УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрээр "Миний зөвлөхийн биед халдсан хэрэг гарсан. Үүнийг би албан тушаал, эрх мэдлийн төлөө хийгдэж байгаа ажил юм болов уу гэж бодсон. Ер нь миний утасанд заналхийлсэн мессэж их ирж байгаа. Үүнийг зохион байгуулалтайгаар хийж байгаа нь ойлгомжтой. Үүнтэй холбоотойгоор миний зөвлөхийн биед хадлаа гэж ойлголоо. Зүгээр нэг дээрэмдэх гэж байсан хүмүүс бол боож унагаад юмыг нь аваад зугтах байсан. Гэтэл тэгээгүй байна лээ. Үүнийг надад өгч байгаа улс төрийн дохион юм болов уу гэж бодож байна. Энэ асуудлыг хуулийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.
Би Засгийн газрыг огцруулах саналд гарын үсгээ зурсан. Мөн УИХ-ыг тараах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. ЖДҮХС-гийн зээлд олон гишүүн холбогдлоо. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын нэр хүнд унаж байна. УИХ томиолсон Засгийн газартаа хариуцлага тооцохгүй бол өөрөө тарсан дээр. Хоёрын хооронд УИХ байх шаардлагагүй" гэлээ.
-Та Засгийн газрыг огцруулах саналд гарын үсгээ зурсан гэж байна. Таны өмнө хэдэн гишүүн гарын үсэг зурсан юм бэ?
-Миний өмнө хэдэн хүн гарын үсэг зурсан байсныг мэдэхгүй байна. Би хэдэн хүн гарын үсэг зурсан бэ гэдгийг сонирхоогүй.
-УИХ-ыг тараах саналыг чинь дэмжиж гарын үсгээ зурсан гишүүд байгаа юу?
-Миний саналыг дэмжихээ илэрхийлсэн гишүүд бий. Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд гарын үсэг зурна гэдгээ хэлсэн. Өнөөдрөөс эхлээд гарын үсэг цуглуулж эхэлсэн.