Нэг км замд 42 баар, ресторан, караоке, кафе

Мэдээ мэдээллийн еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг км-т” цуврал сурвалжлагаа  уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо буюу Зүүн дөрвөн замын уулзвараас Сансрын  аюулгүйн тойрог хүртэлх нэг км замыг онцолж байна. Баянцээлийн гудамж гэгдэх энэ орчинд 42 баар, ресторан, караоке, кафе, клуб үйл ажиллагаа явуулж байлаа

2017 онд Баянзүрх дүүрэгт 152 ресторан, 196 баар, 51 кафе буюу нийт 399 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байсан бол энэ жил уг тоо 579 болон өсжээ

Баянцээл орчимд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тухайд Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран байнгын шалгалт хийдэг учраас зөрчил эрс багасаж байгааг албаныхан хэллээ. Түүнчлэн ТҮЦ-үүдийг буулган, тухайн газрыг авто машины зогсоол болгон гар дээрх ил задгай худалдааг цэгцлэж гудамж талбайн гэрэлтүүлэг, камеруудыг нэмсний хүчинд гэмт хэргийн тоо харьцангуй буурчээ.  

Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Ариунболд "Бид 2015 оноос хойш архи зардаг караоке,  баартай үйлдвэрлэл үйлчилгээний гэрээг хийгээгүй. Хууль дүрмийнхээ дагуу бол заавал манайхтай гэрээ хийж байж нийслэл цаашаа 8 нэрийн барааны буюу архи зарах тусгай зөвшөөрлийг олгодог. Бид Баянцээл орчимд дүүргийнхээ татварын алба, цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт, шалгалт хийсэн. Шалгалтаар тусгай зөвшөөрөл, гэрчилгээг хуулбарласан зөрчил илэрсэн. Мөн и-баримт өгдөггүй, 21 нас хүрээгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг зөрчил илэрсэн

Гэхдээ Баянцээл орчимд бол харьцангуй жигдэрсэн шүү. Тэр орчимд шалгалт хийхэд цөөн тооны газар л зөрчилтэй гарна. Харин туннель бол Баянцээл орчмыг бодоход зөрчил маш их гардаг" гэлээ.

Сонирхуулахад, Сансрын туннель дээр П хэлбэрийн байранд 14 баар, караоке үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний дийлэнх нь стандарт хангаагүй, бүгдийг нь хааж болохоор зөрчил гардаг талаар албаныхан хэлж байлаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)