Индекс: Улс орны нэр хүндийн шалгуур

Цагаан сарын хэдэн өдөр, наадмын гурван өдөр монголчууд жаргал цэнгэлээ яг эдэлдэг. Тэр үед гадаадынхан монголчуудын аз жаргалтайг гайхан бишэрч, ямар азаар энд төрөв өө хэмээн атаархдаг байх. Гадаадын ТВ-ийн зарим нэвтрүүлэг яг тэгээд хэлээд ч байх шиг.

Егөөдөл, эсвэл яг үнэн, алин болохыг олон улсын судалгааны элдэв статистик тоо баримт, харьцуулсан индекс, индикатор хэлээд өгдөг юм.

Монгол хаана вэ? НҮБ гэж улс орнуудад рейтинг тогтоож тавьдаг нэг лут байгууллага байна. Хүний хөгжлийн индекс ба индикатор гэх илтгэл сайтад тавигдлаа. Нийт 189 улс жагсаж байгаагаад өндөр хөгжил бүхий 59, дундаж улсууд, тэгээд хамгийн дорой 38 улс ярайж харагдана. 2010 онд энэ хоёр тоо 46:49 байсан бол одоо гэгээлэг рүүгээ яваа бололтой. Ямар ч гэсэн сүйрч буй улс 49 байснаа 38 болж буурчээ. Сайн хэрэг. Монгол маань эхний хэдэд бараадахгүй ч сүүлчийн 38-аас хамаагүй дээгүүр буюу 189 улсаас 92-т (дундаж хөгжилтэй) бичээтэй буй. 

Ямар шалгуураар ингэж жагсаав гэвэл хүн амын дундаж наслалт (1); сургууль боловсролын үргэлжлэх хугацаа (2); ДНБ-ээсээ хүн амдаа ногдох хэмжээ (3) гэх гуравхан шалгуур. 

Эхний нэг нь ойлгомжтой, маргах зүйл алга, НҮБ-ын тоо толгой эргүүлмээр. “Эрүүл мэндийн үзүүлэлт” номд дурдсанаар бол 2016 онд Монгол хүний дундаж наслалт 69.57, үүнд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.10, эрэгтэйчүүдий дундаж наслалт 65.58 байсан. Одоо нэг их өөрчлөгдөөгүй. Хамгийн муу Нигер 60 нас байгаатай харьцуулахад дээгүүр, харин тэр 80 гартлаа насалдагуудын дэргэд муу үзүүлэлт байна. 

Xоёр дахь дээр манай үзүүлэлт маргаантай, дунд сургуулийг 12 жил болгож чадсан нь том дэвшил. Цаашаа суралцах хугацаа ихэнхи их сургуульд 4 жил. Нийлээд 16 жил. Энэ бол тоон үзүүлэлтийн хувьд сайндаа орно. Хөгжингүй орнууд руу дөхнө гэсэн үг. Харин тэр 16 жилдээ тархи оюун, мэдлэг дадлагадаа юу суулгадаг нь эргэлзээтэй, улсын хэмжээнд алаг цоог. Хувь хувьсгалын олон арван их сургуультай, сургууль цэцэрлэг нь хүрэлцэхээ больсон нийслэл хотын хүүхэд залуусыг тооцвол манайд харин тонгоруу үзүүлэлт гарахаар. 

Гурав дахь шалгуурт манай иргэд итгэдэггүй юм билээ. 2017 оны үзүүлэлтээр ДНБ-ий хүн ам тутамд ногдох үзүүлэлт 4071 ам.доллар болж байсан. Дэлхийн дундажийн 32 хувьтай тэнцэнэ. 68 000-ын дэргэд 4000 гэдэг харьцуулшгүй үзүүлэлт. Тэгээд ч манайд энэ тоонд итгэх хүн тун цөөхөн. Бараг байх ч үгүй. Лекц уулзалт дээр энэ тоог ярьж эхэлбэл монгол сонсогчид итгэхгүй, доромжилж байна гэж ойлгоно. Ер нь хэнд ч хандаад Танд жилдээ 4000 доллар ногддог уу гэж асуувал үгүй л гэнэ. Манай эдийн засгийн өсөлт 6.5 хувьтай яваа гэхэд энэ тоог тоож хүлээн авах монгол хүн бараг байхгүй. 

