Мэдээ мэдээллийн еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг км-т” цуврал сурвалжлагаа уншигч танд хүргэж байна.
Бид энэ удаад нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороолол буюу бидний хэлж заншсанаар 1000 нэрийн барааны дэлгүүрээс Сөөхий гутлын дэлгүүр хүртэлх нэг км замд гар дээрээс худалдаа эрхлэгчдийг сурвалжиллаа.

Наймаа эрхлэгчид дэлгүүрийн үүд болон авто машины ачааны хэсэг, тусгайлан зассан асруудад бараа бүтээгдэхүүнээ борлуулж байв. Өвлийн улирал тул зузаан оймс, өмд, цамц, өвлийн гутал, малгай, бээлий, ороолт, шинэ жилийн гацуур мод, гоёл чимэглэл алаглуулан өржээ.
Энэ хэсэгт гар дээрээс худалдаа эрхэлдэг 105 хүн байдаг аж. Улирлын чанартай энэ тоо зундаа өсөн өвөлдөө буурдаг талаар Баянгол дүүргийн мэргэжилтэн ярьсан юм.
Гар дээрээс худалдаа хийж байгаа иргэдтэй уулзаж ярилцлаа.
-Худалдаа эрхлэхэд аль нэг байгууллагад түрээс төлдөг үү?
-Бид түрээс төлдөггүй ээ.
-Энэ хэсэгт барааны томоохон дэлгүүрүүд байрладаг. Тэнд лангуу түрээслэх боломжгүй гэж үү?
-Түрээс өндөр. Хэрвээ лангуу түрээслээд орох мөнгөтэй байсан бол бид 30 хэмийн хүйтэнд гадаа зогсохгүй шүү дээ.
-Лангууны түрээс сарын хэдэн төгрөг байдаг юм бэ?
-Нэг лангуу сарын 500 мянгаас нэг сая 200 мянган төгрөг байдаг. Лангууны түрээс ороогүй болохоор бидний зарж байгаа бараа иргэдэд хамаагүй хямд үнээр хүрдэг.
-Та хаанаас ямар бараа бүтээгдэхүүн авчирч борлуулж байна. Бараа бүтээгдэхүүний эргэлтэд хэдэн төгрөг зарцуулах уу?
-Эрээнээс л бараа авчирч борлуулдаг. Улирлын чанартайгаар бараа бүтээгдэхүүнээ өөрчилнө. Нэг сая төгрөгийн бараа аван урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна. Өдрийн 8 хувийн хүүтэй хувь хүнээс зээл авсан. Нэг сая төгрөгийн зээлдээ өдөрт 80 мянган төгрөгийн хүү төлж байна. Бид гадаа гудамжинд зогсож худалдаа хийдэг болохоор барьцаа хөрөнгө байхгүй гээд банк, санхүүгийн байгууллагаас зээл олдоггүй.Энд байгаа хүмүүс бүгд л бие биенээсээ гуйгаад л хувь хүний зээлтэй дээ.
Сүүлийн үед хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудсан. Жил ирэх тусам гүйлгээ муудаж байна. Өмнө нь 12 хоноод бараагаа татдаг байсан бол одоо сардаа нэг удаа л явж байна.
-Түрээс багатай өөр газар зах дээр ч юм уу борлуулалт хийж болдоггүй гэж үү?
-Зах дээр байнга худалдаа эрхэлдэг хүмүүс байгаа учраас энэ хэдэн юм хаанаас гараад ирэв гээд ад үзнэ. Амьдрал тийм л байгаа. Хэцүү шүү дээ. Дассан газартаа л байна.
-Хэдэн жил гар дээрээс худалдаа эрхэлж байна?
-Би 15 жил энд наймаа хийж байгаа. Анх зогсож байхад биднийг бүгдийг нь бараатай нь фургонд хийгээд ачаад явдаг байсан. Одоо бол арай л гайгүй болсон. Дэлгүүрийнхэн байнга л нааш цааш зогсоорой гээд хэцүү.
-Торгуулж байв уу?
-Зөрчлийн хуулиар 50 мянган төгрөгөөр торгуулж байсан.
-Энэ хэсэгт хэчнээн хүн гар дээрээс худалдаа эрхэлж байна?
-1000 нэрийн барааны дэлгүүрээс Сөөхий хүртэл замд 105 хүн гэр дээрээс худалдаа эрхэлж байгаа. Бид саяхан нэгдээд холбоо байгуулсан. Холбооныхоо шугамаар сардаа нэг хүнээс 10 мянган төгрөг цуглуулаад нэг хүндээ нүүрс, түлээг нь бэлдэж өгсөн. Гэхдээ олон жил худалдаа эрхэлж байгаа хүн тийм ч олон биш. Хүн бүр гудамжинд тэсээд худалдаа эрхлээд зогсохгүй шүү. Миний ард гэхэд л гэр бүлийн маань таван хүн байна.

Гар дээрээс худалдаа эрхлэгчид өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуунд ийнхүү гадаа зогсож хөдөлмөрлөж байна хэмээн учирласан юм.
Харин Баянгол дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Бат-Өлзий "3 дугаар хорооллын тухайн гудамжинд Ахуйн үйлчилгээний төвөөс Өргөө кино театр хүртэл 30 орчим томоохон хүнс, барааны дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр дэлгүүрүүдэд тодорхой хэмжээний лангуу хоосон байгаа. Дүүргээс тэдгээр лангуунд гадаа ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийг хөнгөлөлттэй үнээр оруулж ажиллуулах тал дээр зөндөө ухуулга хийж, шаардлага, мэдэгдэл ч хүргүүлсэн. Наймаачид татвар төлөхгүй явган хүний зам дээр саад учруулан ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлнэ, дэлгүүрийн зогсоол дээр машинаа байрлуулна. Дүүргийн Засаг дарга 2014 оноос нэлээд хэдэн арга хэмжээ авч үйл ажиллагааг зогсоон цэгцэлсэн байдаг. Гэвч ил задгай худалдаа эрхэлдэг иргэд бөөнөөрөө ахиад л гараад зогсдог. Зөрчлийн хуулийн 10.4 дээр зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглоно гэж заасан ч ил задгай гар дээрх худалдааг зохицуулсан журам байхгүй. Бидний гаргасан судалгаагаар 3 дугаар хороололд ил задгай гар дээрээс худалдаа эрхлэгчдийн тоо 100-гаас дээш байгаа" хэмээх тайлбарыг өглөө.
Авто зам, автомашины зогсоол, явган хүний зам дээр ийнхүү хүнс, барааны худалдаа хаяа дэрлэн үргэлжлэх дүр төрх нүдэнд тэгтлээ содон тусахаа болиод уджээ. Гэхдээ тэднийг хэрхэн яаж, цэгцлэх нь одоог хүртэл тодорхой бус хэвээрээ л байна.




















