Төрөл бүрийн хорт хавдар үүсгэдэг  PM10 тоосонцор хамгийн ихтэй улс орнуудыг Монгол Улс тэргүүлж буй. Энэ үзүүлэлтээр нь 2010 онд Улаанбаатарыг дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлэгч хот болохыг зарласан юм. Тиймээс ЭМЯ-ны газрын дарга Д.Цогтбаатар “Улаанбаатар хотын сая гурван зуун мянган иргэн бүгдээрээ архаг хордлоготой байгаа” хэмээн хэлсэн биз ээ. Энэ “архаг хордого” Улаанбаатарын оршин суугчдын амь нас, эрүүл мэндэд заналхийлж байна. Жишээ дурдъя.

Манай улсын хүн амын нас баралтын шалтгаанд зүрх судасны өвчлөл, хавдар тэргүүлдгийг дээр баримтаар дурдсан. Үүний аль алинд нь агаарын бохирдол шууд нөлөөлж байгаа. Улаанбаатар хотод бүртгэгдсэн нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбоотой байгаа ажээ. Түүнчлэн гадаад орчны агаарын бохирдлын улмаас нас барсан хүний тоогоороо манай улс дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй яваа юм. Нэмж дурдахад Монгол Улсад цаг бусын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон өвчнүүд бүгд агаарын бохирдолтой холбоотой байгаа.

1999-2016 оны хоорондох статистик мэдээллийг авч үзэхэд агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн дүн мэдээ гарчээ.

Агаарыг түгээмэл бохируулагч бодисууд хүний бие эрхтэн тогтолцоонд дөрвөн үндсэн чиглэлээр нөлөөлөл үзүүлдэг. Үүнд, амьсгалын замын эрхтэн тогтолцоо, зүрх судас, дархлаа болон дээд мэдрэлийн үйл ажиллагаанд эдгээр бодисууд шууд нөлөөлдөг байна. Хамгийн сэтгэл эмзэглэм мэдээлэл бол Улаанбаатарын агаарын бохирдол хүүхэд багачуудад, тэр бүү хэл энэ хорвоод ирээгүй байгаа, төрөөгүй хүмүүст хүртэл хортойгоор нөлөөлж байгаа юм.

Агаарын үндсэн бохирдуулагч бодис ургийн бойжилтод шууд муугаар нөлөөлж байгааг нотолсон олон улсын судалгааны үр дүн бий. 2014-2016 онд Сүхбаатар дүүргийн жирэмсэн эхчүүдийн ургийн бойжилтод агаарын бохирдол яаж нөлөөлж байгаа талаар судалгаа хийхэд агаарын бохирдолтой орчинд ураг тээж төрүүлэхэд бага жинтэй ураг төрөх зэрэг олон эмгэг илэрч байжээ. Мөн агаарын бохирдол нь ураг эрүүл мэндийн хувьд эмзэг, өвчлөмтгий болох магадлалыг нэмэгдүүлж байгааг ч тогтоожээ.

Насанд хүрсэн хүн бүү хэл дөнгөж төрсөн нярай ийнхүү Улаанбаатарын утааны хор уршгийг амсч байна. Цаашилбал хүүхэд багачуудын дундах өвчлөлд агаарын бохирдол хамгийн том шалтгаан болж буй. Үүнийг олон улсын судалгаа, статистик дээр тулгуурлан хэлж байгаа юм.

Хүүхэд хөгжлийнхөө эмзэг үед агаарын бохирдолд өртөх нь эрүүл мэндэд нь урт удаан хугацааны нөлөө үзүүлдгийг нотолсон байдаг аж. Монгол Улсын хувьд уушигны хатгалгаа өвчний улмаас үүдэх нялх, балчир насны хүүхдийн эндэгдэлд агаарын бохирдол шууд нөлөөлж байгаа юм. Түүнчлэн агаарын бохирдлоос үүдсэн уушигны гэмтэл нь хүүхдийн эрүүл мэндэд цаашид олон сөрөг нөлөө үзүүлдэг. Улаанбаатар хотын хүүхдүүдийн дундах агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний дийлэнх нь уушигны доод замын цочмог халдвар буюу хатгаа байгаа ажээ. Хатгаа болон амьсгалын замын өвчлөлөөс үүссэн уушигны бүтцийн өөрчлөлт хүүхдийн биеийн хөгжилд сөргөөр нөлөөлж эдгэрэшгүй өөрчлөлтөд хүргэдэг байна.

Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа бага насны хүүхдүүд цаашдаа амьсгалын замын архаг өвчнөөр өвчлөх магадлал нь урд өмнө байгаагүй түвшинд хүрнэ гэсэн тооцоолол ч гарсан байна.

Далайцтай, шинэлэг арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол ирэх арван жилд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний эдийн засгийн зардал улам бүр нэмэгдсээр байх болно гэдгийг ч НҮБ-ын Хүүхдийн сангийнхан өөсдийн хийсэн судалгаанд үндэслэн анхааруулжээ.

Түүнчлэн АШУҮИС-ийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна. Судалгааны үр дүнд дараах сэтгэл сэрдхийм дүгнэлтийг гаргажээ.

Нэг: Утаанаас шалтгаалан өвчний төрөл зүйл олширч байна. Улаанбаатар хотын иргэдийн дунд уушгины хавдар, зүрхний өвчлөл, астма түгээмэл, бага насны хүүхдүүд хатгалгаа тусах нь их болж, цусны даралттай хүмүүс эрс олширчээ.

Хоёр: Утаа жирэмсэн эмэгтэйчүүдийн хэвлий дэх ургийн жин багасахад нөлөөлжээ. Энэ нь хотын хүүхнүүдийн тамхидалттай хавсарснаар хүүхэд 225 граммаар бага жинтэй төрөхөд хүргэж байна. Ийм хүүхэд суурь өвчтэй, өвчлөмтгий, нас богинотой байдаг.

Гурав: Агаарын бохирдлоос болж цус харвалт, цусны даралт ихсэх, астма илт залуужсан байна.

Дөрөв: 0-5 насны буюу бага насны хүүхэд утаа, тоосжилтод хамгийн их өртдөг. 2014 онд л 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын улмаас өвдөж, нас барсан.

Тав: Нийслэл дэх 220 мянган сурагчийн 9000 нь буюу 5 хувь нь уушгины архаг бронхиттой, сүрьеэгийн далд халдвар тээгч ажээ.

Зургаа: 15 сургуулийн 8-13 насны 9000 хүүхдэд хийсэн судалгаагаар сурагчдын 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн 30 хувь нь халдвар тээгч, хүүхдүүдийн уушги 20 жил тамхи татсан хүнийхтэй ижил байв.

Долоо: Нийслэлд үр зулбалт тавдугаар сард 1000 төрөлт тутамд 23 байсан бол утааны оргил үе арванхоёрдугаар сард 73 болж өсдөг.

Найм: Бохирдол одоогийн хэмжээнд байвал 2017-2024 оны хооронд цаг бус, эрт нас баралтын тоо 13000-аар ихсэнэ.

Ес: Улсын хэмжээнд амьгүй төрсөн мянган ураг тутмын 6.8 хувь нь өсөлтгүй байсан бол нийслэлд 7.8 хувь нь өсөлтгүй жирэмслэлт тохиолджээ.