Шилэн данс-ширэн нүүр

Олон нийтийн талархлыг хүлээж, иргэдэд итгэл найдвар төрүүлж батлагдсан хууль цөөхөн. Тэр цөөхөн хуулиудын нэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлан батлуулсан Шилэн дансны тухай хууль. Гурван бүлэг, 11 зүйлтэй, бусад хуультай харьцуулбал товчхон гэж хэлж болох энэ хууль хэрэгжиж эхлээд гурван жил гаруйн хугацаа өнгөрчээ.

Анх батлагдах үед нь иргэд “Татвар төлөгчдийн мөнгө юунд зарцуулагдаж байгааг хянах боломжтой боллоо” хэмээн ихэд олзуурхаж байлаа. Мөн хэрэгжиж эхэлсэн даруйдаа ханцуй дотроо наймаалцах зарчмаар хийгдэж байсан төсвийн зарим үр ашиггүй, шударга бус зарцуулалтыг зогсоож байв. Харин сүүлийн үед Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт суларч, иргэд олон нийт ч ийм хууль байдгийг аажмаар мартаж байгаа бололтой.

Шилэн дансны тухай хуульд шилээ харуулсан эрхмүүд

Шилэн дансны тухай хууль анх амжилттай хэрэгжихэд нөлөөлсөн нэг хүн бий. Тэр бол Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан, иргэн Б.Цогтгэрэл. Тухайн үед сөрөг хүчин буюу УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд ажилладаг байсан түүний шаардлага улс төрийн зорилготой хэдий ч үр дүнгээ бодитоор өгдөг байлаа. Төрийн байгууллагуудыг Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж шилэн дансаа тогтмол хөтлөхийг идэвхтэй шаардсаныхаа үр дүнд тэрээр Шилэн Цогоо хэмээн нэрлэгдэх болсон. Мөн “Шилэн ном” нэртэй ном хэвлүүлж явлаа. Гэвч МАН сонгуульд ялалт байгуулж намынхан нь энэ хуулийг хэрэгжүүлэх болсноос гадна Шилэн Цогоо өөрөө дэд сайд болсноор шилэн данс тойрсон хэл ам намжсан. Түүнээс хойш Шилэн Цогоо шиг эрх баригчдаас Шилэн дансны тухай хуулиа хэрэгжүүлэхийг шаардах, ямар алдаа гарч байгааг мэдээлэх хүн сөрөг хүчнээс гарч ирсэнгүй.

Харин ажил хийж байгаа хүн л алдаа гаргадаг гэдэг шиг шилэн дансаа тогтмол хөтөлж байгаа байгууллагуудын жижиг алдааг дэвэргэх хүн олон байна. Эсрэгээрээ шилэн дансаа огт хөтлөхгүй байгаа төрийн байгууллагуудад шаардлага тавих хүн алга. Уг нь хуулиа хэрэгжүүлж байгаа байгууллагын жижиг алдааг ярихын оронд огт хууль хэрэгжүүлэхгүй байгаад нь шахалт үзүүлэх ёстой юм. Анх шилэн данс хөтлөөгүй нь бурууддаг байсан бол одоо шилэн дансаа хөтөлсөн нь бурууддаг болж.

Уг нь үүрэгт ажлаа хүлээлгэн өгч харьцангуй завтай болсон иргэн Б.Цогтгэрэл хүний өөрийн гэж ялгахгүйгээр хууль хэрэгжүүлэхийг шаардаж чаддагсан бол түүний хуучин “ажлын байр” эзэнгүй байна.