Хүний хөгжлийн индекс ба индикатороор Норвег тэргүүн байрт шалгарчээ. Энэ улс сүүлийн хэдэн жил дараалан шалгарч байгаа. Энэ улсад дунджаар хүн 82 гартлаа насалдаг ба 12 жил суралцдаг, хэрэв их сургуулийг нэмбэл 18 жил орчим суралцах ба гурав дахь үзүүлэлт ДНБ-ээ хүн амдаа хуваавал нэг хүнд 68 000 ам.доллар: Норвегийн араас жагсах нь Швейцарь, Австрали, Ирланд, Герман, Исланд, Хонконг, Швед, Сингапур, Нидерланд гэх мэт. 

Манай гол хөрш Орос маань 49 дүгээрт, Оманы ард, Монте-Негро улсын өмнө. Орост хүн дундажаар 71 насална, 12 жил дунд сургуульд, хэрэв үргэлжлүүлбэл 15.5 жил, харин ДНБ-ээсээ хүн амдаа хуваарилбал 24 000 доллар ногдож байна. Хамгийн адгийн улс нь Нигер гэсэн байх юм. Тэнд 60 нас, дунд сургууль 2 жил, цаашаа суралцвал нийтдээ 5.5 жил, ДНБ-ээсээ хүн амдаа хуваавал 906 доллар гэсэн байх юм.

Хүний хөгжлийн индекст шууд хамаарах хүн амын өсөлтийн үзүүлэлтийг Science Alert гэх хэвлэлд бичихдээ АНУ, Испани, Итали, Өмнөд Солонгос, Япон, Хятадад хүн амын өсөлт удааширч, хөгшин хөвөө хүмүүсийн эзлэх жин өсч байгаад сэтгэл түгшсэн байх аж. Хүн амын өсөлтөд “демографын бөмбөг” гэх ойлголт байдаг юм байна. Тэр бөмбөг удаан ажиллах боловч нэг өдөр тэсэрдэг. Тэр нь хүн ам гэнэт ихээр өснө гэсэн үг. Харин дээрхи нэр бүхий улсуудад энэ бөмбөг удаан ажиллаж, мөд тэсрэлгүй бололтой. Хүн ам дахь ажил эрхлэгчид цөөрсөн үеийг тэгж хэлдэг. Ийм удаашралаас тойрч гарч гарч болно. Ингэхийн тулд нэг эмэгтэйд 2.2 хүүхэд ногдож байх учиртай. Төрөлтийн коэффициент гэдгээр бол хөгжингүй орнуудад энэ тоо 2-оос доошоо унасан. Төрөлтийн коэффициент унасан хөгжингүй орнуудад ажиллах хүчнийг гадаадаас авахаас аргагүй болно. Ажилчин-мигрант цувна гэсэн үг. 

АНУ-аар жишээлжээ. Тус улсад төрөлтийн коэффициент рекорд минимумдаа хүрч, 1.76 гэсэн тоон дээр очжээ. Хүн амын дундаж наслалт 78.7 байдаг, зарим муж улсуудад нь хүүхэд болох, төрүүлэх өртөг 10 000 долларт хүрч, түүнээс үүдэн төрөлт хязгаарлагдсан, эсрэгээр тэтгэвэрт авагчид өссөн, мигрант үлэмж тоогоор очиж буй. Ингээд демографын бөмбөг нь гацаж зогсжээ. 

Испанид нөгөөх коэффициент 1.5 дээр бууж, нас баралт нь төрөлтөөсөө давсан гамшиг нүүрлэжээ. Хүн амын өсөлт нь шилжин очигсод, цагаачдаас шалтгаалаад байдаг, хүн амын хөгшрөлт ихтэй ийм гаж үзэгдэл Италид бас нүүрлэжээ. Санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан хүүхэд төрүүлэхгүй үзэгдэл хаа сайгүй үзэгдэх болжээ. Болгарт коэффициент нь 1.46, энэ янзаараа бол 2050 онд хүн ам нь цөөрсөөр 5.4 сая болно, тэр үед Латвид хүн ам нь 1.52 сая болно гэсэн жишээ татжээ.

