Манай монголчууд уг нь ухаантай ард түмэн. Даанч санаа нь зөв ч илэрхийлэх арга нь буруу байдаг гэмтэй. Тэр жил урт нэртэй хуулиас болж нийгмээрээ уурхайчин, байгаль хамгаалагч  болж талцан, буу шийдэмдээ хүрэх шахсан. Гэтэл энэ удаа “ЖДҮ” дэмжих сангийн дуулианаас болж “луйварчин”, шударга иргэн гэсэн хоёр фронтод хуваагдчихаад байх шиг. Олон нийтийн сүлжээнд эхэндээ “ЖДҮ-чдийг төрөөс зайлуул”, “Хулгайлсан мөнгийг нь хурааж ав” гэсэн бичиглэл хаа нэг харагддаг байсан. Гэтэл луйварчдыг зайлуулах хууль эрхзүйн порцесс жинхэнэ утгаараа эхэлсний дараа  Засгийн газрыг тэр чигт нь огцруул, УИХ-ыг ч тараа гэх санааг олон нийтийн сүлжээнд хуурамч хаягнаас бичих болов. Энэ бол сайны ёр яавч биш ээ.

Улс орны тусгаар тогтнол эв нэгдэл дээр тогтдог. Тэгвэл тэр эв нэгдэл нь эмзгээс эмзэг зүйл гэдгийг монгол хүн бүр ойлгож явах учиртай.

Ардчилал 200 гаруй жил хөгжчихсөн АНУ, Европын орнуудад туулсан зам бий. Харин бид туулах замтай. Олон ургальч үзлээр түрий барин эв нэгдэл эвдэх оролдлого гарах бүрийд “Ардчиллын зарчим ийм юм. Америкчууд ч цагтаа ингэж зөрчилдөж, дайтаж ч байсан түүхтэй” гэх номнол хаа нэгтээгээс сонсогдог. Гэвч энэ бол буруу бөгөөд хоёр зууны тэртээх Америк, одоогийн Монгол хоёрын хооронд том зөрүү бий. Адаглаад л Америкийг ардчилал хөгжүүлэх гээд, алдаж онож, эвлэрч эвдрэлцэж байхад хажууд нь бариад идчих том гүрэн байсангүй. Харин өнөөгийн Монгол бол ондоо.

Гадны их гүрнүүд жижиг орнуудыг хагалан бутаргах замаар идэш хоолоо болгодог технологи нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хагалах, эвдрэлцүүлэх өгөөш нь юу гэдэг нь ч тодорхой болсон. Ихэвчлэн үндэстэн хоорондын сөргөлдөөн, шашин хоорондын зөрчлийг дэвэргэж амжилтад хүрсэн байдаг. Мөн тухайн улсын сөрөг хүчний мөнгөнд дуртай нөхдийг уургалж, “Дарангуйлагчийг устгаж, ардчилсан шинэ нийгэм байгуулж өгнө” хэмээн хульхин дээр нь цэцэг ургуулдаг. Олон улсын байгууллагуудаар элдэв жагсаалт гаргуулж, тархи угаалт явуулан зээл авахуулж, өрөнд оруулна.

Ирак, Ливи, Өмнөд Суданы жишээнээс үүнийг харж болно. Иракт анх Саддамыг унагаж, ардчиллыг тогтооход тусална гэж цэрэг оруулаад, хожим нь лалын шашны шийт, суннит гэсэн хоорондоо зөрчилтэй хоёр шашны урсгал байдгийг ашиглан цаашдын замыг нь алдуулсан. Ливид лалын хөлсний цэргүүдээр одоо ч гэсэн дайн тулаан хийлгэж, эвдэн сүйтгэсээр байгааг бид харж байна. Өмнөд Суданчуудыг “Та нар газрын тостой, баялагтай. Хойд судан хоосон. Хэрвээ өрх тусгаарлачихвал бялгаа хуваалцахгүй сайхан амьдарна” гэсэн суртал ухуулга маш хүчтэй явж байсан. Гэтэл одоо Өмнөд Суданы тос АНУ руу үнэгүй шахам урсаж, баялгийн эзэд нь үндэстнээрээ талцан байлдсаар туйлдаж байна шүү дээ. Тэр нөхдүүд газрын тосныхоо оронд сум, буу зэвсэг авдаг гэж байгаа юм.

