Палантай жорлонд бие засч, паартай байшинд амьдрах нь нийслэлчүүдийн нэн тэргүүний хүсэл гэхэд хилсдэхгүй. Гэвч хүсэл байвч мөнгө хүрэхгүй нь даанч хяслантай. Өнөөдөр орон сууц байршлаасаа шалтгаалаад ам метр нь 1.2-3.6 сая төгрөг байна. Ганц ам метр талбайн үнэлгээ нь зарим хүний сарын цалингаас давсан үнэ юм. Хэдийгээр төрөөс орон сууцжуулах бодлого хэрэгжүүлж ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлсэн ч, урьдчилгаа төлбөр, банкны шаардлага зэргээс шалтгаалан тэр бүр хүмүүс хүслийнхээ дагуу байртай болж чадахгүй байгаа нь бодит үнэн.
Хүсэл байвч чадамж алга
Өнөөдөр нийслэлд 380.8 мянган өрх амьдарч байгаагаас 164.7 мянган өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна гэсэн судалгаа байдаг.
Ингэснээр ойрын таван жилд нийслэлд 217 мянган айлын, орон нутагт 122 мянган айлын инженерийн бүрэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгааг дүгнэлтдээ тусгасан. Гэтэл зах зээлд орон сууцны нийлүүлэлт ч, эрэлт ч байгаа. Харин өмнө өгүүлсэнчлэн орон сууц худалдан авах чадамж л иргэдэд алга. Үүнийг зах зээлээсээ хахсан орон сууцны нийлүүлэлт баталж байна.
Тухайлбал, “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанийн гаргасан судалгаагаар ойрын гурван жилд орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл 5412 байна. Энэ онд л гэхэд 6607 орон сууц илүү байгаа аж. Харин ирэх онд орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл багасч 1119 болохыг тус компанийн судалгаа илэрхийлжээ. Нэгэнт баригдсан энэхүү орон сууцнуудыг борлуулж, царцсан барилгын салбарын хөгжлийг гэсгээх, орон сууцанд орох иргэдийн эрэлтийг гүйцэлдүүлэхийн тулд төрөөс зарим нэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа. Түүний нэг нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөр.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд: Засгийн газрын зүгээс ипотекийн зээлийг дахин сэргээж, үйл ажиллагааг нь идэвхжүүлнэ гэсэн зорилт тавьж байгаа учраас нийслэлд барилга, орон сууцны чиглэлд энэ онд сэргэлт ажиглагдах байх. Хотод төлөвлөгдсөн хэмжээгээр бол Сүхбаатар дүүргийн VII хороонд 1000 айлын орон сууцны барилгыг энэ хавар эхлүүлнэ. Нийслэлийн орон сууцны корпорацийн хүрээнд Яармаг болон Баянхошууны эцэс, Ханын материалын орчимд түрээсийн орон сууцны хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхэлнэ. Ипотекийн зээл болон бусад хөрөнгө оруулалт гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгаа энэ хавар эхлүүлэх боломжтой. Ингэвэл нийслэлийн 24 байршилд дахин төлөвлөлтийн орон сууцнуудыг барих ажил үргэлжилнэ. Бидний бодлого бол иргэдийн орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Улаанбаатар хотод тансаг хэрэглээний буюу 100 м2-аас дээш талбай бүхий орон сууцны хангамж хангагдсан гэж үзэж байна. Иймд 40-60 м2 талбай бүхий хоёр өрөө сууцны хэрэгцээ их байна. Бид барилгын компаниудад захиалга өгөхдөө 70 орчим хувь нь иргэдийн хэрэгцээнд нийцсэн орон сууц байх ёстой. 30 орчим хувь нь 100-гаас дээш м2-тай, дөрвөөс дээш өрөөтэй орон сууц байхаар төлөвлөлтөө хийнэ гэсэн шаардлага тавьж ажиллаж байна.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөр ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж мөн үү
Орон сууц худалдан авах боломжгүй, ипотекийн найман хувийн зээлийн нөхцөл хангахгүй, бага дунд орлоготой өрхийг түрээсийн орон сууцанд оруулах журам гаргасан. Иргэн орон сууцтай болох хүртэл буюу ойролцоогоор 3-5 жилийн хугацаанд түрээсийн орон сууцанд байрлах боломжтой. Иргэдийн боломжид тулгуурлан түрээсийн орон сууцны үнийг тогтоодог бөгөөд нийслэлд нэг байр 200-280 мянган төгрөг. Ам метр нь 6500 төгрөг гэсэн үг. Харин орон нутагт ам метр нь 4500 төгрөг буюу 140-230 мянган төгрөг байхаар тогтсон байдаг. Түрээсийн орон сууцыг иргэдэд өмчлүүлэх асуудлыг сүүлийн үед салбарын сайд нь санаачлан яриад байгаа. Хэрэв энэ асуудал ажил хэрэг болвол иргэн орон сууцаа түрээслэнгээ урьдчилгаа төлбөрөө төлж, өөрийн болгох боломж бүрдэх юм. Энэ нь түрээсийн орон сууцыг иргэд өмчлөх арга гэдгийг албаныхан тайлбарлажээ. Түүнчлэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр үр дүнтэй байвал ипотекийн зээлийн хүү буурах боломжтойг ч онцолсон.
