валютын орлого бүрдүүлдэг нүүрс, нэхмэл эдлэл зэрэг гол бүтээгдэхүүнүүд, ачаа тээвэрлэлтийг хориглов. Умард Солонгосын эрх баригч дэглэм, цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хязгаарлах нь хориг арга хэмжээний гол зорилго байлаа. Хоригоос гадна АНУ тэргүүтэй холбоотнуудын цэргийн сургуулилт улам идэвхжиж, Доналд Трамп нисэх онгоц тээгч аварга хөлгөө Солонгосын хойг руу илгээсэн. Цагаан Ордоны тэргүүн Ким Жон Уныг пуужинтай жаал гэж хочлов. Ким Жон Ун хариуд нь солиотой хөгшин эр гэж Трампыг тодорхойлов. Хэрвээ Умард Солонгосын зүгээс Солонгосын хойг дахь манай цэргүүд болон холбоотнууд руу маань халдан довтолвол хүн төрөлхтөн өмнө хэзээ ч үзэж байгаагүй уур хилэн, ширүүн галаар хариу барина гэж Трамп сүрдүүлж байлаа.

Пёнчаны Олимпод төлөөлөгчдөө илгээж, найрсаг байдлыг үзүүлсэн Ким Жон Ун гуравдугаар сарын 28-нд Хятадад очиж, Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзлаа. 2011 онд эцгийнхээ халааг авснаас хойш анх удаа гадаадад айлчилсан нь энэ байлаа. Үүнээс хойш Ши Жиньпинтэй дахиад нэг удаа уулзсан. Дөрөвдүгээр сарын 27-нд Ким Жон Ун Өмнөд Солонгосын хилийн шугамыг даван алхаж орж ирээд Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй гар барилаа. 1953 онд Солонгосын дайныг гал зогсоож намжааснаас хойш анх удаа Умардын удирдагч Өмнөдөд хөл тавьсан нь тэр. Өмнө нь 2000-аад онд Өмнөд Солонгосын хоёр ерөнхийлөгч Пхеньянд очиж байв. Зургадугаар сарын 12-нд Сингапурын Сентоза арал дахь Капелла зочид буудалд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхт уулзалт боллоо. Мөн л Солонгосын хойгт гал зогсоосноос хойших анхны тохиолдол. 2016 оны сонгуулийн үеэр бургер идэнгээ Ким Жон Унтай уулзаж ярилцаж болно гэж ярьж байсан Доналд Трамп үр дүн хүсдэг прагматик удирдагч гэдгээ харуулав. Тэд орчуулагчдын хамт ганцаарчлан уулзсанаас гадна хоёр талын албан тушаалтнуудыг оролцуулсан өргөтгөсөн уулзалт хийв. Уулзалтын дараа хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, АНУ-Умард Солонгосын хооронд шинэ харилцааг эхлүүлэхээр тохиролцсон билээ.

Хэдийгээр Доналд Трамп, Ким Жон Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тодорхой хугацаа товлоогүй гэж шүүмжлэгдэж байсан ч энэ онд үнэхээр Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэх алхмуудыг хийж чадсан. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээ 2009 онд мухардалд орсноос хойш Пхеньянтай холбоо тогтоох өөр бүтэц, санаачилга байгаагүй юм. Энэ оны үр дүнг хадгалж, үйл явцыг үргэлжлүүлж чадах эсэхийг ирэх онд харна. Цагаан Ордоны хувьд Сингапурын уулзалтаас хойш хагас жил өнгөрсөн ч Умард Солонгосын яриа хэлэлцээ мухардалд ороогүй зөвхөн удааширсан гэж үзэж байна. Америк, Өмнөд Солонгосын хэвлэлүүд ирэх оны эхээр дахин уулзах боломжтой гэж мэдээлсэн боловч Доналд Трамп энэ долоо хоногт Ким Жон Унтай дахин уулзах гэж яарахгүй гэж ярьсан юм.

Вашингтон, Пхеньяны аль аль нь эсрэг талаа түрүүлж алхам хийхийг хүлээж байна. Ийм алхам хийнэ гэдэг нэлээд төвөгтэй. Учир нь АНУ-ын засаг захиргаа Умард Солонгосыг цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзсан тохиолдолд л хориг цуцлах асуудал яригдана. Бид өмнө нь Умард Солонгост эхлээд ямар нэгэн юм өгч, дараа нь ямар нэгэн юм хүлээдэг байсан. Харин одоо бид ямар ч урьтач нөхцөл тавихыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг. Харин Умард Солонгос АНУ-ын хоригийг цуцлахаас нааш дараагийн алхмаа хийхгүй гэж мэдэгддэг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)