Хэнийг хэн хэрхэн төлөөлдөг тухай

Нэг.

Ижил цагаан малгайгаар гоёсон гурван мянган эмэгтэйг цуглуулсан Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тавдугаар чуулганыг тойрсон бөөн маргаан, төрийн дэд сайдыг хүртэл оруулаагүй тухай мэдэгдэл, Интернэтээр шаагисан live-уудыг анзаарваас бүх монголчуудын биш юмаа гэхэд лав тавин хувийнх нь хувь заяа шийдэгдэж байгаа мэт түгшүүртэй хоёр өдөр өнгөрөв. Ашгүй, хуучин нь тамга тэмдгээ бултуулж барихгүйгээр шинэ Ерөнхийлөгчдөө ажлаа хүлээлгэн өгснөөр манай эхнэр хүүхнүүд аврагдах шиг болов.

Эмэгтэйчүүдийн эрх ашгийг одоо л жинхэнээсээ хамгаалахаар шийдсэнээ зарлав. Ялангуяа хүчирхийлэлтэй зад тэмцэх ажээ. Хожимдсон ухаарал! 1924 онд байгуулагдсан энэ холбоо 94 жилээр хоцорсон байна. Шинэ үеийн эмэгтэйчүүдийн байгууллагууд бүр хорин хэдэн жилийн өмнөөс тэмцэж эхэлсэн билээ. Миний мэдэхээр Ч.Сосормаа, Д.Энхжаргал нар зүтгүүлснээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд гаргуулж, тэгснээ дутуудсан байна гэж үзээд 2016 онд шинэчлэн батлуулснаар авгайдаа гар хүрсэн нөхрүүд шууд л ачигддаг болсон билээ. (Чухам ийм нөхдөөс болж биднийг дээрхэн үе "хар хүн" гэж дажгүй дууддаг байсан одоо шууд л "хар юм": Нөгөө "хар юм чинь" согтуу ирээд ... гэх мэт). Бас арав гаруй жилийн өмнө агсан, согтуу, харгис нөхрүүд, аав нараас хамгаалах байрыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв дэргэдээ анх байгуулж тэр нь удалгүй улс даяар дэлгэрсэн. МЭХ одооноос хүч нэмэхээр зориглосон нь юутай завшаан.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэхлээр УИХ-ын эрхэм гишүүн хатагтай нараас эхлээд бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн эмэгтэйчүүдийг нэгтгэсэн лут дүр зураг нүдэнд харагдана. Үнэн хэрэгтээ МЭХ нь эмэгтэйчүүдийн 70 шахам байгууллагын дээвэр юм байна. Энэ утгаараа гишүүнчлэлтэй ч юм шиг. Тэгсэн хэрнээ хувь эмэгтэйчүүд элсдэггүй учраас эмэгтэйчүүдийн байгууллагуудын холбоо гэвэл илүү зохилтой. Нарийн яривал, дээрх далаад байгууллага бас л хувь гишүүнчлэлгүй, нийгэмд үйлчилдэг гэсэн статустай, тус бүрийнх нь цаана үүсгэн байгуулагч цөөхөн хүн бий. Нэмээд үзвэл хэдхэн зуун эмэгтэйн байгууллага юм. Дээрх 3000 төлөөлөгчөөс зөвхөн 160 нь санал өгөх эрхтэй байсан нь ийм учиртай.

Төстэй хувиралтын өөр нэг жишээ бол Монголын залуучуудын холбоо. 1991 он гэхэд 300 гаруй мянган гишүүнтэй, хүүхэд залуучууд тангараг тавьж элсдэг байснаа больсон тул үлдсэн гишүүдийн нас хэтэрсээр яваандаа тэднээс салж чаджээ. Одоо аймгууд дахь залуучуудын холбоо нэртэй (тэд бас гишүүн элсүүлдэггүй) байгууллагуудын холбоо юм. "Гишүүдээ цуглуулж чуулганаа хийнэ", "гишүүд сонгоно" гэх мэтээр ам бардам ярьж явдаг.  Магадгүй Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын нэр дээр бүртгэлтэй байж ч мэднэ.

