Р.Т.Эрдоганд хавчигдаж, Грект “түгжигдсэн” аав охин хоёрын өрөвдөм түүх

Афин хот. Долоон настай охиноо дагуулсан эцэг хотын гудамжаар алхаж явна. Хоёр цүнхнийхээ нэгийг баруун гартаа барьж, нөгөөг нь нуруундаа үүрчээ. Халаасанд нь нэг бүр нь 35 еврогийн үнэтэй Италийн Милан хот хүрэх тасалбар байх аж. Тэр өдөр Европ орох тасалбаруудаас хамгийн хямдхан нь Миланых байсан учраас л худалдаж авчээ. Хууль бусаар нэг сар оршин суусан Грекээс гарч явж, Бельгид байгаа эхнэр, 14 настай охин хоёр дээрээ очих нь түүний гол зорилго.  

Уг нь бол тэрээр Турктээ нэртэй эрдэмтэн хүн. Хог хаягдал ялган боловсруулах үйлдвэр байгуулсныг нь АНУ-ын улстөрчид нэг бус удаа сонирхож байсан удаатай. Гэтэл түүнийг Грекээс гарахыг зөвшөөрсөнгүй. Дөрвөн хүүхдийнхээ хамгийн бага болох долоон настай охинтойгоо Грект үлдсэн тэрээр гарч явах гэж таван удаа хүсэлт өгөөд таван удаа татгалзсан хариу авчээ. Энэ удаа зөвшөөрсөн хариу авах найдлага өвөрлөн зургаа дахь удаагаа үзээд алдахаар явж байгаа нь энэ. Хэрвээ татгалзвал долоо хоногийн дараа дахиад оролдоод үзэх болно. Тэрээр Грекээс гарч, Милан хүрч чадвал эхнэр, хүүхдүүд рүүгээ явж, цаашдаа АНУ-д очиж амьдралаа шинээр эхлүүлэх төлөвлөгөөтэй. Польш, АНУ-д сурж байгаа хоёр том хүүхэд нь гэр бүлтэйгээ эргэн нэгдэх боломж гарч ч юуны магад. Түүнд АНУ-ын виз бий. Бага охин нь Лос Анжелест ажиллаж байх үед нь төрсөн болохоор тэндхийн иргэншилтэй. Харин 14 настай охин, эхнэр хоёр нь үгүй аж.   

Энэ эрдэмтэн доцент бол Туркт мөрдлөгө хавчлагад өртөж, амьд үлдэхийн эрхээр эх орноосоо дүрвэн Грект ирсэн олон мянган турк хүний зөвхөн нэг төлөөлөл нь юм. Тэд бүгд өөрсдийн гэсэн түүхтэй ч нэг зүйлээрээ адил. Төрөлх эх орондоо тэд Фетхулла Гюлений “Химзед” хөдөлгөөний гишүүн хэмээн буруутгагдсан учраас ийнхүү зовж байгаа билээ.

Фетхулла Гюлен бол дагагчдынхаа хувьд амьд гэгээнтэн гэж хүндлэгддэг ч иргэншил байхгүй, 1999 оноос хойш АНУ-ын Пенсильванид оршин сууж байгаа нэгэн.

Дөрөв дэхээ сонгогдож, 2023 он хүртэл засгийн эрхийг барихаар болсон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Химзет” хөдөлгөөнийг алан хядах байгууллага хэмээн зарлаж, 100 000 гаруй гишүүнийг нь ажлаас халсан юм. Зөвхөн ажлаас халаад зогсохгүй мөрдөн шалгаж, шоронд орох ч магадгүй гэсэн айдас төрүүлсэн нь туркчүүдийг олноороо эх орноо орхин дүрвэхэд хүргэжээ. Тэрээр мөн олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүчээр хаасан юм.  “Банк Эйшиа”-г мөн Ф.Гюлений хөдөлгөөнтэй хамтарч ажилладаг гэсэн шалтгаанаар хаажээ.

“Химзет” хөдөлгөөний гишүүн гэдгийг нь мэдэх юм бол эрх баригчид паспортыг нь хурааж аваад, шинэ паспорт авах эрхийг нь хасдаг байна. Ингээд улсаасаа хуулийн дагуу гарах ямар ч аргагүй болдог ажээ. Туркээс Грек рүү хууль бусаар дүрвэгсэд бүгд ажлаасаа халагдсан, цагдаад байцаагдсан, зарим нь их бага хэмжээгээр шоронд хоригдож үзсэн байдаг. Яаж ийгээд Грект очсон нь үлдсэн ойр дотныхондоо бас санаа зовно. Учир нь хуулийнхны дарамт хэргийн эзнийг байхгүй бол төрөл төрөгсөд, ойр дотныхон руу нь чиглэдэг байна. Тэд нар нь “Химзет” хөдөлгөөнтэй ямар ч хамаагүй байсан ч хавчлага явагддаг ажээ. Тиймээс Грект байгаа туркчууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхийг зөвшөөрөх ч зураг хөргөө авахуулахаас бүгд татгалздаг юм байна.   

Грек улс Кипр арлын асуудлаас олоод Турктай тийм ч сайнгүй харилцаатай. Гэсэн ч оргож дүрвэж ирэгсдээс баруун руу гаръя гэсэн болгонд нь зөвшөөрөл өгөөд байх боломжгүй. Улс хоорондын харилцааны асуудал болж хувирсан учир ийм байдалд орсон байна. Тиймээс дүрвэж ирэгсдийг Еврос /Туркт Марица нэрээр алдартай/ голын эрэг дээр хуарагнуулаад байлгасан болж байна. Хуаранд амьдрагсдын амьжиргаа нэн ядуу байдаг нь эх орондоо ажлаасаа халагдаж, хэдэн сар, жилийн турш ажилд орж чадаагүйтэй нь холбоотой байдаг. Ямар ч баталгаа өгч чадахгүй учир зээл авах боломжгүй. Турк дэх ар гэрээсээ мөнгө гуйвуулуулах, эцсийн хадгаламжаа шавхах байдлаар амь зогоож байгаа хэдэн мянган турк хүн Грект ямар нэгэн гайхамшиг тохиолдож өөрсдийг нь энэ өрөвдөлтэй байдлаас нь салгана гэж итгэн өдөр хоногийг өнгөрөөж байна.      


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)