Залуусын гарааны бизнест 10 сая төгрөгийн хүүгүй зээл олгож байна

“Хөдөлмөр медиа экспо”- гийн энэ дугаарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүждэг залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг онцолж байна. 

Энэ талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтсийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Хадхүүтэй ярилцлаа.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн талаар сонирхуулахгүй юу?

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ буюу “Start-Up” хөтөлбөрийг бид Монголоор цахиур хагалах бизнес гэж ярьдаг. Энэ бизнес залуусаас шинэлэг санааг үүсгэдэг. Америк болон Европын орнуудад үүссэн бизнесийн шинэ санаа зарим уламжлалт зах зээлийг нураасан. Тухайлбал, Америкт уламжлалт хуучин такси үйлчилгээг залуусын санаачилсан шинэ такси үйлчилгээ цохин гарч ирсэн. Энэхүү шинэ санаанаас үүдэлтэй хэд хэдэн хөтөлбөр Монголд бий. Үүнд, залуучуудын, малчдын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөлбөр багтдаг.

Хөтөлбөрийн онцлог юу вэ?

Залуусын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр гээд шинэ бизнесийг бид туршиж эхэлсэн. Энэ хөтөлбөр дотроо гурван хэсэгтэй. Нэгдүгээрт, залуусын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг зохион байгуулдаг. Хоёрдугаарт, шалгарсан залууст гурван жилийн хугацаатай 10 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг болох зээл олгодог. “Шарк Танк” шиг арга хэмжээ юм. Гэхдээ Ховд, Дорноговьд байгаа залуус том бизнесүүдийн өмнө тэр бүр гарааны бизнесээ танилцуулж чадахгүй. Тиймээс үүнийг монголчилсон байдлаар тусгай хөтөлбөр гаргаж зохион байгуулдаг. 

Энэ хөтөлбөрт 2018 оны байдлаар нэг тэрбум орчим төгрөг зарцуулж 21 аймаг есөн дүүрэгт шилдэг гарааны бизнесийн гурван баг бүрийг 10 сая төгрөгөөр дэмжих арга хэмжээ зохион байгуулдаг.

Залуус энэхүү хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр бол шинэ санаатай ч түүнийгээ ажил болгож чадахгүй яваа залууст хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэр болсон. Аймаг орон нутагт гарааны бизнесийн хөтөлбөрийг зарлан түүнд шалгарсан залуус нэг минутад багтаан өөрийн санаагаа бичлэг болгон явуулан түүнээс 50 залууг сонгон манайтай гэрээтэй “Start Up Mongolia” ТББ, Монголын бизнес менежментийн холбоо зэрэг байгууллагууд гурав хоногт багтаан сургалт хийдэг. 50 залуугаас 10-ыг шалгаруулан хамгийн сүүлд гурван багт санхүүгийн дэмжлэг олгох зарчмаар явна. Шалгарсан гурван багт санхүүгийн дэмжлэг олгохоос өмнө 5 долоо хоногийн хурдасгуур хөтөлбөрт хамруулан санхүүгийн бизнес санаа, том бизнес эрхлэгчидтэй уулзуулан туршлага хуримтлуулдаг. Улаанбаатар хотод нийслэлийн хөдөлмөрийн газар энэхүү хөтөлбөрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Төслийн тухай онлайнаар зар тарааснаар өдгөө Ховд аймгийн сумдад хүртэл зохион байгуулж тэндээс шалгарсан залуус дараа дараагийн арга хэмжээнд хамрагдсан. Гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт орохын тулд залуу хүн өөрийн шинэ санаагаа бэлдэн багаар болон ганцаараа оролцоод бизнесийн шинэ санаагаа хэрэгжүүлэхээр хурдасгуур хөтөлбөрт ордог. Хурдасгуурт орж өөрийн санаагаа төсөл болгон бэлдэн “Шарк Танк” буюу ажил олгогчдод танилцуулдаг онцлогтой хөтөлбөр юм.

Энэ хөтөлбөрийн үр дүнд бизнесийн гараагаа амжилттай эхлүүлсэн шинэ санаа, төслүүдээс дурдвал?

