Бичил уурхайчдыг зохицуулах 151 дүгээр журам яагаад хэрэгжихгүй байна вэ?

Бичил уурхайчин гэх нэр хэдийнэ танил болжээ. Ардчиллаас хойших эхний 10 жилийн төгсгөлөөр болсон зуднаар малчид зуд турханд ихэнх малаа алдаж, зарим нь бүр хотоо харлуулж байсан гашуун түүх, сургамж бий. Энэ үеэс ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн мянга мянган хүмүүс гар аргаар алт олборлож гэр бүлээ тэжээж байсан. Тухайн үед тэднийг “нинжа” нар хэмээдэг байв. Тэд уул уурхайн компаниудын эзэмшлийн талбайгаас зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож, хөөгдөж туугдаж байсан. Одоо нөхөрлөл болж, нэгдээд хүнээс айх зүйлгүйгээр хөдөлмөрлөж эхэлсэн жишээ олон. Үндсэндээ өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд “нинжа” нар зохион байгуулалтад орж, бүр нөхөрлөл, хоршоо хүртэл байгуулж албажжээ.

Улсын хэмжээнд 6000 гаруй бичил уурхайчин байдаг гэх тоо бий. Үүнээс Баянхонгор аймагт 11 ТББ, 88 нөхөрлөлийн 900 орчим бичил уурхайчин байгааг холбогдох албаныхан хэлсэн. Бичил уурхайчид байгаль орчноо нөхөн сэргээх, хэвэнд нь оруулахын тулд тодорхой хэмжээнд ч ажиллаж эхэлсэн жишээг Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут суманд үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, хоршоодоос харж байлаа.

Бүртгэгдсэн нөхөрлөл гэдэг хуулийн этгээд гэсэн үг. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд орон нутагт жижиг компаниуд нөхөрлөл болж байна. Эсвэл мөнгөтэй хүмүүс компани байгуулаад бичил уурхайгаар дамжуулаад олборлолт явуулж байгаа хууль бус үйлдэл нэлээд гарч эхэлсэн

Бичил уурхайчдын асуудлыг Засгийн газрын 151 дүгээр журмаар шийддэг болоод буй. Тодруулбал, бичил уурхайгаар дамжуулж ашигт малтмал олборлоход мөрдөх эл журмыг 2017 оны тавдугаар 24-нд баталжээ. Журмыг хэрэгжүүлэхэд нэлээд хүндрэл бэрхшээл гарч байгаа аж. Энэ талаар “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Баярмаа “Өмнө нь тухайн сум өөрөө бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээт газраа авдаг байсан. Шинэ журмаар газраа аймаг, нийслэл өөрсдөө аваад Ашигт малтмал, газрын тосны газар руу явуулахад тэд судлаад дүгнэлт хийж, түүн дээр нь үндэслэж сумын Засаг дарга гэрээ хийдэг болсон. Эндээс үүдээд  зөрчигдөж байгаа хоёр асуудал байна. Нэг дэх нь журмын 3.1.4-т заасан техник ашиглах эрх зөвхөн бүртгэгдсэн нөхөрлөл дээр үүссэн. Бүртгэгдсэн нөхөрлөл гэдэг хуулийн этгээд гэсэн үг. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд орон нутагт жижиг компаниуд нөхөрлөл болж байна. Эсвэл мөнгөтэй хүмүүс компани байгуулаад бичил уурхайгаар дамжуулаад олборлолт явуулж байгаа хууль бус үйлдэл нэлээд гарч эхэлсэн” гэлээ.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэрэгжиж буй дээрх журам ийн хийдэл үүсгэж байгаа учир холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж, өөрчлөлт оруулахаар дэд ажлын хэсэг байгуулсан байна. Дэд ажлын хэсэг өнөөдрийн хэрэгжиж байгаа журамд өөрчлөлт оруулахад ахиц дэвшил бага байгаа аж. Тухайлбал, уул уурхайн ашиглалтын талбайд том техник оруулж компани шиг ажиллаж буйг, орон нутгийн Засаг дарга нар байгуулсан гэрээнийхээ хэрэгжилтэд хяналт тавьж чадахгүй байгааг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй аж. Үүн дээр нэмээд олборлолт явуулаагүй шинэ газруудад бичил уурхай нэрийн дор үйл ажиллагаа явуулах байдал орон нутагт гарчээ.

Д.Баярмаа энэ талаар “Уг нь энэ журам муу биш харин ч сайн. Гэхдээ энэ журамтай уялдуулаад харахад, зөвхөн гурвалсан гэрээгээр бичил уурхайчид орох эрхийг үүсгээд бусад бүх эрхийг хаасан зүйл заалтууд бий. Лицензтэй компаниудын хаягдсан талбайд бичил уурхайчид зөвшилцөж чадвал гурвалсан гэрээгээр орж ажилладаг. Гэтэл компани ашгийн байгууллага. Тэд бичил уурхайчдыг оруулах тохиолдол маш бага. Олон удаагийн уулзалт, хурал цуглаан хийж байж маш бага хэмжээгээр оролцдог. Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 38 нөхөрлөл нэгдэж, “Спэйшл майнз” компанийн ашигласан талбайд хайгуул олборлолт хийж байгаа. Хоёролсон гэрээ гэхээр бичил уурхай эрхлэх дүгнэлт гарсан талбайд Засаг дарга бичил уурхайчид гэрээ хийгээд орно. Энэ гэрээ байхгүй болчихвол цаашид ямар эрсдэл үүсэх вэ. Эргээд нөгөө бичил уурхай гэж байсан хүмүүс ногоон түмпэнгээ бариад байгаль руугаа дайрахыг үгүйсгэх аргагүй. Орон нутгийн дан ялангуяа сумдын удирдлага хариуцлага тооцож чадахгүй байгаа учраас энэ журам хэрэгжиж чадахгүй байна” гэсэн юм.

Жишээ нь, Баянхонгор аймаг 20 сумтайгаас Бөмбөгөр, Шинэ-Жинст, Баян-Овоо, Жаргалант, Галуут суманд бичил уурхайчид ашигт малтмал олборлодог аж. Тус аймагт 701 га газар уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрсэн байна. Үүний 300 га талбайг нөхөн сэргээгээд байгаагаас Галуут суманд 20 гаруй га газрыг бичил уурхайчид нөхөн сэргээжээ. Бичил уурхайчид олборлосон талбайгаа нөхөн сэргээх байдлаар сум, орон нутгийн удирдлагатай гурвалсан гэрээ хийх ч тохиолдол байдаг аж. Гэтэл бичил уурхайчдыг зохицуулах эл журам хийдэлтэй байгаа нь зарим талаараа уул уурхайн компаниудад “олз” болж буй юм. Тиймээс даруй 151 дүгээр журамд өөрчлөлт оруулахгүй бол бидний яриад байдаг “нинжа” нар олноор бий болох эрсдэл ч бий. Сум бүрт бичил уурхайчид байгаа. Үүнээс үүдэж орон нутагт эмх замбараагүй байдал үүсэх нь наад захын асуудал гэдгийг энд бас дурдах ёстой болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)