Төрийн бус байгууллагууд юугаа хийх, хийхгүй нь бусдад падгүй боловч ганц асуултанд бүгд хариулах хэрэгтэй. Тэд Монголын ... мөн үү? Хятадын биш, оросын биш, монголынх гэдэг нь ойлгомжтой ч зарим нь монголын нэрийг урдаа зүүдэг, бусад нь тэгдэггүйн учир юу вэ? Хэдэн аймаг, сум, байгууллага, хүнээс төлөөлөлтэй байж Монголын ... байх тухайд ямар нэгэн босго, шалгуур алга. Арваад жилийн өмнө хуулийн этгээдийн нэр авахаар очиход Монголын ..., Үндэсний ... гэсэн үг оруулж болохгүй гэсэн.  Тэгтэл араас Монгол нэртэй телевиз, сонин, компани (ганц жишээ: Монголын санхүүгийн групп), холбоо гэсэн хуулийн этгээдүүд эцэс төгсгөлгүй цувахлаар тухайн үед сайн хөөцөлдөж, арга барагдвал тулж ажиллах хэрэгтэй байснаа хожим ойлгосон.

Та өнөөдөр Монголын гэж эхэлсэн .... явган зорчигчдын холбоо, ер нь юуг ч хамаагүй байгуулахад хорихгүй байх. Хамаг Монголын байсан ч яахав. Эзэнт гүрний театр хүртэл сонсогдсон. Таны амбицийн хэмжээ мэдэх хэрэг. Сүүлийн үед байн байн хурал цуглаан хийсэн Монголын худалдаачдын холбоонд Баян-Өлгий юм уу, Дорнод аймгийн төлөөлөл лав ороогүй. Гэхдээ цаадуул нь Монголын казах худалдаачдын юм уу Дорнод Монголын худалдаачдын холбоо, бүр томоор сэтгэвэл "Монголын худалдаачдын нэгдсэн төв холбоо"-г санаачлах чөлөөтэй. Цаашилбал, нэрээ тодотгох чөлөөт, хараат бус, шинэ, 21-р зууны, залуучуудын, мэргэжлийн, эсэхүл төгсгөлд нь зүүх нийгэмлэг, ассоциаци, эвлэл, төв, хөдөлгөөн гээд боломж хязгааргүй. Харин спортын болон нарийн мэргэжлийн холбоодын тухайд хүмүүс нь тодорхой учраас асуудал үүсдэггүй байх.

Хоёр.

Одоо биднийг албан ёсоор төлөөлдөг хэсэг хүмүүсийн талаар бичье. Үйлийн үртэй 76, бүр дээр заларсан нэг нөхрийг биш, харин орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг хэлж байна. Саяхны мэдээгээр Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэл, түүний 9 дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр 8066 хүн сонгогдон ажиллаж байна. Би сонгогчдоо төлөөлөх эрхтэй гэж хэлэх бүрэн эрхтэй хүмүүс, тэд. Эрх нь тус тусын орон нутгаар хязгаарлагддаг хэдий ч тэндээ яах аргагүй эрхтэй. Нэгэн дүүргийн ИТХ-ын хэдэн төлөөлөгч бааранд согтож эрүүлжигдсэнийхээ маргааш дүүргийнхээ цагдаагийн даргыг "танай цагдаа нар төлөөлөгчөө таньдаггүй, хүндэтгэлтэй хандах ёстой байсан" хэмээн загнасныг санав. Тэд орон нутгийнхаа төсвийг хэлэлцэж баталдаг, хамгийн гол нь ямар ч Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд дарга нарт байдаггүй - газар олгох эрхтэй Засаг даргыг томилох эрхтэй хүмүүс. Газар бол улсын үндэс гэсэн шүү. Бас  нэг дүүргийн төлөөлөгчид хуралдаанаараа Төв аймгийн Баянчандмань сумын нутагт өөрсөддөө зориулж газар авах тухайгаа ярилцаж байсан. "Төлөөлөгчдийнхөө нийгмийн асуудлыг шийдэх" гэсэн томъёоллоор.  Хоёр засаг даргаар дамжуулж тохиролцлоо гэж ойлгогдсон.

Мартсанаас, Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд бас Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч гэж тус бүрт нь 5 хүн сонгогддог. Орон нутгийн 1615 баг, нийслэлийн 152 хорооны тоогоор үржүүлбэл дахиад 8835 иргэдийн төлөөлөгч бидэнд байна.

Барагтай улс ийм ардчилсан байж чаддаггүй биз. Саяхан америк судлаачийн ярьснаар бол, тэндхийн хот, хөдөө нь засаг захиргааны нэгжүүдэд хуваагддаг хэдий ч намуудаас өрсөлдөн сонгуульдсан том том хурал гэж үгүй. Хот, дүүрэг, тосгоны зөвлөл нь голдуу тав, арван хүнээс хэтэрдэггүй цомхон. Хуульч, бизнес эрхлэгч, эмэгтэй.. тэгэсхийгээд гүйцдэг гэнэ.

