Цэнхэр, ягаан тасалбараар монголчууд өмч хувьчлалтай анх танилцаж байснаас хойш 30- гаруй жил өнгөрчээ. Төрийн өмчийг тэгшитгэн хуваарилах замаар эхэлж байсан хувьчлал 2016 оноос л сонгодог утгаараа хэрэгжиж эхэлжээ. Өмнө нь эрхийн бичиг, дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт хэлбэрээр явж ирсэн өмч хувьчлал одоо л хөрөнгийн зах зээл дээр гарч, хүрээгээ тэлж байна. Гэвч...
Хувьчлал ба хардалт
Улсын төсвийн орлого тасалдах, хөрөнгө оруулалт нэмэх хэрэгцээ гарах бүрт төр өмч рүүгээ хардаг. Хувьчлалаас хөрөнгө босгоё, алдагдалтай компаниудаасаа салъя гэх энэ зарчмыг буруутгах аргагүй. Гэхдээ хувьчлал нь хэсэг хүн, бүр нарийн яривал төрийн өмчийг үнэгүйдүүлж авах гэсэн цөөн хүний өгөөш болох вий гэсэн болгоомжлол байдаг. Тиймээс ч төрийн өмчийг хувьчлах шинэ жишиг нэвтрүүлж байгаа нь Хөрөнгийн зах зээл.
Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай

Хөрөнгийн зах зээлээ дэмжээд төрийн өмчийг хувьчлах нь зөв байж болох ч юуг, яаж хувьчлах нь өөрөө асуудалтай юм. Хамгийн наад зах нь монголчуудын энэ талын нийтлэг мэдлэг хэр байгаа билээ. Үнэндээ хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, ойлголт тийм ч хангалттай түвшинд биш байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаагаа фейсбүүкээр зарах гэсэн оролдлогуудаас ч үүнийг харж болно.
Гэтэл улсын онцгой объект, стратегийн ач холбогдолтой салбараа лангуун дээр ил тавих нь аюултай гэж харах хэсэг бий. Мөн хөрөнгийн зах зээл зөвхөн томоохон тоглогчдод боломж олгодог гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөдөг. Энэ шүүмжлэл өнгөрсөн хавар газар аваад намжсан юм. Тодруулбал, тавдугаар сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн. Ингэхдээ төрийн өмчит, өмчийн оролцоотой 18 байгууллагыг бүрэн, 19-ийнх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөсөн. Үүнд эрчим хүч, авто зам, уул уурхай, банк, санхүү, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд багтаж байгаа юм. Дурдвал, Төрийн банк, Монголын Хөрөнгийн бирж, МИАТ, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл, холбооны сүлжээ зэрэг компанийг хувьчлахаар төлөвлөсөн байна. Үүн дээр нэмээд авто замын зам засварын компаниудыг нэрлэж болно.

Хувьчлах үндсэн шалтгаан нь төр муу менежер гэсэн үгтэй холбоотой. Ашиггүй, алдагдалтай ажилладаг нь төрийн өмчит хувьцаат компаниудыг хувьчлах үндсэн шалтгаан юм. Тэр зарчмын дагуу зам засварын компаниудын төхөөрөмж муудсан нь хувьчлах гол шалтгаан гэдгийг тухайн үед тайлбарлаж байв.
Тухайн үедээ олны анхааралд өртөөд байсан төрийн өмчит хувьцаат компаниудыг хувьчлах, ингэхдээ Хөрөнгийн биржээр дамжуулах асуудал сураг алдраад байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас дээрх газруудыг хувьчлах санал хүргүүлсэн хэдий ч цаашид хэрхэх тухайд нь хариулт өгч чадахгүй байгаа. Тиймээс энэхүү асуудал өнгөрсөн хаврын трэнд сэдвүүдийн нэгээр үлдэж мартагдахыг ч үгүйсгэхгүй юм. Одоогоор төрийн өмчит гэх статустай компани 100 гаруй байгаагаас үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу Сангийн яам, “Эрдэнэс Монгол” болон Засгийн газрын агентлагуудад харьяалагддаг байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осор

Хэмнэлт ба ашиг
Төрийнх болохоороо л олны хардлага, сэрдлэгэд өртөж, мөнгө иддэг, авлига авдаг гэх мэт хэл ам дагадаг тус компаниуд хэрхэн ажилласныг тодорхой тоонуудад үндэслэн өгүүлье. Хоёр жилийн өмнө 15.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан тус компаниудын үйл ажиллагаа 2017 онд эерэг үр дүн авч ирж, 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ оны эхний найман сарын байдлаар гэхэд төрийн өмчит компаниуд 37.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тооцоолбол, энэ нь хоёр жилийн үзүүлэлтээсээ ашигт ажиллагаа нь 3-6 дахин өссөн дүн болж байна. Тиймээс ч хувьчлах нь өөрөө буруу гэх яриа ч 2019 оны улсын төсвийг хэлэлцэх үед яригдаж байсан. Гэвч төрийн өмчит компаниуд өртэй, өр нь өөрөө улсын төсөвт дарамт учруулж байж болох юм.
Энэ талын статистикийг харахад, төрийн өмчит 100 гаруй компани 3.5 их наяд төгрөгийн өртэй аж. Үүнээс богино хугацаат өр төлбөр 1.4 их наяд, урт хугацаат өр төлбөр 2.1 их наяд төгрөг байна.
Хувийн ч бай, төрийн ч бай аливаа бизнест улсын эдийн засагт хэрхэн нөлөөлдгийн баталгаа дээрх жишээ юм. Түүнчлэн төрийн өмчит компаниудын зардлыг тодорхой бууруулснаар ийнхүү улсад орох орлого нэмэгдэж байгааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас онцлоод байгаа. Тухайн компаниудын удирдлагын зардлыг гурван тэрбум төгрөг, барилгын засвар, эд хогшил зэргийн зардлыг өнгөрсөн онд 8.8, машин худалдаж авах зардлыг 3.3 тэрбум төгрөгөөр бууруулсан ажээ.
Манай улсын өмч хувьчлалын өмнөх түүх нэлээд бараан. Тиймээс энэ асуудалд хандах олон нийтийн сэтгэгдэл таагүй. Тухайлбал, НИК-тэй холбогдуулж, стратегийн чухал салбараа хувьчилснаас үүдэж өнөөдөр Засгийн газар шатахууны үнэд нөлөөлж чадахгүй байгаа гэдэг. Тэгвэл нөгөө талд тус салбарыг хувьчилсан нь шатахуун түгээх станцуудын тоо нэмэгдэж, үйлчилгээ сайжирсан зэрэг сайныг тоочих нь ч бас бий. Үүний адил жишээнд банкны салбарыг ч мөн дурддаг. Нэг талдаа төр өмчит компаниудаа хувьчлах нь төрийн эдийн засаг дахь оролцоог бууруулах сөрөг талтай. Нөгөө талдаа аливаа салбарууд төрийн оролцоогүй, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулбал аль аль талдаа ашигтай байх юм. Тэгэхээр өмнөх гашуун түүхийг бодсон ч өмч хувьчлалд шинэ арга хэлбэр, бодлого хэрэгтэй.