Мэдээ мэдээллийн еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг км-т” цуврал сурвалжлагаа уншигч танд хүргэхээр зорьж байгаа билээ. Эхний дугаартаа бид  Баянзүрх дүүргийн 7, 8 дугаар хороо буюу Зүүн дөрвөн замын уулзвараас Сансрын аюулгүйн тойрог хүртэлх нэг км замд хэчнээн ломбард үйл ажиллагаа явуулж байгааг тодруулсан.

Энэ удаад Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Home Plaza" дэлгүүрийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх нэг км замд хэчнээн орон сууцны хотхон байрлаж байгааг сурвалжиллаа.

Үндэсний компаниуд 2000 оноос барилгын салбарт хүч төрөн орж ирсэнтэй зэрэгцэн хотхон, хороолол, цогцолбор, town, apartment, residence , village, garden гэх гоё, чамин тодотголтой барилгууд олноор сүндэрлэн боссон.

Бидний зорин очсон Хүннүгийн гудамжны хоёр талд нийтдээ 19 хотхон, хороолол, apartment, residence , village байх аж. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь Баян Монгол, Дүнжингарав, Олимп хотхонууд. Олимп хотхон гэхэд л Олимп Плаза гэх барилгатай. Нэр нэгтэй ч статус өөр мэт олон барилга, орон сууц энэ гудамжинд байрлана. Дээрх 19 хотхон, хорооллоос 3 байгууламжид барилгын ажил явагдаж байсан юм. Түүнчлэн Emerald residence, Crystal Town, Santo, Time Tower гэх газруудад өргөтгөл, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа.

-Хотхон, таун хорооллын эрх зүйн зохицуулалт байхгүй-

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уулаас хотхон, хорооллын статусыг хэрхэн тогтоодог талаар тодрууллаа.

-Хороолол, хотхоны стандартыг хэрхэн тогтоодог вэ?

-Хотын ерөнхий төлөвлөгөөг баримтлан хорооллын зохион байгуулалтыг хийдэг. 2013 онд УИХ-аар батлагдсан Улаанбаатарын зургаа дахь ерөнхий төлөвлөгөөнд нийтдээ 47 нэгж хороолол байхаар тусгаж, хил хязгаарыг нь тогтоож өгсөн. Эрх зүйн орчинд хоёр байшин баривал хотхон болно гэсэн зохицуулалт байхгүй.

-Хүннүгийн гудамжид байрлах хороолол, хотхонууд хэддүгээр нэгж хороололд багтдаг бол?

-Тэр хэсэг газарт байрлах хороолол, хотхонууд 13 дугаар нэгж хороололд багтдаг. 13 дугаар нэгж хороолол нь нийтдээ 252 га-г хамарсан буюу Зүүн дөрвөн замаас хотын төв, ГХЯ, урагшаа цэцэрлэгт хүрээлэн хүртэлх том орон зайг хамардаг.

-Шинээр баригдаж байгаа барилга, орон сууцанд ямар шалгуураар нэршил өгч байгаа вэ?

-Одоо мөрдөгдөж байгаа Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын нормоор 250 га нутаг дэвсгэрт төлөвлөлт хийх бол хорооллын хэмжээ болно гэж заасан. 2004 онд зохиогдсон энэ дүрмийг шинэчлэх шаардлагатай.

Одоогоор ихэвчлэн газар болон барилгын зориулалт иргэний нэрээр явж байгаа. Нэр өгөх бол цэвэр тухайн барилгын эзэмшигч, ашиглагчийн хүсэл, сонирхлын асуудал.Зарим талаар тухайн байгууллага, иргэний маркетинг, менежменттэй ч холбоотой байх. Харин хаягаа байршуулах нь барилга дээр тавигдах тусгай дүрэм, журмын дагуу явж байгаа.

Бидний сурвалжлага бэлтгэсэн Хүннүгийн гудамжны нэг км замд байрлах хотхон, хорооллууд орон сууцны төвлөрсөн цэгцтэй хэсэгт тооцогдоно. Гэхдээ хуучин хороолол дунд нэг хоёр барилга, байшин босгоод л гадаадаар хотхон, town хэмээн нэрийдсэн нь олон. Нийслэлчүүд ч тэр бүр хотхон, хорооллын нэрийг ялгаж мэдэхгүй будилах нь их.

Гоё ганган нэр шигээ гаднаа автомашины зогсоолгүй, орох гарах гарцгүй, хүүхдийн талбайн талаар дурсаад ч хэрэггүй хотхон, хорооллыг цэгцлэх цаг нэгэнт болсныг холбогдох албаныхан анхааралдаа авах биз ээ.