Залуусын гарааны бизнест 10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлдэг

"Хөдөлмөр медиа экспо" -гийн хүрээнд бид энэ удаад ХНХЯ-наас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрөөс танилцуулж байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэгжийн захирал Т.Энхтуяатай ярилцлаа.

-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэдэн оноос хэрэгжиж байгаа вэ. Төслийн үр дүнгээс танилцуулахгүй юу?

2016 оноос хэрэгжиж эхэлсэн төсөл маань энэ 12-р сард дуусна. Төслийн гол үр дүнг тоймлож хэлбэл найман аймаг, хоёр дүүрэг дээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр загвар төвийг байгуулсан. Энд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээнд хэд хэдэн үйлчилгээг шигтгэж өгөх бодол байгаа. Үүнд, залуучуудын ур чадварт үнэлгээ хийдэг буюу ажил горилогч өөрийн ур чадвараа үнэлүүлдэг үйлчилгээг нэвтрүүлнэ.Мөн хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргана. Үүнд хувь хүн эхлээд ямар хэмжээнд юу хийж чадах, цаашид карьераа хэрхэн дээшлүүлэх тал дээр хэтийн зорилттой хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж өгнө. Түүнчлэн модуль буюу бодит ур чадварыг нь сайжруулах сургалт явагдана. Ингэснээр ажил хайгч хэрхэн эссэ бичих, ажил олгогчтой харьцахдаа өөрийгөө зөв үнэлүүлэх хэмжээнд зөвлөгөө өгдөг шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Эдгээр төвүүд маань амжилттай ажиллаж байна.

-Санхүүжилтээ хэрхэн шийдсэн бэ?

-Манай төсөл Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй. Германы "GFA" компани гурван жилийн хугацаанд 2.4 сая төгрөгөөр хэрэгжүүлэх төсөл юм. Үүнд гурван бүрэлдэхүүн хэсэг, оффист ажиллаж байгаа хүмүүс, зөвлөх үйлчилгээ гээд бүх зардлууд орно.

Гарааны бизнесийн хувьд бид нэг бизнест 10 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгодог. Загвар хөдөлмөрийн төвүүдэд 10 орчим мянган швейцар франкаар оффисын тавилга, тоног төхөөрөмж, дотоод заслын ажлыг нь хийн хүлээлгэн өгсөн.

-Загвар хөдөлмөрийн төвийг байгуулахад ямар хугацаа шаардагдаж байв. Тэнд ажиллах боловсон хүчнээ хэрхэн бэлдэв?

-ХНХЯ бидэнд энэ тал дээр тусалсан. Яам, аймгийн хөдөлмөрийн хэлтсүүдэд ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлдэг тусгайлсан төсөл хөтөлбөр хариуцдаг мэргэжилтнүүд байдаг. Тэдгээр мэргэжилтнүүдтэйгээ хамтран нэг хүнийг сургаж бэлтгэн загвар хөдөлмөрийн төв дээр ажиллуулж байна.

Эдгээр загвар төвүүд ажил хайж байгаа залууст нээлттэй. Улаанбаатар  хотод Баянгол, Хан-Уул дүүргийн загвар төв дээр очиход ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд хүлээн авч, эхний ээлжид сул чөлөөтэй байгаа ажлын байрны мэдээллийг өгдөг. Сул чөлөөтэй ажлын байранд зуучлуулж очихын тулд өөрийгөө хэрхэн бэлтгэх, анкетаа яаж бөглөх, ярилцлагад хэзээ орох уу гээд бүхий л чиглэлээр мэдээлэл өгөн үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай.

Одоогоор бид зарим газруудынхаа үйл ажиллагааг дөнгөж эхлүүлээд байгаа. Нэг аймаг дээр 2000 гаруй залууд зөвлөх үйлчилгээг үзүүлсэн гэсэн тоо байна.  

-Төслийн хугацаа дуусахаар эдгээр төвүүдийн санхүүжилтийг хэрхэн шийдэх үү?

-Энэ талаар бид яамтайгаа ярьж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тодорхой үйлчилгээнүүдээ цаашдаа хэрэгжүүлнэ гэдэг дээр хуулийн хүрээнд тохирвол хөрөнгө гаргаад явах боломжтой харагдаж байгаа. Энэ бол цаг хугацааны асуудал.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлдэг. Төслийн хүрээнд залуучуудад ажилтай болохын тулд өөрийн боломж бололцоо, ойрын ирээдүйд хүрэх цэгээ тодорхойлох, чиглүүлэх ажилд зуучлах загвар төвийг Өмнөговь, Завхан, Ховд, Говь-Алтай аймаг болон Баянгол, Хан-Уул дүүрэгт байгуулжээ.

Ажил хайж байгаа хэн бүхэн боломж ирэхийг хүлээлгүй эдгээр төвүүдээр зочлоорой.

-Хувь хүн рүү чиглэсэн загвар төвүүдийг байгуулсан-

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн төслийн зөвлөх Иван Такач  "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төвүүд олон улсын түвшинд "Job Club" нэртэйгээ үйл ажиллагаа явуулдаг. Словак, Чех зэрэг оронд байгуулагдсан сайн туршлага бий.  Залуучуудад хандсан хөдөлмөр эрхлэх үйлчилгээг захиргааны шинж чанартай биш илүү хувь хүн рүү чиглэсэн байдалтайгаар явуулья гэсэн зорилготойгоор энэхүү төслийг Монгол Улсад хэрэгжүүлсэн. Европын холбооны гишүүн орнуудын хувьд иймэрхүү загвар төвүүдийг байгуулаад цаашид тогтвортой авч явахад Засгийн газраас нь баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийн асуудлыг шийдэж өгч байгаа. Жишээлбэл, Ажлын баталгаа гэсэн хөтөлбөр байдаг.  Монгол Улсын хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас цаашид энэ загвар төвүүдийг төсөвт оруулан тогтвортойгоор авч явах саналыг бид оруулсан. Бусад аймгуудад ийм загвар төв байгуулаад авч явахад урьдчилсан байдлаар хэдэн төгрөг шаардагдахыг тооцож байгаа. Төсөл хэрэгжиж байгаа аймаг, дүүрэг гэлтгүй бусад аймгуудад загвар төвийг байгуулан үйл ажиллагааг нь авч явах зөвлөмжийг өгсөн" гэлээ.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд ажилд зуучлах, чиг баримжаа, зөвлөгөө өгөх загвар төв байгуулахаас гадна гарааны бизнес эрхлэгчдийн бичсэн төслүүдийг шалгаруулж, сургалтад хамруулан 10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэгийг олгодог.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Shal hudlaa yarudag hezeech garaanii biznesee ehlvvlj bgaa zaluu hvn awdaggvi chi uuruu l tanil taldaa ugdug bizdee hudlaa yarigch hudalch avgai

    0 0 Хариу бичих
  2. Төслөө хаах болохоороо ярилцлага өгөөд байх да яахав дэ. Бас сайд дарга нар авсан у

    1 0 Хариу бичих