Долоо хоногийн өмнө нэгэн аав охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулахаар уриалга гаргасан юм. Тэрээр фейсбүүк хуудаснаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10-р цэцэрлэгт 100 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Охин бид хоёр тэдэнд нэг ч удаа болов туслаж төрсөн өдрөө тэмдэглэхээр шийдлээ. Хэрэв танай гэрт хүүхдийн тань хэрэглэхээ больсон тоглоом, илүү хүүхдийн дулаан хувцас, гутал байвал сайн санаж бид хоёртой нэгдээрэй" хэмээн уриалсан.
Б.Энхмөрөн охины төрсөн өдөр өнөөдөр тохиож аав нь найз нөхдийнхөө хамт 10-р цэцэрлэгийг зорин очлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт 1-5 насны 121 хүүхэд хүмүүждэг бөгөөд тэд шинэ байшингаа баригдтал тусгай 186-р цэцэрлэгийн байранд хичээллэж байгаа юм байна. 186-р тусгай цэцэрлэг нь мөн хараа, сонсголын бэрхшээл, аутизм, дауны өвчтэй 81 багачууд хүмүүждэг цорын улсын цорын ганц тусгай цэцэрлэг гэнэ.

Тусгай цэцэрлэг өнөөдөр зочдын хөлд дарагдан байлаа. Хүүхдүүд нь шинэ жилдээ бэлдэн хөгжимөө давтана, гаднаас орж ирсэн заримыг нь гайхан харна.
Тусгай цэцэрлэгт хамрагдах ёстой 2000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа ч өнөөдөр 201 нь л цэцэрлэгт байна

Хүмүүнлэгийн аяныг санаачлагч Л.Батхуяг
-Таны уриалсан санаачилга аян болтлоо өргөжин өнөөдөр биелэлээ олж байна шүү дээ
-Миний уриалга аян хэмжээнд хүртлээ өргөжөөд маш олон хүнээс дэмжлэг авлаа. 1300 гаруй хүн 5000-аас нэг сая хүртэлх мөнгө шилжүүлсэн. Энд цугласан 8 орчим сая төгрөгөөр тусгай цэцэрлэгийн хүүхдүүдэд 2-3 сар хэрэглэх витамин, памперс, салфетка зэрэг ойр зуурын хэрэглээний зүйлс бэлдсэн. Мөн цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын хүсэлтийн дагуу хүүхдүүдийн эмчилгээнд зориулж хэрэглэгдэх суудлын дэрийг тусгай захиалгаар хийлгэн хүлээлгэж өгч байгаадаа маш их баяртай байна.
-Эндээс үр дүнг нь та юу гэж харж байна. Нийгэм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг харах өнцөг, дэмжлэгийг ямар түвшинд хүрээсэй гэж хүсэж байна?
-Би өөрөө 12 жил охинтойгоо яг л энэ бүхнийг туулж байгаа хүний хувьд маш хүнд л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гудамжинд авч явах, нийгмийн, нийтийн үйлчилгээнд хамрагдах, шатаар өгсөх, замаар явахаас эхлээд хүндрэлүүд бий. Мөн энэ хүүхдүүд нийгэмд гаран танилцах орчин багатай. Эдгээр хүүхдийг хүлээж авах хүмүүсийн харилцаа, сэтгэл зүй бэлэн биш байна. Тэднийг гомдоодог, уурлуулдаг, ичээдэг явдлууд бий. Ийм хүүхэдтэй эцэг эхчүүд нийгэмд тусгай сургууль, цэцэрлэгийг таниулж, хүмүүс бие биедээ туслах ёстой гэсэн хандлагыг бий болгоосой гэсэндээ энэхүү санаачилгыг гаргасан. Хүмүүс сайхан хүлээж авч байна. Тэдний хандлага өөрчлөгдөж байна.

