УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар хүлээж авсангүй. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос сэтгүүлчид дараах тодруулгыг авлаа.
-Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг яагаад хүлээж авсангүй вэ?
-Ерөөсөө хүлээж авахааргүй байна. Тэгсэн хэр нь худал шалтаг хэлээд байх юм. Д.Оюунхорол гишүүний ажлын хэсэг Ерөнхийлөгчийн хэлсний дагуу засвараа хийгээд төсвийг шинээр боловсруулаад бэлдсэн байсан. Түүнийг нь Сангийн яам дахин өргөн мэдүүлэх л асуудал байсан юм. Мөнх-Оргил, Оюундарийн яриад байгаа бүгд худал. Ажлаа мэдэхгүй байна. Хэсэгчилж хориг тавихаар төсвийг бүрэн нааш цааш хөдөлгөж, өөрчилж болдоггүй юм. Аль хэсгээс нь хасаад хаана нь яаж оруулах вэ гэдгийг тодорхойлохын тулд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан.
-500 тэрбум төгрөгийг дагуулж оруулж ирэх шаардлага байсан юм уу?
-Угаасаа үндсэн шаардлага нь энэ. Уул уурхайгаас хараат болж жил болгон гардаг 15 сая малынхаа түүхий эдийг боловсруулдаг болохгүй бол жил бүр хямралд өртөнө гэсэн санаа. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд 42 сая тонн нүүрс зарна гээд үнийн дүнг нь өсгөөд тавьчихсаныгаа хамгаалаад байна. Хятад улс дэлхий даяар хоёр сар нүүрс авахаа больчихлоо. Ирэх жил нүүрс худалдаж авах эсэх нь ч тодорхойгүй. Ийм байхад энэ жил зарснаасаа 15 сая тонн нүүрсийг илүү худалдана гэж байгаа нь зүгээр л хорлож байгаа хэрэг. Энэ бүтэхгүй. Ийм орлого орж ирэхгүй. Тэгэхээр энд бичсэн 11.1 таван их наяд төгрөгийн зарлага худал гэсэн үг. Нүүрснээс хоёр тэрбум төгрөгийн орлого олж байгаа. Хятад хил хаагдвал энэ орлого алга болчихвол яах юм. Ийм найдваргүй төсвийн төсөөлөл хийснийг ганц Ерөнхийлөгч хэлээд байгаа юм биш. Аудитын байгууллагаас худал төсөөлөл байна гэдгийг ч бас хэлээд байгаа. Түүнийг засах бололцоо байсан. Яг засвар хийх болохоор намаараа ялгараад кнопдоод байна. Болд, Батзандан хоёр ирсэн бол хоригийг хүлээж авах байсан. Хоёрхон кноп дутлаа.
-Таныг ЖДҮХС-аас зээл авсан гэх мэдээлэл гараад байгаа. Та зээл авсан нь үнэн үү?
-Би огт холбоогүй. Манай хуульч та бүхэнд мэдээлэл өгнө. Нэр дурдаж байгаа компаниудтай би ямар ч холбоогүй.
-Та ажлаа өгөх үү?
-МАН-аас төлбөртэй мэдээлэл тараасан байна. Тэдний хүслийг Ерөнхийлөгч биелүүлэхгүй. Цуурхал, худал мэдээлэл. Тиймээс Ерөнхийлөгч бид хоёр ажлаа өгөх талаар огт яриагүй. МАН-аас төлбөртэй цацсан нь нотлогдож байгаа. Тухайлбал МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан.