Сиднейд дэлхийн хамгийн том салютын үзүүлбэр болно

Австралийн Сидней хотын захиргааны мэдэгдсэнээр, шинэ оны шөнө он солигдох мөчид 8.5 тонн салют ашиглаж, 100 гаруй мянган онцгой үзүүлбэр үзүүлэх гэнэ. Сонгодог дуу хөгжим, энимейшн дүрслэлийг хавсарч, урьд байгаагүй өргөн хүрээтэй шинэ оны сүрлэг ёслол хийх ажээ. Сидней бол дэлхийд хамгийн анх шинэ оныг угтдаг нийслэл хот, иймээс жил бүрийн шинэ оны салютын үзүүлбэр дэлхий дахины анхаарлыг татдаг юм. Энэ жилийн шинэ оны ёслолын арга хэмжээ “Сиднейн хэмнэл” сэдвийн дор зохиогдох бөгөөд 1.5 сая хүн Сиднейд очиж уг үзүүлбэрийг бодитоор үзэх төлөвтэй байгаа гэнэ. Тус арга хэмжээг телевизээр үзэх дэлхийн олон орны үзэгчдийн тоо 1 тэрбум гаруйд хүрч, арга хэмжээ Австралид 100 сая гаруй австрали долларын орлого оруулах юм байна.

Шинэ оны салютын үзүүлбэрийг олон удаа хариуцсан ерөнхий найруулагч Фортунато Фотигийн танилцуулснаар, энэ оны салют буудах үзүүлбэрийн салют нийт 8.5 тонн буюу 2017 оныхтой харьцуулбал 500 кг-аар илүү байх юм. Цилиндр бөмбөг 35 мянган ширхэг, дугуй хэлбэртэй салютын бөмбөг 13 мянган ширхэг байгаа нь урьд өмнөхөөс илүү их хэмжээтэй, ялангуяа салютын онцгой үзүүлбэр 100 гаруй мянгад хүрэх ажээ. “Бид дэлхийд хамгийн том салютын үзүүлбэр хийнэ. Энэ оны үзүүлбэр урлагийн хувьд ч гайхамшигтай болно. Та бүхнийг салютын үзүүлбэртэй танилцахыг урьж байна” хэмээн Сидней хотын захиргаа уриалж байгаа гэнэ.

Байгаль орчныг хамгаалахын тулд, шинэ оны ёслолын бүх салютыг байгальд задрах цаас, холимог материалаар бүтээжээ. Мөн Сидней хотын захиргаа технологийн хувьд шинэчлэлт хийж, эрчим хүчинд хэмнэлтэй LED гэрэл, хүчдэл бага зарцуулдаг гэрэлтүүлэг зэрэг олон хэрэгслийг хавсруулан ашиглах юм байна. Шинэ оны арга хэмжээнд салютаас гадна нислэгийн өвөрмөц үзүүлбэр, энимэйшн зэрэг олон хөтөлбөр бий аж. Ялангуяа Австралийн орон нутгийн дуу хөгжмийн алдарт “Мөсөн хаус” хамтлагийн сонгодог уран бүтээл “Агуу их өмнөдийн эх газар” дуунд үндэслэн бүтээсэн мөн адил нэртэй богино хэмжээний энимэйшн бүтээл, уугуул оршин суугчдын соёлыг хүндэтгэсэн “Уугуулчуудын уухай” богино хэмжээний энимэйшн бүтээлийг хөгжимтэй хавсаргасан хэлбэрээр Сидней боомтын гүүрэн дээр тусган харуулж, Австралийн байгалийн өвөрмөц гоо үзэсэгэлэнг танилцуулах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)