Мэдээ мэдээллийн еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг км-т” цуврал сурвалжлагаа уншигч танд хүргэж байгаа билээ.
Энэ удаад бид нэг км зам дахь шатахуун түгээх станцуудын талаар сурвалжлага бэлтгэлээ.
Баянзүрх дүүргийн Чулуун овоо, "Х Apartment" орчмын нэг км замд 8 ШТС байрлах аж. Ингэснээр иргэдэд чанар болон үнийн хувьд сонголт хийх боломжийг олгож байгаа. Гэхдээ иргэд ШТС-ууд ийнхүү нэг дор олноороо байрлах нь аюулгүй байдал, орчны бохирдол талаасаа ихээхэн эрсдэл дагуулдаг талаар шүүмжилдэг.
ШТС-уудын байршил болон стандарт, нормын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Т.Мөнхболдоос тодруулахад "Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтдээ 220 ШТС үйл ажиллагаа явуулж байна. 2014 онд батлагдсан норм, дүрмээр ШТС-уудын зай хэмжээг зааж өгсөн. Хүмүүсийн хамгийн их асууж сонирхдог, мэдэж байх зай хэмжээ бол гэр хороолол буюу хатуу түлшээр галладаг байрнаас ямар хэмжээтэй байх вэ гэдэг асуулт байдаг. ШТС-ын технологийн байгууламж хатуу түлшээр галладаг байрнаас 50 метрийн зайтай байх ёстой. Хуучин 1998 онд баталсан нормоор 100 метр байсныг ийнхүү шинэчилсэн. Шалтгаан нь хот суурин газарт ил сав тавин шатахуун нийтэд худалдаалахыг хориглон ил савтай байсан ШТС-уудын агуулах, савыг 2010-2013 онд далд болгосон. Одоо нийслэлд ил савтай ШТС байхгүй. Бүх ШТС шатахуун агуулдаг далд савтай болсноор гал гарах, шатахуун уурших гээд олон эрсдэл багассан. Магадгүй 4-5 жилийн өмнө түгээгч шатахуун андуурч савласан тохиолдол гардаг байсан бол сүүлийн жилүүдэд ийм зөрчил бүртгэгдээгүй. Учир нь ШТС-ууд түгээгчээ сургалтад хамруулан мэргэшүүлдэг болсон гээд олон ололтыг дурдаж болно" гэлээ.
Харин галын аюул, байгалийн гамшиг, газар хөдлөлтийн үед үүсэж болзошгүй эрсдэлийн талаар "ШТС-д гал гарсан тохиолдолд хамрах хүрээний тооцоолол бол өндөр. Нэг ШТС дээр 25 м3 хэмжээтэй 2-4 ширхэг савтай ч технологийн шийдлээр аюулгүй байдлаа бүрэн хангасан" гэв.
ШТС-д гал гарсан тохиолдолд үүсэх нөхцөл байдлыг тухайн үеийн цаг агаар буюу халуун болон сэрүүний улирал, гадаах хэм, салхины хурд зэргээр нарийн тооцож гаргадаг байна.
Өөр эрсдэлт хүчин зүйл гэвэл шатахуунаас ялгарч байгаа уур ямар нэгэн газар очиж хуримтлагдах боломжтой тул сарниулах үүднээс хашаа барих, битүү орчинд байгуулахыг хориглодог аж. Хашаа барьсан тохиолдолд тэрхүү уур буланд нь очиж хуримтлагдан дэлбэрэлт үүсэх магадлалтай. Түүнээс биш ШТС зүгээр байж байгаад шууд дэлбэрэх үндэслэл байхгүй гэлээ. ШТС-д гал гарсан тохиолдолд эхлээд шатаж, дараа нь халалт үүссэний үндсэн дээр дэлбэрэх боломжтой. Түүнчлэн шатахуун асгарсан тохиолдолд эрсдэл нь шатах аюултай болохоос дэлбэрэх аюул харьцангуй бага юм байна.
Улаанбаатар хотын тухайд бүх ШТС-уудын шатахуун агуулах сав газар дор байрладаг учраас эрсдэл бага гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.