Жирийн иргэн байна гэдэг шийтгэл юм уу?

УИХ-ын гишүүд тавдугаар сарын 02-нд ЖДҮДС-ийн зээлээ авцгааж байх тэр цаг дор ийм гоё нэртэй хэлэлцүүлэг хийжээ.

-Моральгүй түшээдийн монгол занг тэвчих аргагүй-

Агуу Ром гүрэн ид цэцэглэж байхад Аполлон гэгээн гэж хүн “Ром удахгүй сөнөнө” гэж хэлсэн гэдэг. “Яагаад? Ромын эдийн засаг, улс төр хүчирхэг байна. Бас цэрэг, зэвсэг нь хүчтэй” гэж хүмүүс хэлж л дээ. Тэгсэн Аполлон, “Ром ёс суртахууны хувьд ялзарчихсан байна” гэсэн гэдэг. Ёс суртахуун ялзрахаар хэчнээн эдийн засаг хүчирхэг байгаад, хэдэн арван Оюутолгой байгаад хэрэггүй. Тэр бүхэн нь хэдэн улсын халаасаар ороод дуусна. Ёс суртахуун ялзарсан газар хэчнээн ардчилал хэрэггүй. Ёс суртахуун ялзарсан төрд шударга ёс, хууль журам яриад ч нэмэргүй. Үүнийг бид өнөөдөр бэлээхэн харж байна. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, улстөрчдийн увайгүй үйлдлийг, ёс зүйгүй байдлыг харж сонсох тусам дотор муухайрна.

Аав ээж, эхнэр хүүхэд, танил тал, хувьцааг нь эзэмшдэг компанидаа ЖДҮ-ийг дэмжих сангаас тэрбум тэрбум төгрөгийн зээл авч өгчихөөд буцаагаад төлчихнө, уучлал гуйх шаардлагагүй гэж суугаа гишүүдээс ёс зүй нэхэх нь утгагүй хэрэг болжээ. Зарим нь авсан зээлээ төлчихлөө гэж гавьяа байгуулсан мэт сурталчилж байна. Ганц нэг нь үр хүүхдэдээ зээл авч өгснийхөө төлөө уучлал гуйхын оронд хүлцэл өчиж байна хэмээн бувтнана. Маш сайхан ажил хийх гэж ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан юм, одоо яая гэхэв, буцаагаад өгөхөөс гэх маягийн тайлбар хийж байгаа гишүүн ч байна. Энэ нь халаасны хулгайч нар хулгайлсан мөнгөөрөө би нийгэмд сайн үйлс хийх гэж байсан юм гэж мэлзэж байгаагаас ялгаагүй юм. Нөгөө талаар хулгай хийгээд баригдангуутаа хүний эд зүйлийг буцааж өгч, түүгээрээ сайрхаж байгаатай адил гэдгийг олон нийтийн сүлжээнд олон хүн бичсэн байна лээ. Нийтлэлч Баабар “Хулгай хийгээд баригдчихангуутаа “За юун сүртэй юм. Би буцаагаад өгчихье. Одоо өргүй шүү” гэж хээв нэг хэлнэ гэдэг жинхэнэ ориг монгол мораль байх аа” хэмээн жиргэжээ. 

Ерөнхий сайд “ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлал гуйхгүй бол дахин нэр дэвшүүлэхгүй, шударга ёсыг тогтоож өөрчлөлт шинэчлэлийг хийнэ. Хийж чадахгүй бол би өөрөө огцорно” хэмээн мэдэгдэв. Энэ мэдэгдэл бас л но-той. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “Авлигад орооцолдсон хүнийг дахин сонгуульд оролцуулахгүй буюу жирийн иргэн болгож “шийтгэнэ” гэнэ. Шийтгүүлсэн нь жирий иргэн болдог өвөрмөц нийгэмд бид амьдарч байна уу?. Энэ нь төрийн хүний хариуцлага уу?. Хариуцлагыг ингэж ойлгодог болтлоо нийгэм, төрийн ёс суртахуун унасан уу?” хэмээн бичжээ. Үнэхээр жирийн иргэн байна гэдэг шийтгэл юм уу. Төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар баяжиж хөлжчихөөд дараа нь жирийн иргэн болоод л сайхан амьдраад байх хэрэг үү?

УИХ-ын гишүүдийн өнөөгийн энэ үйлдлийн хувьд уучлал гуйснаар ёс зүйн хариуцлага хүлээсэн гэсэн үг биш. Уучлал гуйчихаад л хулгай хийгээд байвал ямар хэрэг байх билээ. Тиймээс тухайн өндөр албан тушаалтан уучлал гуйснаараа уг ажил албыг хаших ёс зүйн чадамжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн гэм буруугаа хүлээсэн бол огцрох ёстой. Огцорсныхоо дараа хуулийн байгууллагаар шалгуулж гэм буруутай эсэхээ шалгуулж, зохих хуулийн хариуцлагаа хүлээх ёстой. Харин манай гишүүд тэгэхгүй нь бололтой. Уучлал гуйчих юм бол 2020 онд нэр дэвших боломж гарах нь гэж ойлгоод байх шиг.