Тэгэхээр, ястан, үндэстэн, шашин хоорондын зөрчилтэй улсыг хагаралдуулахад амархан байдаг гэсэн дүгнэлт хийж болно. Хийх тусгай технологи ч  байдаг. Аз болоход манайд тэр сул тал нь алга. Бурхны авралаар бид нэг үндэстний орон, бас шашинд тэгтлээ ач холбогдол өгөөд байдаггүй. Гэхдээ эмзэг цэг бий. Уул уурхай, баян хоосны ялгаа гээд. Дээр цухас дурьдсан “Уул уурхайгаас эхлэлтэй” эвдрэлцээний үед Г.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс газар шороогоо чөлөөлөх нэрээр уул уурхайн компаниуд руу дайрч, нөгөө талд уул уурхайгаа хамгаалах хөдөлгөөн гэгч байгуулагдан Г.Мөнхбаяр нарын эсрэг босон халуун юм болох шахсан удаатай.

Монголын түүхэнд монголчууд гадныхны, бусдын хатгалгаар эх орон нэгтнээ хөнөөж байсан түүх бий. Гэхдээ, Монголд радикал үзлийг турхирч, амьдралдаа сэтгэл хангалуун бус болгох нь гэмт хэргийг нэмэгдүүлж, эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн их гүрний бодлого байж болно. Олон нитийн сүлжээнд үзэл бодол уралддаг ч тэр дунд тролл буюу талцуулагч, лалруудын арми буюу захиалгат сэтгэгдэл бичигчид олон мянгаараа байгааг санах хэрэгтэй юм.

“Аз жаргалын индекс”, Авлигын индекс, Эдийн засгийн өсөлтийн төлөв гэх мэт жагсаалт гаргадаг нэг муу байгууллага Монголыг хойгуур байрт орууллаа гэхэд л сүлжээгээр дүүрэн бухимдал үүсч, “ална шудна”-даа тулж байх жишээтэй.

Монголчууд бид гадны нөлөөнд автахдаа амархан болжээ. “Фейсбүүк” тэргүүтэй олон нийтийн сүлжээтэй холбоотой биз. “Аз жаргалын индекс”, Авлигын индекс, Эдийн засгийн өсөлтийн төлөв гэх мэт жагсаалт гаргадаг нэг муу байгууллага Монголыг хойгуур байрт орууллаа гэхэд л сүлжээгээр дүүрэн бухимдал үүсч, “ална шудна”-даа тулж байх жишээтэй. Гэтэл үнэндээ чансаа тогтоогч байгууллага бол хөрөнгөтнүүдийн талд үйлчилдэг, тэдний “нохойд барьдаг мод” нь юм.

Ялангуяа АНУ ийм “мод” ашиглахдаа тун ч гарамгай. Ямар сайндаа л АНУ-ын өрөөсөн дугуй нь болсон Европын холбоо тэднээс айхдаа тусгай хууль батлан хамгаалалт авч байх вэ.

Европын парламент чансаа тогтоогч элдэв байгууллагуудын үйл ажиллагааг илүү тунгалаг болгож, ашиг сонирхлуудын зөрчлийг алга болгох үүднээс тэднийг алдаа мадаг гаргасан тохиолдолд шүүхээр хариуцлага оногдуулдаг механизмыг 2013 онд бий болгосон. Чансаа тогтоогч газруудын ажиллагаа санхүүгийн зах зээлд шууд нөлөөлдөг тул Европын эдийн засаг болон ард иргэдийнх нь байр байдалд хүндээр тусах аюултай гэж үзэн ийм арга хэмжээ авсан байдаг. Харин Монгол мэтийн жижиг буурай улсууд өөрсдийгөө хамгаалж чадахгүй тэдний энэ өдөөн хатгалгын золиос болж байдаг юм. Тэд судалгаа нэртэй өдөөн хатгалга, доромжлолоо олон нийтэд зарлаж, харин тэр  доромжлолыг нь олон нийтийн сүлжээнд идэвхтэй нөхдүүд хамаа намбаагүй тараан нийгмийн сэтгэл зүйг хордуулж байдаг. Олон нийтийн сүлээ хийрхэгчдээр дүүрч. Тэд хэдий зөв зүйл бодож бухимдаж байгаа ч түүнийгээ бусдад нязааж, уриалж, зүв зүгээр сууж байгаа нэгэндээ бухимдахыг хүчээр тулгаж байгаа нь өөрөө зөөлнөөр хэлэхэд зохисгүй хэрэг.

“Эрдэнэсийн сан субашид” хэмээх гүн ухааны сургаальд

“Үнэхээр мэргэн хүн өөрийгөө шинжилж мэдъюу,

Үй балай тэнэгүүд хүний үгээр явъюу

Өтөлсөн зөнөг нохой дэмий балай хуцахад

Өөр бусад ноход учиргүй гүйлдэн хуцах мэт” гэсэн шад бий. Энэ шад бол чухам нийгмийн сүлжээнд идэвхитэй, боловч хайнга ханддаг, өөрөө ойлгоогүй байж элдэв нийтлэлийг бусдад түгээчихдэг нөхдүүдэд тохирно.