Э.Нэргүйбаатар: Баганагүй монгол гэр хийх зорилго тавьсан

ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  сангаас санхүүжүүлдэг зургаан хөтөлбөрийн нэг нь Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр юм. Өмнөх дугаарт гаднын санхүүжилтээр хэрэгжиж байгаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр болон ХНХЯ-наас санхүүжүүлж байгаа гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт шалгарсан залуусын төлөөлөлтэй уулзан мэдээ, сурвалжлагыг бэлтгэн хүргэсэн.

Хөдөлмөр медиа экспогийн энэ дугаарт ХНХЯ-ны зүгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хэрэгжилт орон нутагт үр өгөөжөө өгч чадаж байгаа эсэхийг сурвалжиллаа.

Бид Хэнтий аймгийг зорьж гарааны бизнес эрхлэгч залуусын төлөөлөлтэй уулзлаа. Э.Нэргүйбаатар нийслэлд найман жил нэгэн мужааныг дагалдаж, өөрийн бизнесийг эхлүүлэх ур чадварыг эзэмшсэн. Өнөөдөр тэрээр өөрийн гэсэн гарааны бизнесээ эхлүүлэхийн сацуу өөрөө ажил олгогч болж чаджээ.

-Анх өөрийн бизнесээ хэрхэн эхлүүлж байв?

-Жилийн өмнө Хэнтий аймагтаа буцаж ирэн ид ес эхэлж байхад халаалтгүй хөлдүү байранд монгол гэр, тавилга хийж эхэлсэн. 2-3 сар ажлаа явуулж байгаад Хөдөлмөр халамжийн газрынхантай болон Хэрлэн сумынхаа Засаг дарга дээр орж уулзан өөрийн бизнесээ танилцуулж байлаа. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд гүйж, хөөцөлдсөний хүчинд өнөөдөр өөрийн гэсэн гарааны бизнесээ амжилттай явуулж байна.

Хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүн хийхийн тулд бүхий л ухаан, ур чадвараа шавхдаг.

-Гар урлал хийдэг залуусын өмнө ямар асуудал хамгийн хурцаар тулгамдаж байгаа бол?

-Модон тавилгыг харахад энгийн мэт боловч цаанаа соёлын өвийг тээн дэлгэрүүлж байгаа шүү дээ. Хүмүүс хийц биш үнийг нь түрүүлж шүүмжлэх гээд байдаг. Гэтэл монгол гэрийн тавилга хямдхан гар утасны үнэтэй л дүйнэ. Энэ бүх ажлын ард ямар их хүч хөдөлмөр, цаг зав, ур ухаан шингээн урлаж байгааг иргэд тэр бүр ойлгодоггүй. Оюуны өмч болсон нэг бүтээл шинээр хийхэд түүнийг нь хэн нэгэн нь зүгээр л хуулаад тавьдаг. Энэ мэтээр мужааны бүтээл үнэ цэнээ алдаж байгаад их харамсдаг.

Хэдийгээр би мэргэжлийн сийлбэрч биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд урлаж байгаа бүтээлээ толгойдоо төсөөлөн цаасан дээр буулгаж, модоор урладаг. 17 настайгаасаа л хөдөлмөр эрхлэн өөр шигээ хүсэл тэмүүлэлтэй залууст цаашдаа гарааны бизнесээ эхлүүлэн зүг чигээ олоход нь дэмжлэг болохсон гэж модон тавилгаа хийж эхэлсэн.

-Ажлын байраа танилцуулахгүй юу?

-90 м.кв ажлын байрандаа модоор гэр ахуйн тавилга, ширээ, сандал, монгол гэр хийдэг. Өөрийн бизнесээ эхлүүлэн хоёр ажлын байр бий болгосон. Өнөөдөр надтай цуг манай гэр бүлийн хүн болон найз маань ажилладаг. Хэнтий аймгийн МСҮТ-ийн мужааны ангийн 11 хүүхдийг өөрийн ажлын байран дээр дадлагажуулахаар төлөвлөсөн. Ингэснээр цаашдаа мэргэжлээрээ ажиллах сонирхолтой хүүхдийг сургаж авна.

