Нэг км замд 28 үсчин, гоо сайхан

Мэдээ мэдээллийн еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг км-т” цуврал сурвалжлагаа уншигч танд хүргэхээр зорьж байна.

Бид энэ удаад нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж дагуух үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг газруудыг онцоллоо. Учир нь Чингэлтэй дүүргийн Урт цагаан хэмээх газарт ахуйн үйлчилгээний ууган газрууд болох үсчин, гоо сайхан, оёдол, уран дархны газар үүд хаалгаа нээж байсан. Тэр ч утгаараа өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд ахуй үйлчилгээний төвлөрөл ихтэй дүүрэгт тооцогддог.

Бидний зорин очсон Анкарагийн гудамжинд 28 үсчин, гоо сайхны газар зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байлаа. Хэдийгээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хаяа дэрлэн байрлах нь ашиг орлогод сөргөөр нөлөөлөх магадлалтай ч өрсөлдөөний хуулиар чанар, стандартаараа өөр хоорондоо өрсөлдөн үйлчлүүлэгчдэд хямд үнэ, өргөн сонголтыг олгож байгаа сайн талтай ч гэж харж болно.

Дүүргээс нэг км замд хэчнээн үсчин, гоо сайхан үйл ажиллагаа эрхэлж болох тал дээр бариимталдаг ямар нэгэн журам, хязгаарлалт байхгүй учраас үйл ажиллагаа явуулахын хүссэн иргэн, байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг гэлээ.  

-Чингэлтэй дүүрэгт 291 үсчин, гоо сайхны газар үйл ажиллагаа явуулж байна-

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн З.Ганбатаас зарим зүйлсийг тодрууллаа.

-Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэчнээн үсчин, гоо сайхны газар үйл ажиллагаа явуулж байна?

-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2018 өнөөдрийн байдлаар 291 үсчин, гоо сайхны газар үйл ажиллагаа явуулж байна. Үс засах стандарт, гоо засал гэсэн хоёр өөр стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил ахуй үйлчилгээний чиглэлээр нийт 210 байгууллага гэрээ байгуулсан. Үүний 80 гаруй хувь нь үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Энэ жил хэд дахин нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт ахуй үйлчилгээний 525 салбар байгаа.

-Үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ямар зөвшөөрлийг хэдий хугацаагаар авдаг вэ?

-Үсчин, гоо сайхны газрууд тухайн үйл ажиллагаа явуулж байгаа дүүрэгтэйгээ үйлчилгээ эрхлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулна. Дүүргийн засаг даргын дэргэдэх худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл гэж бий. Иргэн, аж ахуйн нэгж энэхүү зөвлөлтэй гэрээ байгуулж буйгаа зөвшөөрөл гэдэг. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмаар НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны тогтоолын хүрээнд энэхүү гэрээг олгодог.

Үсчин, гоо сайхны үйлчилгээний газар нь ахуй үйлчилгээний нэг салбар болж явдаг. Ахуйн үйлчилгээ нь дотроо 23 нэр төрөлтэй. Гутал засвар, захиалга, хими цэвэрлэгээ, угаалга, хувцас засвар, захиалга, цаг засвар, алт мөнгөний дархан, нүүлгэлтийн үйлчилгээ зэрэг нь ахуйн үйлчилгээний салбар болдог.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дараах материалыг бүрдүүлж ирэн дүүрэгтэй гэрээ байгуулдаг аж.  Үүнд, хариуцсан захиралтай байх, мэргэжлийн үсчинтэй байх, хөдөлмөр хамгааллын стандарт хангах, галын болон цахилгааны аюулгүй байдал хангах, камертай байх, хог хаягдлын гэрээний дагуу мөнгөө тушаах, гадна талын стандартын дагуух хаягтай байх зэрэг нөхцлийг хангах хэрэгтэй аж.

Сонирхуулахад, үс засах үйлчилгээний стандарт "MNS5160-2002"-ыг 2002 онд баталсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэнэ. Тиймээс цаг үе, техник, технологийн хөгжлөө даган энэхүү журмыг шинэчлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа талаар салбарын мэргэжилтэн нь дуулгасан юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. МХГазар үсчин гоо засалчийн үйлчилгээний стандартыг өөрсдөө ерөөсөө мэддэггүй, үсчиний үйлчилгээний хажууд юу юу ажиллахыг хориглох, агааргүй цонхгүй өрөө, салоны бүтээгдхүүн ялгаж мэдэхгүй, үсчиний ажиллах хоорондын зай, гол нь химийн бүтээгдхүүн болон будаг Со гоор бичсэн бүгд хятадынх, гээд НААҮЯам устсанаас хойш энд ажилдаг олон иргэд хүн биш хүнс хөдөөний ажилчид болсон.Сургалтын стандартыг Цогзолмаа мэдэхгүй болхоор зөвшөөрөл өгдөг Ж нь чухал амжилт үсчин мэргэжлээр өглөө өдөр оройн анги гэн үү ,стандартаар 10 цагаас 5 хүртэл, онолын хичээл 20%, дадлага 80 % гэн үү бүх үйлчилгээний онолын хичээлгүй сургалт байх уу.Монголоос өөр ямар ч улсад ЖДҮ сангаар үсчин мэргэжлийн сургалтанд өгдөг хүн нь дуусахаар сурахгүй дургүй хүнийг хүчээр шахдагыг үзлээ. ЖДҮСан дүүрэг дүүрэгт хэцүү амьдралтай сурах сонирхолтой хүнийхээ тоогоор хуваарьлдаг баймаар. Тэгээд ч баруунд үсчин мэргэжил 3аас 4 жил сурдаг.Ж нь Азид үс угаахыг стандартын дагуу үйлчилгээний үе шатаар нь заадаг.Хиймийн үйлчилгээний ажиллах эрхийг тусдаа дипломтой авч ажлын хажуудаа заавал тавьж үйлчилгээ авна. Манайд ажиллаж буй ихэнх Сэтгүүлч багш нарын мэдлэг хоцорч байхад үсчинээр үнэн дорой бна. Үсчинд ороод 1 л юмыг нь хараад 1 л юм асуухад шууд мэдэгддэг.Зүгээр л салоны бүтээгдхүүн бна уу гэхэд үйлчилгээний стандарт ганц хэмжээтэй байдаг МХГазар өөрсдөө олон улсын үсчиний стандартын сургалтанд суу

    0 0 Хариу бичих
  2. Монголчууд гадна төрхөндөө хэтэрхий их анхаарал хандуулдагийн тод илрэл!!! Гаднаа гяланцаг, дотроо .....

    0 0 Хариу бичих
  3. Арай дэндүүийн

    0 0 Хариу бичих
  4. архи пиво зардаг бар цэнгээний газаруудыг бодвол ард ирэгдээ соёлжуулаад олноороо байж байгаа нь сайхан байна.

    2 0 Хариу бичих