НҮБ-ын Ерөнхий ассамблейн санаачилгаар1981 оноос хойш жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Монгол Улс энэ өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах, нийгмийн тэгш оролцоог хангахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийж ирсэн.
Энэ удаагийн томоохон ажлын нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган бөгөөд өнөөдөр Төрийн ордны их танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 550 гаруй төлөөлөгч хот, хөдөөгөөс хуран чуулж байна. Үндэсний чуулганыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад төр, төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулж буй бөгөөд чуулганы төлөөлөгчдөд хандан Монгол Улсын Ерөнхийлөгчийг илгээлтийг сонсгон УИХ-ын гишүүн Д.Ганболд, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Төсөл хөтөлбөрийн албаны дарга Раушан Маматкулов, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав нар нээлтийн үгийг хэлж чуулганд амжилт хүслээ.
Чуулганы үндсэн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний хорооны дарга С.Чинзориг тавилаа. Тэрбээр “Хөгжлийн төлөөх түншлэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа” илтгэлдээ “Өнөөдрийн Үндэсний чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад төр, төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь” гэсэн сэдвийг хэлэлцэхээр сонгосон нь тохиолдлын зүйл биш ээ. Манай улс дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтуудад үндэслэн, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Тогтортой хөгжлийн үзэл баримтлалын гол зарчим нь хөгжлийн гадна хэн ч үлдэх ёсгүй учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс хүртэх адил, тэгш боломж олгохын тулд бид юуг яаж хийх вэ гэдгээ хэлэлцэн зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн юм” хэмээн үндэсний чуулганы зорилгыг тодорхойлсон. Анх 1995 онд Улсын Их Хурлаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгмийнхарилцаандтэгш оролцуулах, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэн нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг баталсан нь тэдэнд нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чухал алхам болсон билээ. Энэ хууль батлагдсанаас хойш боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөрийн салбарын цөөнгүй хууль тогтоомжид нааштай өөрчлөлтүүд орсон ч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг баталгаажуулах цогц зохицуулалт болж чадаагүй байсан. Харин 2009 онд Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг соёрхон баталснаар хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг сайд илтгэлдээ онцлоодУИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адилтэгш эрхтэй оролцох боломжийг хангах хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлд тодорхой ахиц гарсныг тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, хөгжлийнбэрхшээлтэй иргэдийнболовсрол, эрүүлмэнд, хөдөлмөрэрхлэлт, нийгмийн сэтгэл зүйн хэрэгцээт үйлчилгээг авах, бусдын нэгэн адил нийгмийн харилцаанд оролцох, нийгэмших, тэгш эрхээр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрч, дэмжиж ажиллах үүргээ хуульчилж баталгаажуулсан гэсэн үг юм байна.
Үндэсний статистикийн хорооны энэ оны жилийн эхээр гаргасан судалгаагаар манай улсад 103,6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3,3 хувийг эзэлж буй юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой, салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал бөгөөд төрийн бодлого, үйл ажиллагааны зарчим нь тэднийг улс төрийн, эдийн засгийн, нийгэм, соёлын бүхий л харилцаанд ямар нэг алагчлалгүйгээр оролцуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэх ёстой. Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд оролцох үндсэн эрх, эрхчөлөөг бусадтай адил тэгшэдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг үе үеийн Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн билээ.
Тухайлбал 2015 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний чуулган зохион байгуулж байсан бөгөөд тус чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдын адил нийгэмд оролцуулахын тулд бодлогын баримт бичгүүдийг эргэн харж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дээдэлсэн хуультай болох ёстой гэсэн асуудлыг хэлэлцэж байсан.
Энэ удаагийн үндэсний чуулганаарЗасгийн газраасурт, дунд, богино хугацааны төлөвлөлт хийхдээ төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хангаж, чухам ямар ажлыг нь төрийн бус байгууллагаар хийлгэхээ оновчтой тодорхойлох талаар ярилцаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төр, төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар хэлэлцэн зөвлөмж, уриалга гаргав.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал болох боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, хүртээмж гэсэн сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулав.