Ирэх хавраас “Говийн таван гайхамшиг”-ийг толилуулна

Амьд ертөнц, ахуй байгалийн аялалд морддог “Хүрээлэн” төсөл  “Энержи Ресурс” компанитай хамтран говийн байгаль зэрлэг амьтдыг таниулах зорилгоор дараагийн төслөө эхлүүлэхээр болжээ.  Хүрээлэн амьд ертөнц цуврал нэвтрүүлгээр Монгол орны байгаль, зэрлэг амьтдын тухай 100 шахам дугаар бэлтгэж тасралтгүй үзэгчиддээ хүргэсээр таван жил болсон. Харин “Энержи Ресурс” компани  Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулаад арван жилийг ардаа орхисон юм.

Эдгээр түүхэн ойн жилүүдийг тохиолдуулан “Говийн таван гайхамшиг” цувралыг тус хоёр байгууллага хамтран бүтээхээр болжээ. Шинэ цувралаа шинэ хөтлөгч, шинэ техник хэрэгсэлтэйгээр эхлүүлэхээр зэхсэн тухайгаа төслийн багийнхан онцоллоо. Тодруулбал, нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Никитон” хамтлагийн ахлагч, Б.Батчулуун, шог зураач С.Цогтбаяр, уулчин, гавьяат тамирчин Б.Гангаамаа, яруу найрагч Г.Аюурзана, жүжигчин Т.Бархүү нар ажиллах юм байна.

Мөн тус нэвтрүүлгээр дамжуулж Монголын говь, онгон зэрлэг байгаль, амьдын  ертөнцийг үзэгчиддээ таниулахаар зэхэж байна.  “Говийн таван гайхамшиг” нэвтрүүлэг ирэх оны хавар зунаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэнэ. “Хүрээлэн” төслийн удирдагч У.Ганбаяр “Энэ төсөл нь зөвхөн говийн бүс нутагт ажиллана. Тус нутгийн эко систем хийгээд ан амьтдын байдлыг харуулахаараа “Хүрээлэн” төслөөс онцлог юм” гэлээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)