Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахаар ардчилсан тогтолцоонд шилсэнээс хойш 15 Ерөнхий сайдын нүүр үзжээ. Удахгүй монголчууд 16 дахь Ерөнхий сайдтайгаа танилцаж магадгүй нөхцөл байдал улс төрд бий болоод байна. Нэг Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дунджаар нэг жил гурван сар үргэлжилсэн болохыг улс төр судлаачид онцолдог. Гэвч У.Хүрэлсүх Ерөнхий сайд томилогдсоноос хойш нэг жил гурван сарын хугацаа өнгөрөөгүй байтал түүний суудлыг намын зарим нөхөд нь ганхуулж эхэллээ.
“Шаардлага биелүүлэхгүй бол Засгийн газрыг огруулах саналаа өргөн барина”
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын гишүүд жил гаруйн өмнө Засгийн газраа огцруулсан. Харин одоо УИХ дахь МАН-ын намын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа тэргүүтэй тус намын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ. Д.Хаянхярваа гишүүний Засгийн газрыг огцруулах саналыг дэмжиж албан бланк дээр нь хангалттай олон гишүүн гарын үсэг зурсан гэдгийг тэрээр хэлсэн. Гэвч өргөн барихгүй байгаа учраас “Засгийн газрыг огцруулах санал нь хангалттай хэмжээний дэмжлэг авч чадахгүй байгаа” гэх хардлага улс төрийн хүрээнд бий болоод байгаа юм. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо нь хангалттай хэмжээнд хүрсэн хэдий ч өргөн барихаа түр азнах шалтгаан байгаа ажээ. Тодруулбал, энэ сарын 12-нд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт тавьсан шаардлагыг нь хэрхэн биелүүлэхээс Засгийн газрыг огцруулах саналаа өргөн барих эсэх нь шалтгаалах юм байна. Д.Хаянхярваа гишүүн шаардлагынхаа хариуг энэ сарын 20-ны дотор авахаа анхааруулсан бөгөөд шаардлагынх нь дагуу тодорхой алхам хийсэн тохиолдолд Засгийн газрыг огцруулах саналаа шүүгээндээ үлдээх бололтой. Эс бөгөөс саналаа УИХ-д өргөн барина гэдгийг эх сурвалж хэллээ.
УИХ-ын дарга М.Энхболд тавьсан шаардлагынх нь дагуу Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарт хариуцлага тооцож ажлыг нь өгүүлэхээр болсон. Мөн ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэхийг тус дэд хорооны дарга С.Бямбацогтод үүрэг болгоод байна. Түүнчлэн энэ асуудалтай холбогдуулан Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсэн байгуулах үүргийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд өгсөн. УИХ-ын дарга энэ бүх ажлаа Д.Хаянхярваа гишүүний шаардлагын дагуу хийж байгаа юм.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Хаянхярваа гишүүний тавьсан шаардлагын дагуу одоогоор тодорхой алхам хийсэнгүй. Уг нь Д.Хаянхярваа гишүүний тавьсан шаардлагыг нь хамгийн түрүүнд биелүүлж эхлэх ёстой хүн бол УИХ-ын дарга М.Энхболд биш Ерөнхий сайд бөгөөд намын дарга У.Хүрэлсүх. Учир нь, шаардлагыг нь үл биелүүлбэл Засгийн газрыг нь огцруулах саналаа УИХ-д өргөн барина. У.Хүрэлсүхэд Ерөнхий сайдынхаа хувиар ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдсон сайд, харъяа төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд хариуцлага тооцох, намын даргынхаа хувиар энэ асуудалд холбогдсон МАН-ын улс төрийн албан тушаалтнуудыг огцруулах, Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, энэ сарын 20-ноос өмнө намын Бага хурлыг зарлаж уг асуудалд холбогдсон хүмүүст улс төрийн хариуцлага тооцх шийдвэр гаргахыг шаардаад байгаа юм. Түүний шаардлагын хугацаа дөрвөн өдрийн дараа дуусах гэж байна. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-д өргөн барьсан тохиолдолд юу болох вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
АН олонхийг бүрдүүлж томилсон Ерөнхий сайдаа огцруулахыг дэмжинэ
Засгийн газрыг огцруулах санал УИХ-ын босго давсан тохиолдолд хэрхэн шийдэгдэх нь АН-ын бүлэг болон О.Баасанхүү, С.Жавхлан нараас шалтгаална. Жил гаруйн өмнө У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох чуулганы хуралдаанд МАН-ын 32-ын бүлгийн гишүүд оролцоогүй бөгөөд 47 гишүүн оролцож 100 хувийн саналаар томилж байлаа. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн гишүүд, О.Баасанхүү, С.Жавхлан нартай хамтарч байж олонхийг бүрдүүлэн Ерөнхий сайдаа томилсон юм. Тухайн үед АН-аас сонгогдсон УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд хандан “МАН сонгуулиар үнэмлэхүй олонхи болж 65 гишүүн сонгогдсон. Харин өнөөдөр шинэ Ерөнхий сайдаа томилох хуралд цөөхөн гишүүн байгаад харамсч байна. Ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайд ажиллах байх. Хэрэв одоо орж ирж дэмжлэгээ үзүүлэхгүй бол ард түмнээсээ 40 хувийн санал авсан АН өнөөдөр Ерөнхий сайдыг чинь дэмжиж гаргасны төлөө Ерөнхий сайд АН-ын ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллах үүрэг хүлээх нь байна шүү. Хүн алдаж, онодог, огцордог, ажлаа өгдөг. Энэ бол ардчилсан оронд байдаг л асуудал. Тиймээс би МАН-ын 65 гишүүний үлдсэн 30 гаруй гишүүнийг ору ирээд Ерөнхий сайдаа томилох нь зөв. У.Хүрэлсүх та одоо бол цөөнх байгаа шүү. АН-тай нийлж олонхи болж байгаа” хэмээн хэлж байлаа.
Ийнхүү олонхийг бүрдүүлэлцэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилж байсан УИХ дахь АН-ын бүлэг одоо түүнийг огцруулахыг дэмжих бололтой. Учир нь, тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “Засгийн газрыг огцруулах саналыг АН удаа дараа илэрхийлсэн. Энэ байр суурь өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа” гэсэн юм.