ЕБС-иуд агаарын чанарын мэдээг шууд хүлээн авах боломжтой болжээ

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар Япон Улсын “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд агаарын чанарын мэдээ, мэдээллийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, сурагчдад өдөр бүр хүргэх боломжтой болжээ. Хотын агаарын чанарын хэмжилтийн мэдээллийг уншиж бохирдлын хэмжээ ямар төвшинд байгаа, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах чадварыг эзэмшүүлэх зорилгоор агаарын чанарын мэдээ, мэдээллийг дамжуулах дэлгэцийг нийслэлийн 35 ерөнхий боловсролын сургуульд  суурилуулсан юм байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/387 дугаар тушаалаар “Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журам” шинэчлэгдэн баталсантай холбогдуулан уг ажлыг хийжээ. Дээрх журмаар нийслэлийн агаарын бохирдол ямар төвшинд байгааг агаарын чанарын индексээр 6 ангилан, ангилал тус бүрт харгалзах индексийн тоон үзүүлэлт, өнгөт тэмдэглэгээ, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)