Таван компани хувьцаа гаргаж, 26.5 тэрбум төгрөг босгожээ

 Он гарснаас хойш таван компани анхдагч зах зээлд хувьцаа гаргаж 26.5 тэрбум төгрөг босгожээ. Энэ нь  Хөрөнгийн бирж дээрх компанийн бондын дүнгээс 10 гаруй тэрбум төгрөгөөр илүү үзүүлэлт юм. Түүнчлэн 2005 оноос хойш Хөрөнгийн биржид IPO хийж хувьцаагаа гаргасан компаниуд нийт 88 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бол компаниудын бонд үүнээс зургаа дахин бага буюу 14.3 тэрбум төгрөг байна. Ийнхүү компаниуд бонд гаргахаас илүү хувьцаа гаргаж байгааг Зээлийн батлан даалтын сангийн тухай хуультай холбоотой хэмээн албаныхан тайлбарлалаа. Тодруулбал, одоогийн үйлчилж буй Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль нь хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж буй компанийг тухайн сангаас даах боломжгүй байдаг байна. Тиймээс тухайн хуульд өөрчлөлт оруулж зөвхөн хаалттай бондыг батлан даах биш компаниудын нээлттэй бондыг батлан даах хэрэгтэй юм.

 Уг нь бол компаниуд хувьцаа гаргалаа гэхэд ханш өсөх, буурах эрсдэлтэй байдаг бол бонд гаргахад хүү бага ч гэсэн эрсдэлгүйд тооцогддог. Бонд худалдан авсан тохиолдолд тухайн компанийн ашиг, алдагдлаас үл хамааран ямар нэг эрсдэлгүйгээр мөнгөө эргүүлэн авна. Банкны хадгаламжийн хүүгээс өндөр өгөөжтэй учраас иргэдэд ч ашигтай байдаг. Тиймээс компаниудыг бонд гаргуулахын тулд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нээлттэй өрийн хэрэгсэлд батлан даалт гаргах тухай заалтыг нэмж оруулах хэрэгтэйг салбарынхан онцоллоо.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)