Японд коэффициент 1.44, Өмнөд Солонгост 1.26 байгаа нь мөн л доогуур үзүүлэлт. Хятадад гэр бүл хоёр хүүхэдтэй байж болох зөвшөөрөлд олгосон ч 2030 онд гэхэд 60-аас дээш настан 4/1-ээр өсөх нь нэг талын аюул гэнэ. Хүн амын өсөлтийн коэффициент хамгийн доогуур, бараг өсөлтгүй шахам улс бол Сингапур аж. Тэнд 0.83 гэдэг нь нэг эмэгтэйд гэж тооцвол хүн амаа өсгөе гэвэл иммиграцыг хөхиүлэхээс өөр гарц алга.

Хүний хөгжлийн индекс үзүүлэлтээр сүүл барьсан Ардчилсан Конго, Этиоп, Либер, Малави, Төв Африк, Нигер гэх Хар Африкийн улсууд, үндэсний нийт орлогын үзүүлэлтээр биднээс дор улсууд бишгүй байна гээд бид сэтгэл амар сууж ер болохгүй. Ер нь манай үзүүлэлтээс доогуурт тооцогдох манайхаас дор улс хэдэн арав байгаа нь манайд бас гэгээ байна гэсэн үг мөн л дөө.

НҮБ, Дэлхийн Банк, ОУВС-гаас Монголтой хамтран ажилладаг, төсөл хэрэгжүүлдэг, Монголыг судалдаг эдийн засагчид манайаливаа үзүүлэлтэд туйлын сэтгэл дундуур ханддаг ба Хар Африкийнхнаас биднийг сайндаа илүү байна гэж огт магтдаггүй юм билээ. 

Монгол Улс, монголчууд муу байгаагийн шалтгааныг огт ойлгохгүй, тийм шалтгааныг огт олж харахгүй байна гэцгээдэг. Учир нь үзээд өгье гэхнээ муу байх шалтгаан манай улсад Африкийнхан шиг байхгүй байна. Иргэний дайн, олон жилийн угсаатан үндэстний зөрчил, далайн хар шуурга, ган гачиг, амин зуулга нь сүйдсэн, нийгмийг бөөнөөр нь халдварлуулсан өвчин тахал байхгүй, харин ч тэр гялалзаад яваа Норвег, цаашилбал маш жижиг нутагтай Израиль, Сингапур, хүн ам ойролцоо Ирландын дэргэд Монгол бол далай шиг их газартай, дэргэдээ дэлхийн хамгийн том хоёр зах зээлтэй, мал сүрэг нь 70 саяыг давсан, хүн ам нь 3-хан саяулаа байж яагаад хойгуур байр эзлэв гэдэг асуултыг бидэнд эргүүлэн тавьж, муу байгаагийн шалтгаан өөрсдөд чинь байна шүү, Та нарын хөдөлмөр зохион байгуулалтын буруугаас болсон хэмээн анхааруулах бөлгөө. Ардаа 80 гаруй улсыг орхисон, өөрсдөө мэдэхгүй ч дэлхийн хамгийн тааруу улс орнуудын дотор сэмхэн алхаж яваагаа ухаарах цаг болсон мэт, монголчууд минь!

Хүний хөгжлийн индексээсээ халиад улс төр рүү нь өнгийе. НҮБ-аас бус өөр эх сурвалж хайя. Америкийн Gallup хэмээх социологийн судалгааны алба бий. 2017 оноор даян дэлхийн гуниг бухимдал, стресс, гаслан зовлон, уур хилэн, түгшүүрт судалгаа хийжээ. Дэлхийн 146 улсыг хамруулан хүн амаас нь асуулга тавьжээ. Ийм зовлон хэр тулгардаг вэ гэдэгт 38 хувь нь түгшүүртэй явдаг, 37 хувь нь стресстэй, 31 хувь нь биедээ өвчин зовлонтой, 23 хувь нь гунигтай, 20 хувь уурын тулам хэмээн өчжээ. Хамгийн их гаслан зовлонтой улсаар Төв Африкийн БНУ шалгарчээ. Хүн амынх нь 76 хувь зовиуртай, 74 хувь нь түгшиж явдаг. Сүүлийн 10 жилд ийм үзүүлэлттэй улс тааралдаагүй аж. Араас нь Ирак орно. Энэ улс 2008 оноос хойш ямагт сүүлчийн 5 улс дотор муу үзүүлэлтээрээ баттай жагсаж яваа. Иракийн араас Өмнөд Судан, араас нь Чад, Сьерра-Леоне, Египет, Иран, Нигер, Палестины нутаг дэвсгэр, Либер, Мадагаскар, Уганда гээд жагсана. Монгол маань ийм үзүүлэлтээр хаана явна вэ гээд үзтэл бас ч муугүй ээ. Орос, Швед, Нидерланд, Польштой нэг эгнээнд жагссан байх юм. Бүгд л таагүй улс орон гэсэн имижтэй. Хүн амын тоонд нь харьцуулсан байх, бас хүн амын их тооноосоо урган гардаг гэхлээр үхэл ихтэй, архидалт ихтэй гэдгээр Хятад нэрлэгдсэн байх юм. Архи их хэрэглэдэг гэдгээр Хятад, Орос, Энэтхэг гэхчлэн бичсэн нь гайхалтай. 

