2015 он. Налайх, Багануур дүүргүүдийн иргэд, оршин суугчдын дунд санал асуулга явуулсны үр дүнд тус хоёр дүүргийг нийслэлийн дагуул хот болгох шийдвэрийг НИТХ-аас гаргав. Ингээд тухайн оныхоо долдугаар сард Налайх хотын, арванхоёрдугаар сард Багануур хотын захирагч сонгогдон тамгаа хүлээн авсан юм. Удалгүй хоёр хотын Захирагчийн ажлын албад байгуулагдан ажлаа эхэлсэн. Багануур хотын Захирагчийн ажлын алба 2016 онд 18 хүнтэйгээр байгуулагдан, 2017-2018 онд 20 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Төсвийн хувьд тус ажлын алба 2016 онд 241.3 сая, 2017, 2018 онд 283 сая төгрөгийн төсөв батлуулжээ. Харин Налайх хотын Захирагчийн ажлын албаны хувьд анх 14 хүний орон тоотойгоор ажлаа эхэлж байж. Харин 2017 оноос тавхан хүний орон тоотой болжээ.
Таван хүнтэй хотын захиргаа ч гэж юу байх билээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бөөрөнд тавиул хэдэн хүн л байдаг аж. Анх байгуулагдсан Налайх хотын Захирагчийн ажлын албаны хариуцах ажлыг өнгөрсөн жилээс дүүрэг рүү нь эргүүлэн шилжүүлжээ. Арван гурван жилийн турш ярьж байж байгуулсан дагуул хотууд гурван жил болоход ийнхүү нэрнээс цаашгүй болж хоцров.
Хотын алслагдсан хоёр дүүрэг дагуул хот болсноороо эдийн засаг нь хэр сайжирч, нийгмийн асуудлууд нь хэрхэн шийдэгдэв, өргөжин тэлж өөрчлөгдөж хөгжив үү гэхээр хариулт хомс. Тиймээс Налайх хотын зарим иргэн эргээд дүүргийн статустай болох санал гаргасан гэнэ. Хот нэртэй атлаа хорооноос дор нөхцөл байдалтай алслагдсан сууринд амьдарч байгаа оршин суугчид ингэхээс ч аргагүй. Дагуул хот болж хөгжинө, ахуй амьдралынхаа чанарыг дээшлүүлнэ гэж итгэж байсан иргэдийнхээ итгэлийг даагаагүй эрх мэдэлтнүүд харин ус балгасан мэт дуугүй. Тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Налайх, Багануур хоёр дүүргийг дагуу хот болгох шийдвэрийг НИТХ-аар гаргуулчихаад түүхэн үйл явдал боллоо хэмээн хэлж байв. Сэтгэлийн хөөрлөөр гэх үү, эсвэл гаргасан шийдвэрээ дөвийлгөж хэлсэн энэ үгийн үнэ цэнэ жилийн дарааг эхэд хөөс шиг замхарсан нь харамсалтай.

Гудамж, талбайн нэрийг солиод л муу муухай, хуучин баларсан зүйлээсээ салчих юм шиг боддог энэ хандлага аль ч засгийн үед байдаг. Тэр л сэтгэлгээгээрээ дүүргийг хот гээд нэрлэчихээр л амьдрал сайхан болох юм шиг санаж, иргэдэд тэгж итгүүлж байсан юм. Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулиар нийслэлд “төр эргэв”. Эдүгээгийн нийслэлийн Засаг дарга С.Батболдын өнгөн дээр Багануур, Налайх хотууд үлгэн салган болж, Захирагчийн ажлын албад нь бараг л татан буугдахад хүрчээ.
Уг нь С.Батболд мээр “Хотын 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөгөөр нийслэл Бага тойруу, Яармаг гэсэн-2 төвтэй байх юм. Мөн Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Сонсголон, Амгалан гэх мэт 8 дэд төвийг бий болгоно. Түүнчлэн дагуул хотуудын тухай асуудал яригдана. Аэросити, Майдар, Зуун мод, Налайх зэрэг дагуул хотуудад Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ямар ажил хийх ёстой вэ гэсэн асуудлыг шийднэ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Эрх баригчид, шийдвэр гаргагчид дагуул хоттой болчих л юм бол Улаанбаатар хот өнөөдөр тулгамдаад байгаа олон арван хүндрэл бэрхшээлээсээ өргөс авсан юм шиг салчихна гэж олон ч сонгууль дамжин ярьсан. Үе үеийн нийслэлийн Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрт дагуул хот гэдэг дагуул өгүүлбэр ёс юм шиг хавчуулагддаг байв. Эдүгээгийн УИХ-ын дарга М.Энхболдыг хотын мээр байхад л дагуул хот байгуулна гэсэн өгүүлбэр “мөрөөдлийн жагсаалт”-д нь байдаг байлаа.
Мөрийн хөтөлбөрөө чимэх л гэж ийм өгүүлбэр оруулж байснаас биш түүнийгээ ажил хэрэг болгох үндэс суурийг нь тавиагүйн уршиг өнөөдөр гарч байна ч гэж болно. Нийслэлийн дагуул хотуудыг хөгжүүлэх замаар төвлөрлийг бууруулна гэж ярьж, бичиж байхдаа дагуул хот байгуулах хууль эрх зүйн орчин ямар билээ, юуг нь засч залруулж, нэмж сайжруулах вэ гэдгийг бодсонгүй.
Ингээд гурван жилийн өмнө алслагдсан хоёр дүүргийг дагуул хот хэмээн цоллож орхив. Хөрсийг нь бэлдэлгүй мод тарьвал удалгүй хатна. Түүнтэй адил үндэс суурийг нь бэлдээгүй байж дагуул хот байгууллаа хэмээн зарласан нь ус үзэлгүй хормой шууна гэгч болжээ.

1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нийслэл дагуул хоттой байж болно гэсэн заалт бий. Тэгсэн атлаа хот гэдэг нэр томъёог Улаанбаатараас өөр суурин газарт хэрэглэдэггүй. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд буй 15 мянгаас дээш оршин суугчтай суурин газрыг хот гэж нэрлэнэ гэсэн заалт хэрэгждэггүй. Ийм зөрчил, дутагдалтай хууль эрх зүйн орчны хөрс суурин дээр дагуул хот байгуулсан нь өөх ч биш, булчирхай ч биш гэгч болчихоод байгаа ажээ. Багануур, Налайх дүүргүүд хүн амынхаа тоогоор хэдийнэ хотын хэмжээнд хүрсэн ч нийгэм, эдийн засаг, дэд бүтэц нь сул дорой хэвээр.
Хэдий тийм боловч дагуул хот байгуулна гэдэг яриа цаашид ч тасрахгүй бололтой. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт Бельгийн Брюссельд болсон Ази, Европийн дээд хэмжээний уулзалт АСЕМ-ын 12-р уулзалтын үеэр Германы канцлер Ангела Меркельтэй уулзахдаа Улаанбаатарын дагуул эко хот байгуулах талаар ярилцаж энэ талаар дэмжлэг авахаар болсон. Төв аймгийн нутагт Майдар хотыг байгуулах асуудлыг төрийн тэргүүн чухалчилж буй.
Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дагуул хотуудыг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулна гэсэн зорилт дурайж байна. Шинээр дагуул хотууд байгуулах нь сайхан хэрэг. Гэхдээ нэг харахад нийслэлийн дүүрэг ч юм шиг, нэг талаас дагуул хот ч юм шиг, нэр нь хүндэдсэн хоёр суурингаа эхлээд хөгжүүлэх сэн.