Хэдийгээр монгол тавилга, сийлбэрийг хүн бүр хийдэг ч гар аргаар урлаж байгаа хоёр, гурван сийлбэрчийн нэг нь болж яваадаа баяртай байдаг.

-Залуусын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хэрхэн хамрагдав?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар анх фейсбүүк хуудаснаасаа мэдээлэл аван сургалтад хамрагдсан. Гурав хоногийн сургалтын дараа төслөөс шалгаран санхүүгийн дэмжлэг авахаар болсноо дуулаад маш их баярлан сэтгэл хөдөлсөн. Энэ бол зөвхөн эхлэл гэдгийг дотроо тунгаан бодсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт манай аймгаас дөрвөн залуугийн гарааны бизнес шалгарч тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй зээл авахаар болсон. Өмнө нь нэг л гарааны бизнесийг шалгаруулж байсан юм билээ. Энэ тоо дөрөв болж өссөн нь бидэнд олдож байгаа боломж гэж харж байгаа.

-Ирэх 5, 10 жилийн бизнесийн зорилтоосоо хуваалцахгүй юу?

-Ойрын гурван жилд Хэнтий аймгийн хамгийн том үйлдвэр болох зорилго тавьсан. Би архитектурын мэргэжилтэй. Энэ чиглэлээрээ 13 зууны үеийнх шиг хийцтэй  монгол гэртэй жуулчны бааз байгуулах зорилготой. Төслийг нь ч гаргасан. Цаашдаа баганагүй монгол гэр хийх хүсэл байна. Мөн өөрийн бизнесийн 5, 10 жилийн дараах зорилгоо тодорхойлон Хэнтий аймгийнхаа хэмжээнд монгол гэр, ахуй хэрэглээний бүхий л модон тавилгыг чанартай, уламжлал, соёлоо хадгалан урлахыг зорьж байна.

ХНХЯ-наас Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ жил дөрвөн төслийг шалгаруулж, нийт 40 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Эдгээр төслүүдийн хувьд мах, махан бүтээгдэхүүн боловсруулалт, мал аж ахуй чанартай ангилсан махны үйлдвэрлэл, мод, модон эдлэл, түргэн хоолны үйлчилгээ гэсэн чиглэлээр залуус төсөл бичин шалгарчээ.

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба "Гарааны бизнес ихэнхдээ залуус руу чиглэн тэд үйлдвэрлэлийн төслүүд дээр нэлээд ажиллаж эхэлсэн. Эдгээр гарааны бизнес эхлүүлж байгаа залууст хандан судалгаагаа сайн хийж төслөө боловсруулаарай гэж захидаг. Зах зээл дээр эрэлтгүй, борлуулалтгүй бизнес эхлүүлбэл дампуурдаг хуультай шүү гэдгийг залуустаа зөвлөдөг" гэлээ.

Хэнтий аймгийн хувьд өнгөрсөн жилүүдэд ажлын байр хомс, ажилгүйдлийн түвшин өндөр байжээ. Тиймээс хүн амынхаа дийлэх хувийг эзэлж байгаа залуусыг ажилтай, орлоготой болгох хөтөлбөрт ихээхэн ач холбогдол өгч байгааг албаныхан онцолсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. kazakh,kirgiz, baruun mongoloos gadna zuun mongol ,uvurmongol geruud baganagui baidag. yer n anhnaasaa baganagui l baisan. hund nuser bagana,toono tuv halhuudad l bii. magadgui mongolchuudiin yavdal suudliig udaashruulj, nuserjuuleh manjiin bodlogo baisan baij bolno.

    0 0 Хариу бичих
  2. монгол гэр баганагүй байсан юм гэсэн. баруун аймагт хуучины гэр байдаг. тооно яг хуучнаараа. одоо энэ киргиз билүү, казах билүү төрийн туг дээр байдаг. төгрөг дээр тэр өндөр баганагүй гэрийн зураг бий.

    0 0 Хариу бичих
  3. Баганагүй гэр бол Казак гэр шүү дээ

    0 1 Хариу бичих
  4. ОК

    0 0 Хариу бичих