Төсөлд шалгарсан залууст санхүүжилтийг зүгээр өгдөггүй. 5 долоо хоногийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдан бизнесийн зөвлөгөө өгдөг. Тууштай байж чадаж байгаа шалгарсан багт л 10 сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүжилтийг олгодог. Баянхонгор аймгаас гэхэд л шилдэг гарааны бизнесээр хөлдүү тарагны “Мазаалай” нэртэй бүтээгдэхүүн, Өмнөговь аймагт ингэний сүүгээр ааруул, ээдэм хийдэг залуус шалгарсан. Мөн Өмнөговь аймгийн Манлай суманд ажлын хувцас хийдэг залуус гарааны бизнесээ эхлүүлсэн. Тэд орон нутагт байгаа зах зээлээ тооцож шинэ санаагаа ажил хэрэг болгож байгаа учраас янз бүрийн хэлбэрийн шинэ санаанууд шалгарсан. Мөн гарааны бизнесийн эхний шатанд шалгарсан 50 баг гурав хоногийн сургалтад суун 10 багт шалгараагүй ч тэд бизнес төлөвлөгөөн дээр ажиллаад эерэг болон сөрөг талаа харан, бизнесийн талбараа олдог гээд олон давуу талуудыг дурдаж болно.

Гарааны бизнесийн төслийн биелэлт хэдэн хувьтай явж байна?

Бидний гарааны бизнесийн 2018 оны төлөвлөгөө 53 хувийн биелэлттэй явна. Дээрээс нь манай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөж байгаа хүүхдүүд болон залуус баг болон энэ төсөлд орж ирж байгаа нь сайшаалтай. Ингэснээр тэд багаар ажиллах чадварт суралцан богино хугацаанд асар олон ур чадварыг эзэмшин дараа дараагийн шатанд бэлтгэгддэг. Нийт залууст хүртээмжтэй арга хэмжээ болж байгаагаараа манай Хөдөлмөр эрхлэлтийн медиа экспогийн нэг шинэ хэлбэр гэдгийг онцлох ёстой. Тиймээс залуучууд нийслэлийн есөн дүүрэгт явж байгаа хурдасгуур хөтөлбөрийг арга хэмжээг зорин очиж үзээрэй гэж уриалья.

Залуусын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт 1309 иргэнийг хамруулж 1 тэрбум 767 сая гаруй төгрөгийн санхүүжилт олгожээ.

Залуусын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 2018 онд 3759 иргэнийг хамруулж 3 тэрбум 563 сая 400 мянган төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ.

Энэ оны наймдугаар сарын гүйцэтгэлээс харахад 1309 иргэнийг хамруулж, 1767911500 төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнд гарааны бизнесийг хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахад 30 иргэнийг хамруулж 300 сая төгрөг, гарааны бизнесийн дэмжлэг буюу 100 хувь эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт 144 иргэнийг хамруулж 1.440 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Мөн 100 хувь эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хувьд 435 иргэн 1.205 тэрбум төгрөг, борлуулалтын дэмжлэг үзүүлэх ажилд 226.800 сая төгрөгийг олгохоор төлөвлөжээ.

Харин ажлын байрны түрээсийн хөнгөлөлтийн хувьд 596 иргэнийг хамруулж 312 сая төгрөгийн санхүүжилтийг олгох аж. Харин энэ оны наймдугаар сарын гүйцэтгэлээр 27 иргэнийг хамруулж 17 сая 800 мянган төгрөгийн санхүүжилт олгожээ. Аж ахуй эрхлэлтийн ур чадвар олгох сургалтад 2760 иргэнийг хамруулж, 82 сая 800 мянган төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөснөөс энэ оны наймдугаар сарын гүйцэтгэлээр 818 иргэнд 23 сая 502 мянган төгрөгийн санхүүжилт олгожээ.

ХНХЯ-наас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрөөс шалгарсан гарааны бизнест 10 сая төгрөгийн хүүгүй зээл олгож, цаашдын үйл ажиллагааг нь дэмждэг. Тэгвэл дүүрэг болон орон нутгаас шалгарсан багууд гарааны бизнесийг бойжуулах зорилготой таван долоо хоногийн хурдасгуур хөтөлбөрт хамрагддаг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. шал худплаа мэдээлэл ч байхгүй холбогдох хаяг ч үгүй зүгээр л мөнгө угаалт

    0 0 Хариу бичих
  2. Haashaa bichleg ilgeeh ve? Shalguur n gh met delgerengui tailbar bna u?

    0 0 Хариу бичих