Ирэх оны эхний өдрөөс иргэдийн авах хэрэглээний зээлийн хэмжээнд өр орлогын дээд хязгаар тогтоохын сацуу, зээлийн дээд хугацаа 30 сар болон өөрчлөгдөж байгаа. Ингэснээр өрхийн өрийн дарамт цаашид нэмэгдэхгүй харин эсрэгээрээ ажлын байрыг нэмэгдүүлэх бизнесийн зээлийн нийлүүлэлт өснө гэж харж байгаа юм.
Арилжааны банкуудын зээлийн үлдэгдэл 16,3 их наяд төгрөгийн 49 хувийг хэрэглээний зээл эзэлж байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлаас эхлэн хэрэглээний зээл 40 хувиар өссөн байхад бизнесийн зээл дорвитой өсөөгүй байна.
Нийт зээлд эзлэх хувь /төрлөөр/
ХЭРЭГЛЭЭ– 49%
БИЗНЕС – 50%
БУСАД – 1%
Иргэн М дээр жишээ аван тайлбарлая. Тэрээр сардаа 800 мянган төгрөгийн орлоготой. Иргэний татварын дараах орлого 640 мянган төгрөг, гэвч энэ хүн 15 сая төгрөгийн зээлийг 41 сард авч, сарын орлогынхоо 81 хувийг зээлдээ төлж байна. Гар дээрээ 100 гаруйхан мянган төгрөгтэй үлдэх энэ тохиолдолд энэ хүн өрийн дарамтад орж байгаагаас ажилладаг уул уурхайн компани нь үйл ажиллагаагаа хумьж ажилгүй болбол зээлээ төлөх чадваргүй болно.
Монголбанкны олон нийтийн боловсролын мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Н.Батжин "Иргэд цалингаа барьцаалан зээл аваад амьдралд нь аливаа хүндрэл учрахад зээлээ төлөхгүй байх эрсдэл үүсэж болно. Энэ нь хуримтлагдвал чанаргүй зээлийн түвшин үүснэ. Чанаргүй зээлийн түвшин өсвөл банкны салбарт эрсдэл хуримтлуулах учраас энэхүү арга хэмжээ нь эргээд бүх эрсдэлээс урьдчилан сэргийлээд цаашид бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ" гэв.
Үүнтэй уялдуулаад иргэдийн дунд үүсээд байгаа ирэх оноос зээл олгохгүй мэт, он гарахаас өмнө нь амжиж хэрэглээний зээл аваарай гэсэн сурталчилгаанд арилжааны банкны төлөөлөл дараах тайлбарыг өгч байна.
Голомт банкны бизнес хөгжлийн газрын иргэдийн бизнесийн хэлтсийн захирал Т.Дэнсмаа "Өмнө нь тавьж байсан шалгуурууд хэвээрээ үйлчилнэ. Гэхдээ таны авдаг байсан зээлийн хугацаа буюу жишээ нь та цалингийн зээл 5 жилээр авдаг байсан бол 30 сар болон буугаад эхэлж байгаа гэсэн үг. Үүнийг дагаад авч байсан зээлийн дээд хэмжээ тодорхой хэмжээгээр буурна. Энэ бүх хүмүүст үйлчлэхгүй. Тодорхой хэсэгт буюу өмнө нь урт хугацаанд зээл авдаг байсан иргэдийн зээлийн хугацаа богино болж байгаа" гэлээ.
Эсрэгээрээ арилжааны банкууд иргэдэд олгодог байсан зээлээ бизнесийн зээл рүү шилжүүлэх боломжтой. Ингэсэн тохиолдолд ажил олгогчдын үйл ажиллагаа, үйлдвэрлэл сэргэж тэнд ажиллаж байгаа хүмүүсийн орлого нэмэгдэн, иргэд зээлийн эх үүсвэрээс бус цалингийн эх үүсвэрээр амьдрах эерэг тал харагдаж байгаа гэдгийг төв банкны зүгээс хэлж байгаа юм. Гэвч арилжааны банкууд одоогоор энэ тал дээр байр суурь илэрхийлэх боломжгүй гэлээ.