Хууль тогтоох дээд байгууллагад иргэдийн итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж буй нь УИХ-ын гишүүний албан тушаалын давуу байдал мөн. Тэгвэл энэхүү давуу байдлаа өөрийн болон гэр бүл, ах дүүс, танил тал, найз нөхдийн арилжаа бизнесийг дэмжих, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд ашиглана гэдэг ёс зүйн алдаа юм. Албан тушаалын буюу авлигын гэмт хэрэг ч юм.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд ч энэ тухай тов тодорхой заажээ. Тухайлбал, уг дүрмийн “Ашиг сонирхлын зөрчилтэй ёс зүйн хэм хэмжээ” гэсэн хэсэгт

3.1.Гишүүн нь нийт иргэн, төр, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтална:

3.1.3.албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх гэжээ.

Мөн УИХ-ын гишүүн ёс зүйн хувьд хориглох зүйлд,

3.2.Гишүүн аливаа аж ахуйн нэгж, байгууллагын болон санхүүгийн нөлөөнд автахгүй байх, албаны эрх, үүргээ хувийн зорилгоор ашиглахгүй байх үүднээс холбогдох хууль тогтоомжийг мөрдөх бөгөөд дараахь үйлдэл хийхийг хориглоно: 

3.2.1.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн нэр хүнд, эрх мэдлийг  ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах,  давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, бусдад нөлөөлөх оролдлого хийх; 

3.2.2.бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал боловсруулж шийдвэрлэх болон хууль ёсны шийдвэр гаргахад нь бусдад нөлөөлөх;

3.2.3.албан тушаалын хувьд ижил зэрэг зиндааны болон өөрт нь захирагддаг, эсхүл үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг албан тушаалтанд хууль бусаар нөлөөлөхийг оролдох;

3.2.4.албан тушаалынхаа байдлыг ашиглаж хууль бус орлого, ашиг хонжоо, давуу тал олох зорилготой бусад үйлдэл хийхийг хориглоно гэж заажээ.

ЖДҮ-ийг дэмжих сангаас өндөр мөнгөн дүнтэй зээл авсан гишүүд дээрх заалтуудыг зөрчжээ гэж үзэх үндэстэй. Тэд албан тушаалын байдал, нэр  хүндээ гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашигласан. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авахдаа бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулж, нөлөөлөх оролдлого хийсэн байж таараа. Ийм ёс суртахуунтай гишүүдийг сонгож хууль тогтоолгож, төсөв батлуулна гэдэг хонинд чоно хадгалуулсантай л адил юм. Үүнийг ЖДҮ-ийг дэмжих сангийн гэх хэрэг явдал харууллаа.  

Хэдэн жилийн өмнө АНУ-ын Азийн сан, МИДАС төрийн бус байгууллага хамтран манай УИХ-ын гишүүдийн тойргийн нэг тэрбум төгрөгийн зарцуулалтад мониторинг хийсэн байдаг. Тэдний судалснаар Африкийн гурван оронд л ийм жишиг байдаг ажээ. Тухайлбал, Уганда, Кени, Замби гэсэн Африкийн хамгийн ядуу гурван улсад парламентын гишүүд нь өөрсдөдөө 10 сая шиллинг хуваарилдаг байна. Угандагийн ерөнхийлөгч парламентын гишүүдийнхээ энэ мөнгөнд хориг тавьж, олон нийт нь эсэргүүцэн жагсаад ч хүчрээгүй гэдэг. Ингээд Угандагийн парламентын гишүүд улам даварч 10 сая шиллинг авдаг байснаа нэмэгдүүлж 70 сая болгожээ. Манай УИХ-ын гишүүд тойргийн мөнгөө 10 саяас эхэлж 5000 дахин нэмэгдүүлсэнтэй адил хэрэг явдал болж.

Ийнхүү Азийн ардчиллын жишиг болсон Монгол Улсын парламентын гишүүдийн ёс зүй Африкийн орнуудын парламентын гишүүдийн ёс зүйтэй нэг түвшинд очжээ. Дээр дурдсан Африкийн гурван улс бол төр нь авилгад идэгдэж, ядуурал гуйранчлал газар авсан улсууд. Тэдгээр улсын парламентын гишүүдийн манайхантай төстэй нэг үйлдэл нь Сонгуулийн тойргийн хөрөнгө оруулалтын сан гээчийг хууль гаргаж байгуулаад өөрсдөө тэндээсээ мөнгө авдаг байжээ. Уг сангаас гишүүдийн нэрээр гарсан мөнгөний 70 хувь нь зориулалтын бусаар зарцуулагдсан нь бас тогтоогдож дуулиан шуугиан болж байсан аж. Энэ нь манай гишүүдийн ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсантай л төстэй хэрэг явдал болсон гэсэн үг. Ямар нэг гоё нэртэй сан байгуулж байгаад тэндээс мөнгө хусна гэдэг санаа Африкийн ч, Монголын ч улстөрчдийн толгойд адилхан орж иржээ. Бусдын сайн сайхантай биш, муу муухайтай нь ижилсэнэ гэдэг ичгүүр шившиг л юм даа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ес суртахууны ялзралд орсон жирийн иргэн нь жирийн бус иргэнээ сонгож байхад тэд нар нь сонгогчдоосоо хэдэн хувь илуу ес суртахууны ялзралд орно биз.Яагаад гэвэл тэд эрх мэдэлтэй болчихож байгаам. Одоо хамгийн эхэнд суйрэх улсын эхэнд орос монгол хоер байна даа

    0 0 Хариу бичих
  2. Ёс зүй гээд л яриад бичээд л болчихдог юм биш байхаа.

    0 0 Хариу бичих