Хамгийн их гаслан зовлонтой улсаар Төв Африкийн БНУ шалгарсан гэж байна. Бид дээрдэх юм байна уу хэмээн асуумаар. Ядуурал байнга 30 хувьтай, хэрэв төр нь мөнгө тараахгүй бол тэр хувь нь 50 руу дөхчих гээд байдаг, ядуурлаасаа үүдэлтэй бухимдал байнга өндөр, байгаль орчин агаараа сүйтгэж дууссан, гэмт хэрэг хээл хахууль буурдаггүй, хотын түгжрэлд хамаг стрессээ бардаг, мал нь өвчин ихтэй гээд Хар Африкийнхнаас дутахгүй үзүүлэлтийг Gallup хүрээлэнсонирхох ч биш, сонирхох албатай ч биш. Ерөнхийдөө ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг гэчихээр нийгмийн зөрчил нь арилчихдаг хэмээн өрнөдийнхөн хялбаршуулж үзэх нь буй. Монголыг гаднаас нь харахад хэн ч зовсон улс гэхгүй. Гаслан зовлон нь ил харагдахгүй. Хөдөлмөрийн зохион байгуулалт, ажлын соёл, харилцан буулт хийлт дутсан улс юм байна л гээд өнгөрнө. Монголд аюул түгшүүр гэж бодитой үзэгдэх юм алга, гаднаас учрах аюул, дотоодын дайн самуун, террор байхгүй. Харин стресс уур уцаар хангалттай бий. Тэр өөрсдөөс нь болсон, хот төлөвлөлт буруу, шилжилт хөдөлгөөн хэт задгай, зам харгуй муу, автомашины асар бөөгнөрөл, түгжрэлтэй, өвөлдөө хот нь химийн хорт утаанд дарагддаг, өөрсдийнхөө арчаагүйгээс болж ядуу амьдарч, түүндээ бухимддаг, арчаатай нэгэндээ атаархаж хорсдог, хүн ам нь өөрийнхөө буруугааc болсон биеийн өвчин зовлон ихтэй, харин гуниг гутрал багатай, гуниглуулдаггүй урлаг уран сайхан, зурагт, шар хэвлэл, лам бөө, алиа марзан үзэгдэл юмс асар ихтэй. Уйдах зав өгдөггүй. Архидалт дээр манай мэтийн жижиг улсыг тоож судалгаа явуулдаггүй нь тун тоогүй. Хамгийн их архиддаг гэдгээр нэг тэрбум 400 сая Хятад яаж ийгээд хэдэн арван саяыг тоолуулчихна. Гэтэл манай 3 сая дотор архины донтой, хамааралтай, сонирхогч, шохоорхогч гээд дэнсэлбэл чамгүй тоо гарч ирж айлгах байх. Архинаас үүдэлтэй үхэл, өвчин гэвэл бас л их тоо гарна гэхчлэн. Энэ бүхнийг америкийн Gallup хүрээлэн судалж дүнг нь гаргаж байх албагүй.

Монгол орон нээлттэй, байгалийн их баялагтай, зун нь сайхан, тиймээс жуулчдыг татах боломжтой гээд бичвэл Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаа руу орохоос аргагүй юм. Гадаадынхан жуулчлах, очих дуртай улс орнуудын жагсаалт гарсан байна. Нэгдүгээрт Франц нэрлэгджээ. Сүүлийн хоёр жил дараалан бичигдсэн ба 2017 онд 86.9 сая турист авсан. Араас нь Испани орно, 81.8 сая, гуравт АНУ 75.9 сая гадаадын зочин хүлээн авсан гээд байж байна. 