“Төрийн орон сууцны корпораци”-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцыг өмчлөх асуудалд хоёр гарц бий. Нэг нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах. Нөгөө нь урт хугацаат эх үүсвэр олсон нөхцөлд хугацаагаар түрээсээ төлж өөрийн эзэмшилд шилжүүлж болно. Ингэснээр ипотекийн одоогийн найман хувийн зээлийн хүү аажимдаа буурах боломжтой.
Хямд орон сууц ус агаар шиг хэрэгтэй байгааг иргэдийн эрэлт илтгэнэ
Одоогоор түрээсийн орон сууцанд 1500 гаруй өрх хамрагдаад байна. Цаашид иргэдийг нэмж байрлуулах шаардлага байгаа тул нийслэлд 16 мянга, орон нутагт 4000 орон сууц нэмж барих алсын зорилт бий. Нийслэлийн орон сууцны корпорациас хэд хэдэн байршилд түрээсийн орон сууц нэмж барихаар төлөвлөжээ.
Энэ онд Сонгинохайрхан дүүргийн VI хороо Ханын материал орчимд таван га газарт 1006 айлын орон сууц, Баянголын аманд 10 газарт 2000 айлын орон сууц ашиглалтад орох гэнэ. Ханын материал орчимд баригдах орон сууцны төсөл дэд бүтцийн барилга угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай байгаа аж.
Баянголын аманд баригдах орон сууцны төслийн тухайд гэвэл БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох хэлэлцээрийн хүрээнд дэмжигдэхээр болсон юм.
Цаашдаа Морингийн даваанд 29 га, Улиастайн аманд 107 га, Био, Сонгино болон авто худалдааны төв орчмын 11 га-д түрээсийн орон сууц барихаар ТЭЗҮ-ийг боловсруулсан байна. Нийслэлийн орон сууцны корпорацид ирсэн байр түрээслэх хүсэлтэй иргэдийн анкет мянгаар тоологдож байгаа нь зах зээлд хямд орон сууц ус агаар шиг хэрэгтэйг илтгэж байна. Түүнчлэн түрээсийн орон сууцыг иргэдэд өмчүүлэх санаачилга ажил хэрэг болвол орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн эрэлт хийгээд зах зээлд байгаа сул орон сууцуудыг “бөглөх” хамгийн зөв гарц байх болов уу.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: Иргэдийг орон сууцжуулахад эхний ээлжид 20 мянган айлыг түрээсийн хөтөлбөрт хамруулна. Орон сууц болон авах иргэд ч бэлэн. Хамгийн гол нь хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй. 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулахад 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Үүнд гаднаас зээл, тусламж авах, бонд гаргаж хөрөнгө босгох хувилбар яригдаж байна. Яндангийн тоог бууруулж гацаанд орсон барилгын салбарыг хямралаас гаргаж, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж, өмчлүүлнэ. Ингэхдээ бага өртгөөр түрээсэлж хуримтлал үүсгэх байдлаар урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэх боломжтой. Нэг ёсондоо иргэд бага өртгөөр түрээсэлж хуримтлал үүсгэх байдлаар урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, 20 жил тогтвортой түрээслэснийхээ дүнд орон сууцаа өөрийн болгох буюу эзэмшилд шилжүүлэх боломж бүрдэнэ.