Монголын загварын ертөнц дэх дараагийн "Топ" моделийн төлөөх өрсөлдөөн "Mongolia's Next Top Model" шоу ням гарагийн үдэш бүр "Боловсрол" телевизээр үзэгч танд хүрч байна. Оролцогчид тав дахь дугаараас эхлэн хилийн дээс алхан Өвөр Монголд өрсөлдөөнөө үргэлжлүүлж байгаа. Энэ дугаарт үлдсэн 10 оролцогч ӨМӨЗО-ны Улаан хадны Хишигтэн хошуу, Баян цагаан суманд байгалийн үзэсгэлэнт газар ээлжит сорил, даалгавраа гүйцэтгэлээ.

Охид хоёр хоёроороо нэг баг болон ажиллаж, нэг нэгнээ будан монгол үндэстэн, ястны хувцсыг иж бүрнээр нь өмсөж амилуулах даалгавар авсан. Энэ шалгаруулалт дээр “Anara`s make up” салоны захирал , Азийн топ "Make Up artist" О.Наранбилэг , гэрэл зурагчин Б.Болдбаатар ажилласан юм. Сонирхуулахад, make up artist О.Наранбилэг "Mongolia's Next Top Model" шоуны хоёр улиралд хамтран ажиллаж байгаа туршлагатай нэгэн билээ.

Оролцогчид өөр өөрийн мэдрэмжээр өрсөлдөгчөө 20 минутад будан зураг авалтын газар, позоо сонгон сорилын даалгаврыг гүйцэтгэсэн. Сорилын ялагчаар Э.Одонтунгалаг шалгарч "Flormar" брэндийн дэлгүүрээр үйлчлүүлэх эрхийн бичгийн эзэн боллоо.

Харин үндсэн зураг авалтын даалгаврыг шүүгч, хөтлөгч Нора
"Салхитай цуг сэвэлз
Усны долгио шиг үелз
Чулуу адил бөх бай охид оо" хэмээх ил захидлыг агаарын бөмбөлөгт бөхлөн оролцогчдын байрласан зочид буудлын өрөөний цонхоор илгээсэн юм.
Үндсэн зураг авалт Баянцагаан сумын Асгат хэмээх байгалийн цогцолбор газарт өрнөсөн. Оролцогчид салхинд даавуу хийсгэн бикини болон "Байгаль" брендийн гоёл чимэглэлтэй зураг авалтыг гүйцэтгэлээ. Тэднийг чиглүүлж шүүгч, загвар өмсөгч Э.Энхболд зураг авалтын ментороор ажилласан бол гэрэл зургийг Б.Болдбаатар авчээ.
Долоо дахь дугаарын шилдэг гэрэл зургийн эзнээр Дансаранова Алина шалгарч, харин Жерри буюу Б.Цэцэгмаа шоуг орхин нутаг буцах боллоо.


Шилдгийн төлөөх дараагийн өрсөлдөөн Өвөр Монголд үргэлжилнэ.
Оролцогчдын сорилын гэрэл зургууд










Оролцогчдын үндсэн зураг авалтын гэрэл зургууд









