Өвлийн дуун

“Амьсгаа хүрэхээр

хиртдэг...цас”

Б.Явуухулан

Цас орсны маргааш сэрээд гарвал үүлэн дээр хоносон мэт. Хэнийд ч хоносон тэр мэт. Хэмжээ хязгааргүй цагаан тал хэнийд ч очсон дуусахгүй мэт. Хэмжээ гэж юусан, юугаа баримжаалах гэж хэмжээсийг би хайсан юм бол? Хэнийх гэж ч юусан билээ, хэнийг таньдаг болоод өөр хэнийг төсөөлөн хайнам билээ? Ийнхүү бодох үнэхээр алжаамаар. Бодол, бодлыг нэвсийтэл дарсан их эргэлзээг төсөөлвөөс, хөндийг хучсэн цасан мэт ээ.

   Тэнгэрийн хээлэнд суусан үүлсийг таниваас хурмастыг дарсан цасан ажгуу. Газарт тулсан үүлс байх нь ээ, энэ цас чинь. Аль нь дээр, аль нь доор байна аа, ертөнц эх захаа алдана. Гэнэтхэн үүл рүү уначихмаар болоод шүүрэх юм хайтал ашгүй нэгэн цас таарлаа. Атгасан цастайгаа тэнгэрийн гүн рүү унаж явнам. 

Ниснэ гэмээнэ тэнгэрийн гүн рүү унанам бөлгөө

Нэг л мэдэхэд газраас аргамжсан оосор алдуурч

Нэг л мэдэхэд гар, хөл цөм даль жигүүр болоод

Ниснэ гэмээнэ тэнгэрийн гүн рүү унанам бөлгөө

Чиний дээрээс цас бударна. Хэзээ эхэлсэн ба хэзээ дууссныг хэн ч үл мэднэ. Хэзээ нь мэдэгдэхгүй мянган учрал солигдовч, хэний юу өөрчлөгдөн хувирсныг юугаар нотолном билээ? Мянган жил, мянган жил цасан будравч жишимгүй царайлсан уруулын чинь далд бардамналыг үл хувиргана. Үзэсгэлэнт ялдам уруул дээр хайлсан цасыг үхсэн гэх үү, үлэмж сайханд шингэн уусаад түүнтэй нэгдсэн гэх үү?

Хайр идэгч үзэсгэлэнт түүний зүрх ану

Ханахыг үл мэдэн махсаад ижлээ гөрөөлөх мэт

Харцаараа унагааж сэрэл оюуныг булаан эзэмдэхнь

Хавьтснаа залгигч араатан өлөвхийн шүүрэх мэт

Өвөл бол ариусал, өвөл бол түр сатаарал ,сав ертөнцийн амсхийлт. Цаг хугацаа хүртэл царцаад, цасанд дарагдан түр амсхийнэ. Хавар төлжсөн бүхэн, зун дэлгэрсэн бүхэн, намар боловсорсон бүхэн түр саатан мэлмэрээд, юу болоод өнгөрснийг ухаарч ядан эргэцүүлнэ. Төлжих ч үгүй, дэлгэрэх ч үгүй, боловсрох ч үгүй, гандах ч үгүй. Энэ бол өвөл. Урган төлжинө гэж юусан, унахын тулд юмсан уу. Унана гэж юусан ургахын төлөөнөө бус уу? Эцсийн эцэст юу болоод өнгөрснийг гайхан ухаарч царцан, өвөлжихийн тулд ч юмсан уу?

Юу ч бодолгүй өвлийг мэдэр

Юу ч бололгүй өвөлтэй амьдар

Юугаар ч хувиргалгүй өвлийг хадгал

Юутай ч хуваалцалгүй өвлийг эзэмд

Мөс бол хөлдсөн цаг юм

Мөр гардаггүй нь тийм учиртай

Мөрөөдөл доор нь гэсгэлүүн байгаа

Мөшгиж харвал хөдөлж мэдэгдэнэ

Цас бол царцсан цаг юм

Цагаан байдаг нь тийм учиртай

Цаг царцахаар бараан болгон

Цаана нь нуугдаад харагдахгүй байгаа

Өвөл бол ертөнцийн амсхийлт

Өөр юу ч биш, түр азналт

Өөдлөх уруудах бүгд зогсоод

Өөрийн ээлжийг хүлээж байгаа.

Өвлийг мэдэр, битгий эргэцүүл

Өвлийг эдэл, битгий ухаар

Өвөлд умба, битгий тань

Өвөл ичимхий, гэрэвшээд явчихна.

Цас орсны маргааш өглөө. Үүл буусан хээр тал руу хонио бэлчээгээд араас нь гарлаа. Цагаан хоньдын мөр ч цагаанаараа чийр татна. Цагаан салхи хацар нүүрийг оролдон сээтэгнэж, цан хүүрэг нь уруул амтай янаглана.Шилбүүрийнхээ үзүүрээр цасан дээр цагаан үг бичээд унших зуур...хөлийн дор газар дэлхий үл ялиг гүрвэлзэн хөдлөх ньхөлийн улнаа эмзэг бөгөөд ялдам мэдрэгдэвэй.Яг л хээлтэй амьтны хэвэл мэт түхэлзэн амьдралыг бахдан дуулж эхэллээ...Энэ бол миний хүлээлт, энэ бол өвлийн дуун...

2018 оны 11-р сарын 28.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гайхалтай.

    0 0 Хариу бичих