Гэр хороолол болон түрээсийн байранд амьдарч байгаа бүх айл өрхийн хамгийн том зорилго нь өөрийн гэсэн орон сууцтай болох гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй. Гэвч инхэнх айлын энэхүү зорилго нь мөрөөдөл болж үдэж байгаа нь бас л үнэн. Үе үеийн Засгийн газар ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн ч үр дүн нь тийм ч хангалттай бус байна. Орон сууцны эрэлт, нийлүүлэлт аль аль талаасаа их байгаа ч хоёр талын эрэлтийг хангах төрийн зохицуулалт, хөрөнгө оруулалт дутагдаж байна. Үүнийг Барилга хот байгуулалтын яамнаас өнгөрсөн тавдугаар сард хийсэн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааны дүн харуулж байна. Тус судалгаагаар улсын хэмжээнд бэлэн байгаа болон гурван жилийн дотор ашиглалтад орох орон сууцыг тоолжээ. Улсын хэмжээнд ашиглалтад орсон сууц л гэхэд 6000 байна. Үүний 5822 нь Улаанбаатар хотод байна гэдгийг судалгааны дүн харуулав. Эдгээр орон сууцны 50 хувийнх нь нэг метр квадратын үнэ сая 800 мянгаас доош байгаа ажээ. Нөгөө талд нь 33 мянган өрх урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцанд орох боломжтой гэсэн судалгааны дүн гарчээ. Харамсалтай нь энэ хоёр талын эрэлтийг нийлүүлэхэд хөрөнгө оруулалт, бодлогын шийдвэр дутагдаж байна.
Ипотекийн хөтөлбөр эрх баригч намын сонгуулийн өмнөх гол хөзөр болдог. Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн, ипотекийн зээлийн хүүг нийтэд нь найман хувь болгож байсан зэрэг үйл явдал нь үүний нотолгоо юм. Харин сонгууль өнгөрснөөс хойш, дараагийн сонгууль дөхтөл итопекийн зээл урсгалаараа явдаг. Яг одоо энэхүү цикль нь үргэлжилж байна. Яг үнэндээ үргэлжилж байна гэхэд ч хэцүү юм. Хангалттай хэмжээний санхүүжилт байхгүйгээс болж арилжааны банкууд зээлээ хязгаартай гаргаж байгаагаас гадна энэ хөтөлбөрийг цаашид Монголбанк, Засгийн газрын аль авч явах нь тодорхой бус, аль аль нь уг хөтөлбөрийг төвөгшөөсөн байдалтай байгаа нь нууц биш. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу бол Монголбанк ирэх оноос ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлж өгөх учиртай. ОУВС ийм шаардлага тавьсан. Гэвч Засгийн газар хүлээж авах эсэхээ тодорхой шийдээгүй учраас Монголбанк 2019 онд хэрэгжүүлэх Мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ ипотекийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгжүүлэхээр тусгажээ. УИХ-аар Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан салбарын сайдад нь шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн.
Х.Баделхан: Монголбанк он дуустал ипотекийн зээлд хэдий хэмжээний санхүүжилт өгөх боломжтой вэ

-Ипотекийн зээлийн эх үүсвэр маш их дутагдалтай байна. Оны эхний есөн сарын байдлаар ипотекийн зээлийн санхүүжилт өмнөх оноос 100 тэрбум төгрөгөөр буурсан. Монголбанкны санхүүжилт 60 тэрбумаар буурсан. Өнгөрсөн оны эхний есөн сард 202 тэрбум төгрөг гаргаж байсан бол энэ жил 142 тэрбум төгрөг болж буурсан. Улсын төсвөөс 111 тэрбумыг гаргаж байсан бол 60 тэрбум болсон. Харин арилжааны банкууд ипотекийн зээлд 250 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан байна. Ипотекийн зээл бол хамгийн сайн эргэн төлөлттэй зээл. Мөн эрэлт ихтэй байдаг зээл. Гэтэл Сангийн яам яагаад үлдсэн 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээ өгөхгүй байна вэ. Он дуусах дөхөж байна. Нэгэнт улсын төсвөөр батлагдсан мөнгөө яагаад өгөхгүй байна вэ. Хоёрдугаарт, Монголбанк он дуустал ипотекийн зээлд хэдий хэмжээний санхүүжилт өгөх боломжтой вэ. Гуравдугаарт, орон сууцнууд нь, орон сууцанд орох хүсэлтэй иргэд нь бэлэн байна. Ипотекийн зээл хүссэн иргэд банкинд дугаарлаж бухимдаж байна. Иймд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж байна уу. Ирэх оны төсөвт 115 тэрбум төгрөг туссан.
Н.Баяртсайхан: Х.Баделхан сайд Монголбанк, Сангийн яамыг хүлээхгүйгээр бодлогоо гаргах хэрэгтэй

-Ипотекийн зээлийг Монголбанк бие даан хэрэгжүүлэхэд төвөгтэй байгаа. Бусад улс орнуудад бол Засгийн газар нь авч явдаг ажил юм байна. Монгол Улсад бол Төв банк нь барьж аваад эхлүүлчихсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх учраа бид сайн олохгүй л явна. ОУВС “Та бүхэн энэ хөтөлбөрөө 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газартаа шилжүүлж хэрэгжүүл” гэж зөвлөж байгаа. Гэвч шууд шилжүүлэх боломж алга. Яагаад гэвэл, Монголбанкинд их хэмжээний алдагдал үүсэх гээд байна. Тиймээс бид ипотекийн зээлийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаараа Дэлхийн банктай ярилцаж байна. Х.Баделхан сайд энэ асуудлыг хариуцаж байгаагийн хувьд Монголбанк, Сангийн яамыг хүлээгээд суух биш яамныхаа өөрийн бодлогыг гаргах хэрэгтэй. Тухайлбал, ипотекийн хөтөлбөрөөр барьцаалсан үнэт цаасыг олон улсын зах зээл дээр гаргах боломжтой. Энэ асуудлыг Барилга, хот байгуулалтын яам хариуцаж судлаад саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийн оронд “Сангийн яам, Монголбанк яах гэж байна” гээд суугаад байгаа нь энэ яамны идэвхгүй байдлыг илтгэж байна.
Л.Энх-Амгалан: Салбарын сайд нь Монголбанкнаас мөнгө гуйгаад суухаасаа ичих хэрэгтэй

-Х.Баделхан сайд зовлон яриад суух юм. Уг нь энэ нөхөр ипотекийн зээлийг хэрхэн шийдвэрлэх асуудлаа Засгийн газраар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл Монголбанкнаас “Мөнгө байна уу” гээд асуугаад сууж байдаг. Ийм арчаагүй байж болохгүй ш дээ. Ипотекийн зээл авъя гээд өдөр бүхэн банкны үүд сахиад сууж байгаа хүн олон байна. Засгийн газар энэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх шийдвэрээ гаргаж, Монголбанк санхүүгийн жуучлагчийн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Гэтэл Засгийн газрын гишүүн нь ингээд зовлон яриад сууж болохгүй. Ард түмний зовлонг шийдэх гэж сайд болсон юм байгаа биз дээ.