Шанхайн "MobData" агентлаг нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Ухаалаг утас хэрэглэгчдийн дунд явуулсан уг судалгааны дүнд Хятадын iPhone хэрэглэгчид бусад гар утас хэрэглэгчдээс орлого бага, боловсрол дутуу байсан бол, үндэсний брэнд Huawei брэндийн утас хэрэглэгчид нь эсрэгээрээ дээд боловсролтой, өндөр орлоготой хүмүүс байдгийг тогтоосон байна. Тодруулбал, 25-34 насны чинээлэг давхрагын, магистр, бакалаврын дипломтой, сарын 750-3000 долларын орлоготой эрчүүд голдуу өөрийн улсад үйлдвэрлэсэн Huawei, Xiaomi брэндийн утсыг хэрэглэдэг гэж хариулжээ. Харин тэднээс арай байгаа буюу сард 450-1500 долларын орлоготой нь Oppo, Vivo нэрийн гар утсыг; 18-35 насны ганц бие эмэгтэйчүүд, дунд сургуулиа л дүүргэсэн, сард 450 хүртэлх долларын орлоготой хүмүүс голчлон америкийн алдарт брэнд iPhone брэндийн гар утас хэрэглэдэг гэжээ.
Хятадын эдийн засгийн шинжээчид iPhone брэндийн утас сонгож хэрэглэдэг хүмүүсийг ядуу байдлаа нуухыг хичээн ийм сонголт хийсэн далд ядуус гэж нэрлэх нь бий.
Хятадын гар утасны зах зээлийн 80 хувийг үндэснийх нь брэнд Huawei тэргүүлж араас нь Oppo, Vivo, Xiaomi ордог. Харин дэлхийн хамгийн шилдэг нь хэмээн сурталчилдаг iPhone брэндийн утсыг ердөө 9 хувь нь л эзэлдэг байна. Дэлхийн томоохон зах зээлийн 10 хүрэхгүй хувийн хэрэглэгчдийг л татах болсон үндсэн шалтгаануудын нэг нь тус улсын интернэт, онлайн эдийн засгийн онцлогт тохироогүйтэй ч холбоотой. Харилцаа холбоо, худалдаа зэрэг бүхий л үйлчилгээг нэг дор хийх боломжтой WeChat-г ашиглахад хятад брэндийн утаснаас ганц товч дарахад хангалттай бол iPhone –оос нэвтрэхэд 4-7 үйлдэл хийх болдог гэнэ.