186 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмөнхөөс зарим зүйлсийг тодрууллаа.
-Улсын төсвөөс баталсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай 10 дугаар цэцэрлэгийн шинэ байрыг барих ажил хэдэн хувьтай байна?
-10 дугаар цэцэрлэгийн барилгын ажил 2018 оны долоодугаар сард эхэлсэн. 2019 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад өгнө гэсэн гэрээтэй гэсэн. Гэхдээ барилгын санхүүжилтийн 50 хувь нь 2018 оны төсөвт суусан. Барилгын нийт ажлын 20 хувь арваннэгдүгээр сарыг дуустал явагдаад одоогоор түр зогссон байгаа. Ирэх гуравдугаар сараас барилгын ажил үргэлжилнэ гэсэн.
-Багш нарын хүрэлцээ хэр байна. Нэг хүүхдэд хэчнээн багш байхаар төсөвлөгддөг вэ?
-Улсын хэмжээнд хоёр тусгай цэцэрлэг байдаг. Хоёр цэцэрлэг энд үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоор бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн өмнөх насны хүүхдүүд бий. Хөгжлийн бэрхшээлийн төрөл ангиллаас болоод хэдэн хүүхдэд хэдэн багш байх вэ гэдэг стандарт өөр. Жишээ нь оюуны бэрхшээлтэй найман хүүхдэд нэг багш байхад аутизмтэй нэг хүүхдэд нэг багш юм уу гурван хүүхдэд нэг багш гэсэн стандарт бий. Бидний хувьд өнөөгийн Монголын нөхцөл байдалд 20 хүүхэдтэй нэг ангид нэг бүлгийн багш, хоёр туслах багш ажиллаж байна. Хоёр тусгай цэцэрлэг нийлээд одоогоор 76 хүн ажиллаж байгаа. Гэхдээ манаач, үйлчлэгч, тогооч туслах ажилчдаа хасаад яг хүүхэдтэй тулж ажиллаж байгаа 47 багш, асрагч байна.
-Энэ нь хэр хүрэлцээтэй байна?
-Маш хангалтгүй шүү дээ. Олон улсын стандартаар ярих юм бол бид 50 хувьдаа ч хүрч чадахгүй байгаа. Жишээ нь манай цэцэрлэгт сэргээн засах эмчилгээ, хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч гэж ажилладаг. Найман хүүхдэд нэг хэл засалч байх ёстой гэхэд Монголд хэл засалч бэлтгэдэггүй. Дээр үед буюу социализмын үед ОХУ-д хэл засалчаар бэлтгэгдсэн хүмүүс одоо тэтгэвэртээ сууж байгаа. Тэдний залгамж халаа болсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах хэл засалч бэлтгэгдээгүй. Хөдөлгөөн засалч бол эхний хэдэн курс нь гараад дөнгөж боловсон хүчин нь бэлтгэгдэж эхэлж байна. Хөдөлмөр засалчийн тухайд одоо дөнгөж хоёр дахь төгсөлт нь болж байна. Хэрэгцээ нь байгаа мөртлөө ажиллах мэргэжилтэн нь хангалтгүй байгаа.
-Залуус энэ чиглэлээр мэргэшин ажиллах нь хэр их байна?
-Сүүлийн үеийн залуусын хандлага өөрчлөгдсөн. Тэд нийгмээ мэдрээд хаана эмзэг бүлэг, асуудалтай байна, түүнд тусламаар байна, бид нийгмийн нэг гишүүд гэдгээ маш сайн ухаарч ойлгодог болсон. Манай цэцэрлэгт ирдэг залуусын сайн дурын клубууд бий. Тэндээс үнэхээрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаар байна, энэ чиглэл рүү илүү их уншиж судалмаар байна гэдэг оюутнуудыг бид авдаг. Ажиллая гэсэн сэтгэл зүрхтэй залуу багш нар байгаа шүү.
-Тусгай үйлчилгээтэй цэцэрлэгт хамрагдах сургуулийн өмнөх насны хэдэн хүүхэд байдаг бол?
-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нарийн статистик үнэн тоо байдаггүй. Дандаа зөрүүтэй гардаг. Нэгдсэн судалгааны сангаас аваад үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй 90 гаруй мянган хүүхдээс 38 мянга нь 0-14 насны хүүхэд байна. Тэндээсээ сургуулийн өмнөх боловсрол буюу хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхэд 2000 орчим хүүхэд байна гэсэн тоо бий. Энэ хоёр тусгай цэцэрлэгт хамран сурах харьяа, тойрог гэж байхгүй учраас нийслэлийн бүх дүүрэг болон хөдөө орон нутгаас хүүхэд ирдэг. Амьдралын боломж бололцоо муу, гэр хол байгаа зэрэг нөхцлөөс болоод хүүхдээ зөөж чаддаггүй байх. Манай тусгай цэцэрлэг гэхэд л хүүхдийн автобусгүй болохоор боломжтой эцэг эх нь нийтийн тээврээр ирнэ. Бидэнд унаагүй, гэр хол, эцэг эх нь ажилгүй учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгч, авч чадахгүй байгаа гэсэн 45 хүүхдийн судалгаа байгаа. Ганцхан цэцэрлэгт хүргэж өгөөд авахад асуудал шийдэгдэхгүй. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байнгын асаргаатай учраас өдөрт 3-4 памперс барьж ирэх хэрэгтэй гээд тэр бүх мөнгө эцэг эхчүүдээс гардаг болохоор асуудал их.
Гэтэл яг газар дээр нь яваад очиход гэрийн асрамжид үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олон байгаа.
-Хүүхдийн автобусыг шийдүүлэхээр яамандаа хандсан уу?
-Автобус шаардлагатай тухайгаа бид өнгөрсөн жил Боловсролын яаманд албан бичгээр өгсөн. Үүнийг яам шийдээд энэ жил автобустай болгож өгнө гэсэн. Автобус одоо ирж яваа гэсэн. Энэ хэсэгт 2 тусгай сургууль, 2 тусгай цэцэрлэг гээд хотхон байгаа. Манайд автобус ирэхээр бид хотхондоо 5 автобустай болно. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүүхдээ холиод таван чиглэлд хүүхдүүдээ өгч, авья гэж тохироод байгаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрч ажиллах, тэнэнд хандах хандлага нэмэгдэнэ гэж хүлээж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өнөөдөр Б.Энхмөрөн охины төрсөн өдрийг ийнхүү хамтдаа дуу хууртай, баяр хөөр дүүрэн тэмдэглэлээ.
Хүүхэд бүхний харцанд инээд хөөр бялхаж байгаасай.



