НҮБ-ын энэхүү төрөлжсөн байгууллагын судалгаанд туризм хурдтай хөгжиж буй улсын нэрс байна. 2017 онд Египет нэрлэгдэж, 2016 оныхоосоо 55.1 хувиар илүү жуулчин хүлээн авчээ. Тэр нь 8.6 сая гадаад хүн гэсэн үг. Араас нь африкийн Того, гуравт Вьетнам нэрлэгджээ. Дэлхийн алдартай, их зочилдог музей аль вэ гэдгийг TripAdvisor гэх жуулчлалын сайт 2018 оноор гаргажээ. Парисын Орсе, Лувр музей, Нью-Йоркийн үндэсний мемориал музей (“2001.09.11”-ний), Метрополитен-музей, Лондон дахь Британийн музей, Мадрид дахь Прадо үндэсний музей оржээ. Үүнийг яах гэж бичиж байна вэ? Манай Цонжин болдог дахь морин дээрхи Чингис маань хэзээ нэг ингэж бичигдэх бол гэсэн миний далд хүсэл юм л даа. Ямар ч монгол хүн ингэнэ дээ.

Ингэхэд дэлхийн аль бүс нутаг аялал жуулчлалаараа татагддаг вэ? Өмнөд Европ, Газар дундын тэнгисийн Европын эрэг хавь (+13 хувийн өсөлт), Өрнөд Европ +7 хувь, Умард Европ ба Төв, Дорнод Европ хасах 5 хувийн бууралттай. 2017 Европт 671 сая хүн жуулчилсан нь 2016 оныхоосоо 8 хувиар илүү байна.

Ази-Номхон далайн бүс нутаг (+6 хувийн өсөлт), нийт 324 сая жуулчин авсан гэжээ. Үүнд Өмнөд Ази нь 10 хувиар, Зүүн өмнөд Азию 8 хувиар, Далайн орнууд 7 хувиар, манай бүс нутаг болох Зүүн хойд Ази 3 хувиар жуулчдаа давуулж авчээ.

Америк тив 207 сая жуулчин хүлээн авсан нь +3 хувийн өсөлт ба Өмнөд Америк 7 хувиар, Төв болон Карибын сав газар 4 хувиар давуулж жуулчдаа авчээ. АНУ-д хүлээн авснаас илүү жуулчдыг Мексик, Канадад авсан гэсэн байх юм. Африкт рекорд тогтоож, нийт 62 сая жуулчин авлаа, хувь нь +8 гэсэн нь Египетэд ногдох хувь хэмжээг оруулаад нэрлэсэн нь аж. Умард Африк руу жуулчлалын урсгал эргэж сэргэлээ (+ 13 хувь), харин Сахаарын цөлөөс өмнөх Африкийн орнуудад 5 хувь өслөө гэсэн байна. Ойрхи Дорнод гэж аялал жуулчлалын тусдаа бүс нутаг бий. Азид хамаарахгүй. Энэ удаа +5 хувийн үзүүлэлттэй, 58 сая жуулчин авлаа гэжээ. Сири, Ирак, Йемен, Синайн хойг дайн мөргөлдөөн дэгдэж буй нөхцөлд 5 хувийн өсөлт хангалаа гэсэн нь том амжилт ажээ.

2018 оны сүүлчээр дүгнэхэд ямар үр дүн харагдах бол? Ямар ч гэсэн жуулчлалын урсгал 4-5 хувь өссөн байх ба 2010-2020 онд дунджаар +3.8 хувь байна гэж тооцоолсноос арай өссөн байх төлөвтэй.

Европ, Америк руу зүглэх нь мөн л өндөр гарна. 2018 оны эцэс гэхэд 3.5-4.5 хувь байна. Ази-Номхон далайн бүс нутагт энэ динамик бүр ч өссөн байна (+5 хувиас +6 хувь). Африкт 5-7 хувь, Ойрхи Дорнодод 4-6 хувь өссөн байна гэжээ.

Ямар ч атугай туризм нь дэлхийн гурав дахь том экспортын сектор хэвээрээ байна. Жил ирэх тусам жуулчлахыг хүсэгчид нэмэгдэнэ, өсөлт нь хангагдана, дагалдаад ажлын байрууд бий болно, улс ард түмнүүдийг ойртуулна, холбоно. 

Энэ том сүлжээн дунд Монголоо байрлуулаад дэлхийн гурав дах том экспорт дотор зөв тоглолт хийж мөнгө босгох тухай сэтгэцгээе.