Утааны эсрэг төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг харахад ийм л гутранги бодол төрж байна. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулна гэж 20-иод жил ярьж, сүүлийн 10 гаруй жил чамгүй хөрөнгө мөнгө төсөвлөж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч үр дүн гарсангүй. Далайцтай, шинэлэг ажлууд хийсэнгүй. Агаарын бохирдлын эсрэг тэмцлийг утаагүй зуух, шахмал түлш, гэрийн дулаалга, агаар шүүгч төдийхнөөр төсөөлсөөр өнөөг хүрэв. Тиймээс жил бүр агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байгаа хэдэн арван тэрбум төгрөгийн зарцуулалтыг хянаж, зөв голдирлоор нь “урсгахаас” эхлээд олон асуудал бий. НҮБ, Дэлхийн банк гээд олон улсын олон байгууллага Улаанбаатарын агаарын бохирдлыг тал талаас нь судалж, үндэсний эрдэмтэд ч судалгаа хийж тодорхой арга хэмжээ, шийдлийн талаар зөвлөмжүүд гаргасан байдаг юм билээ.

Бодлого болж хэрэгжих ёстой тэр судалгаа, зөвлөмжүүд усанд хаясан чулуу шиг сураг алдарчээ. Тэгсэн атал агаарын бохирдол, утааг бууруулахад зарцуулсан хөрөнгө мөнгөний хэмжээ хэдэн арван тэрбумаар хэмжигдсээр л. Энэ их хөрөнгийг зөв, оновчтой зарцуулсан бол Улаанбаатарын утаа өдийд арилчихсан байх байлаа.

Манай үе үеийн төрийн түшээд утаатай эрэлхэгээр тэмцэж, тэмцлийнхээ үр ашгийг тухай бүрт нь хүртэж, амьдрал ахуй, эд хөрөнгө арвижсаар ирснийг сүүлийн 10 гаруй жилийн түүх гэрчилнэ. Энэ түүх аль тэртээ 2004 оны Н.Энхбаярын Засгийн газраас эхэлсэн юм. Ихэвчлэн Ерөнхий сайдын хамаатан садан, ойрын хүмүүс энэ чиглэлд ажилладаг нь сонирхолтой.

Хамгийн бүдүүн баргаар тооцоход л утаа асуудал үүсгэсэн сүүлийн 10 жилд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төгрөг бараг нэг их наядыг давжээ.

Энэ мөнгө одоогийн улсын төсвийг зургаа хуваасны нэгтэй тэнцэнэ. Нарийн яривал, улсын төсвийн урсгал зардлаас 114 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 55 тэрбум, гадаадын зээл тусламжаас 520 орчим тэрбум, цэвэр агаарын сангаас 117 тэрбум төгрөгийг тус тус утаанд цацжээ. Дээр нь нийслэлийн Засаг даргын Тамгын газар ч үүнд чамгүй мөнгө төсөвлөдөг.

2007 оноос хойш үе үеийн Засгийн газар гэгээлэг нэртэй олон сайхан ажил сэдэж, хөрөнгийг ч харамгүй цацжээ. С.Баярын Засгийн газрын үед нүүрсийг дулааны аргаар боловсруулан коксжсон түлш үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлж, 2009 оны наймдугаар сараас Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэгцээнд болон халаалтын зууханд коксон түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж байв. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх бүсчлэлийг тогтоож, Их, Бага тойруугийн нутаг дэвсгэр болон орон сууцны хороололд нүүрс түлэх, хог хаягдлыг ил шатаахыг хориглосон. С.Батболдын Засгийн газрын үеэс Мянганы сорилтын сангийн гол төслийг утааг бууруулахад чиглүүлсэн. 47.2 сая ам.долларын санхүүжилттэй төслөөр утаагүй зуух, гэрийн дулаалга мэтхэнийг иргэдэд асар хямд үнээр өгсөн билээ.

2011-2015 оны хооронд улсын төсөв, “Цэвэр агаар” сангийн татаастай үнээр нийтдээ 175 618 ширхэг “Дөл”, “Хас”, “Голомт”, “Өлзий” хэмээх зуухнуудыг тараасан. Тараалтын араас Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар эдгээр зуухны 20-30 хувийг л ашиглаж байгаа гэсэн дүн гарчээ. Энгийн нүүрс биш, сайжруулсан нүүрсэнд илүү тохиромжтой, асаалт, шаталтын хувьд өөр зарчимтай энэ зуухнууд тэр даруйдаа “Нарантуул” дээр гарч арчаатай анхиатай малчдын хот, үхрийн ферм, амралтын газруудын эзэмшил болсон билээ. Мянганы сорилтын сангийн нэг ээлжийн мөнгийг монголчууд ийнхүү сайхан үрэн таран хийсэн.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын охин болон Сангийн яам, БОАЖЯ, Үндэсний статистикийн хороо болон Мэргэжлийн хяналтын байцаагч гээд нийт 11 хүн холбогдсон дуулиант хэрэг босч, зарим холбогдогч нь ял авсан. Ерөнхий сайдын ахлах зөвлөх ч “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө зувчуулсан гэгдэж ял эдэлсэн. Утаагүй түлш үйлдвэрлэх ёстой байсан “Аморе Интернэйншл” компанийн 14 тэрбумын дуулианыг өдгөө хүмүүс мартжээ.

Үүний дараа Ч.Сайханбилэгийн үед цахилгаан халаагуур ашиглахыг бодлогоор урамшуулж, гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифийг 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан ч удалгүй цуцалсан. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн үед энэ тарифыг бүрмөсөн тэглэсэн.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ШУА-аас утааг бууруулах арга олохыг хүссэн. Цаадуул нь судалж үзээд, “Гэрээ дулаалж, цахилгааны сүлжээгээ сайжруулах хэрэгтэй” гэсэн мэргэн зөвлөгөө хайрласан юм. Гэхдээ манай одоогийн цахилгаан станцын хүчин чадал гэр хорооллыг халааж дийлэхгүй учраас тавдугаар цахилгаан станцыг барина уу гэсхийснээр эрдэмтдийн мэргэн санаа хумигдав.

Төсвөөс цалинжиж, олон арван жил судалгаа хийсэн академи үнэндээ ямар ч шийдэл санал болгож чадсангүй.

Ингээд харахаар гэрийн дулаалганаас эхлээд ямар нэг зуух тараах сонирхол төрд ямагт байсаар иржээ. Үр дүн төдий л чухал бус, хамгийн гол нь тараах процесс ашигтай байгаадаа л тэр шүү дээ. Хийх хүн аргыг нь олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэдэг үг бий.