Нийслэл шинэ цэвэрлэх байгууламжтай боллоо

Хан-Уул дүүргийн X хороонд өчигдөр хоногт 20 мянган шоо метр бохир ус цэвэрлэн, лагийг нь дахин боловсруулж метан хий үйлдвэрлэдэг цэвэрлэх байгууламж нээгдлээ. Тус байгууламж ашиглалтад орсноор хоногт 190 орчим мянган шоо метр бохир ус цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулна.

Мөн тус цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэг буюу Яармаг, Нисэхэд байрлах орон сууц, шинэ гэр хорооллын 160 мянган айлаас ялгарах бохирыг цэвэрлэх аж.

Түүнчлэн Нисэхэд байрлах хуучин цэвэрлэх байгууламж нь хоногт 2500-2800 шоо метр бохир ус цэвэрлэж байгаа нь хангалтгүй байсан тул хуучин цэвэрлэх байгууламжид хүлээн авдаг бохирыг шинэ цэвэрлэх байгууламжид шилжүүлэхээр болжээ.

Шинэ цэвэрлэх байгууламжийн онцлог нь битүү технологиор хийсэн, бүрэн автомат ажиллагаатай, бохирыг химийн арга болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж, 98 хувь цэвэрлэх аж. Мөн бохироос үлдсэн лагийг метан хий буюу дулаанд ашиглах боломжтой газ үйлдвэрлэх юм.

Байгууламжийг Улсын төсвийн 33 тэрбум төгрөгөөр “HNC” компани таван жилийн хугацаанд барьжээ.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа “Буянт-Ухаа" орон сууцны хорооллын 20,000 м3/хон хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажил”-ыг "HNC" ХХК гүйцэтгэхээр 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.

Харин өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар болсон. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд уг төслийн нээлтийг наймдугаар сарын 27-нд хийсэн.

Нийт 300 сая ам.доллараар баригдах Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 2020 онд дуусна гэж салбарын сайд хэллээ. Шинэчлэн барих ажлыг Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцаж байгаа. Төсвийн хувьд Хятадын талаас нийт төсвийн 95 хувийг гаргах бол манай улс үлдсэн 5 хувийг нь гаргана. Мөн гэрээний дагуу Хятадын талаас 3 компанийн  нэрийг манай улсад ирүүлсний дараа гүйцэтгэгч нэг компанийг манай талаас тендерийн хуулийн дагуу сонгон шалгаруулах юм.

Төв цэвэрлэх байгууламжид өдөрт 160-170 мянган метр куб бохир ус хүлээн авах хүчин чадалтай. Гэвч өнөөдрийн мэдээллээр 201.6 мянган метр куб бохир ус ирж байна. Харин Шинэ цэвэрлэх байгууламж 250 мянган метр куб ус өдөрт хүлээн авах хүчин чадалтай байх юм. Хуучин цэвэрлэхийн хүчин чадлыг үүн дээр нэмбэл 410 мянган метр куб усыг хүлээж авах боломжтой болох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)