Шилэн дансны тухай хуулийг санаачлан батлуулсан Ц.Элбэгдорж, хэрэгжүүлэхийг шаардсан Шилэн Цогоо нараас дутахааргүй үүрэгтэй нэгэн гол дүр энэ хуульд бий. Тэр бол энэ хуулийг ангийнхнаараа хэлэлцүүлэн батлуулж гарын үсгээ зурсан УИХ-ын дарга асан З.Энхболд. Тэрээр одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй. Төрийн залгамж чанарын дагуу Ерөнхийлөгчийн институцээс батлуулсан, өөрийнхөө баталсан хуулийг хэрэгжүүлж ажиллах нь түүний үүрэг. Гэвч Ерөнхийлөгчийн Тамгын газар шилэн дансаа хөтлөөгүй байна. Уг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Шилэн дансны тухай хууль батлагдсаны дараа төрийн байгууллагуудаас хууль хэрэгжүүлэхийг шаардаж, хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байв. Харин одоо өөрт нь анхааруулах цаг болжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд ингэж хандаж байгаа бол УИХ-ын Тамгын газар шилэн дансаа тогтмол хөтөлжээ. Батлуулсан, баталсан хуулиа дээдлэх үүрэгтэй хоёр институцыг харьцуулахад л ийм ялгаа гарч байх жишээтэй. Түүнээс доош төрийн байгууллагууд шилэн дансаа хөтлөхгүй байх нь бүр энгийн үзэгдэл болжээ. Товчхондоо бол шилэн дансыг ширэн нүүртнүүд мартагнуулж байна.

Шилэн дансны тухай хуулийг баталсан З.Энхболд, хэрэгжүүлэхийг шаардаж явсан Шилэн Цогоо нар бууриа сэлгэсэн шигээ байр сууриа өөрчилсөн байж болох ч хуулийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавих ёстой хүмүүс бол аудитын байгууллагынхан.

“Аудит хийж болно” гэж заасан нь хийхгүй байх үндэслэл болов уу

Шилэн дансны тухай хуулийн 8.1-т “Шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны ИТХ, иргэдийн нийтийн хурал, төрийн аудитын байгууллага хэрэгжүүлнэ”, 8.3-т “Төрийн аудитын байгууллага нь өөрийн санаачилгаар шилэн дансны мэдээлэлд аудит хийж болно” гэсэн заалт бий. “Шилэн дансны мэдээлэлд аудит хийж болно” гэж заасан нь аудитын байгууллагын идэвх санаачилгыг бууруулж байхыг үгүйсгэхгүй. Учир нь, “Аудит хийж болно” гэдэг нь “Хийхгүй ч байсан болно” гэсэн үг юм. Дээрээс нь аудитын байгууллага өмнөх ажилтайгаа зууралдсаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж чаддаггүй гэдгийг Үндэсний аудитын газрын дэд дарга С.Оюунбилэг хэллээ.

Үндэсний аудитын газрын дэд дарга С.Оюунбилэг "Өнгөрсөн хугацаанд Шилэн дансны тухай хуулийг хэд хэдэн удаа шалгасан боловч хангалттай хэрэгжихгүй байгаа. Энэ нь аудитын байгууллагын хүний нөөц, цаг хугацааны боломжгүй байдалтай холбоотой. Нөгөө талаас төсөв захирагч нарын хариуцлагагүй байдлаас болоод хэрэгжихгүй байна" гэсэн юм.

Аудитын байгууллага ийнхүү Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн өмнө хүчин мөхөсдөж байгаа учраас иргэний нийгмийн байгууллагатай хамтран уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавихаар боллоо. Тодруулбал, Үндэсний аудитын газар Нээлттэй нийгэм форумтай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр Нээлттэй нийгэм форум Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих юм байна. Энэхүү хяналт шалгалтын дүнг ирэх арванхоёрдугаар сарын 15-нд гаргаж УИХ-д танилцуулахаар төлөвлөжээ. Тухайн үед Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хэр суларсан нь илүү тодорхой болох биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Шилэн данс хэрэгжихээ больчихсон шд юугаа ч бичих вэ дээ жип авлаа ,гадаад томилолт ,тавилга авлаа,хамаатны хүүхдээ сургуульд явуулла ,тэгээд ой баяр тэмдэглэлээ гэж бичилтэй биш

    0 0 Хариу бичих