Хэрвээ үнэхээр тийм бол орон нутагт төлөөллийн ардчиллаар манайх Америкийг хол ардаа орхижээ. Даанч ид шидийг нь үзэж чадахгүй юм. Нийслэлд газрын маргаан дэгдэхэд, хөдөөд малчид нутаг усаа хамгаалж тэмцэхэд сонгосон төлөөлөгчид үзэгдэх нь өдрийн од шиг. Ноднин Битлз-ийн хөшөөтэй Цэрэндоржийн гудамжийг хавь ойрын оршин суугчид барилгын компаниудад алдах шахсан тэр өдрүүдэд УИХ-ын гишүүн байтугай (том даргад жижигдсэн асуудал гэж бодьё) нийслэл, дүүргийн ИТХ-д суугаа төлөөлөгчид, бүр хорооны нийтийн хурлын төлөөлөгчдөөс ч үзэгдээгүй. Номоороо бол, хаа хамаагүй идэвхтэнүүд, дараачийн сонгуулиа хүлээж суугаа сөрөг хүчнийхэн, Даяар Монгол энэ тэр биш, яг тэндээс сонгогдсон нөхдүүд өөрсдөө ирчихсэн, "яахуу?" гээд зогсож байх учиртайсан.

Ажиглаад байхад тэд сонгогдсоныхоо дараа төрөл арилжиж, иргэдийнхээ төлөөлөл байхаа больж, дарга нарын талд гараад суучихаж байна.

Нийслэлийн ИТХ-ын цахим сайт руу шагайв. Тэргүүлэгчдээс гэхэд Д.Мөнхжаргал сургуулийн захирал байснаа 2016 онд төлөөлөгчөөр сонгогдоод удалгүй Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн дэд зохицуулагч, МАН-ын улс төрийн ажилтан байсан Н.Батсүмбэрэл "Монгол наадам" цогцолбор ОНӨТҮГ-ын даргаар очжээ. Бас "Нарантуул" захын дэд захирал байсан С.Эрдэнэтуул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар томилогдож, намын судлаач байсан Ц.Байгальмаа нь АХБ-ЕХОБ- УБ-ын гурвалсан санхүүжилттэй Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн дэд зохицуулагч болжээ. Бусад төлөөлөгчдийн дундаас Хот тохижилтын газрын дарга, Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал, Нийслэлийн ЖДҮД-ийн төвийн дарга, нийслэлийн ОСНААУГ-ын дарга,  Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын дарга, нийслэлийн Геодези, усны барилга байгууламж НӨААТҮГ-ийн дарга, УСУГ-ын дарга, бүр нийслэлийн Засаг даргын орлогч хүртэл мэндэлсэн байх юм. Сонгогчид өөрсдийгөө төлөөлүүлж, дарга нарыг хянуулах гэж илгээгээд байхад шүү! Бас тэдний нийслэлийн албан байгууллага, нийслэлийн өмчит компаниудын зөвлөл, ТУЗ-д орсон нь тоймгүй. Давхар дээлийн орон нутгийн хувилбар нэг иймэрхүү.

Нутгийн өөрөө удирдах ёс гэж сайхан юм бий. Харин үүнийг тэд юу гэж ойлгож ирсний нэг жишээг хэлье. Өнөөдөр орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчид өөрсөддөө урамшууллын мөнгө баталж авцгаадаг нь хавтгайрч тоо нь өссөөр. Зарим жил нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгч тус бүр 80 саяыг авсан удаатай. Нэг нь түүнийгээ халааслаад Азийн 3, 4 орноор зугаалаад ирсэн байдаг. Ер нь огт тайлагнадаггүй учраас бусад нь юунд зарцуулсныг хэн ч үл мэднэ. Дүүрэгт бол арай даруу, гэхдээ зарим газарт 20 сая хүрдэг болжээ. Зугуухан ахиж л байна. Хааяа нэг хуралддаг хэрнээ байнгын ажиллагаатай парламент болох УИХ-ийн гишүүдтэй барьцаж байгаа хэрэг.

Бичээд байх уу? Бичихгүй ээ. Яагаад гэвэл барагдахгүй. Уудлаад байвал их юм гарна шүү. Нийслэлд иргэд, оршин суугчдөө төлөөлөх эрхээ ингэж эдэлдэг хүмүүсийн дээр нийслэлийн утаатай тэнгэр биш, сонгосон иргэд нь байх ёстой юм шиг байгаа юм.

Аймгуудад ч ялгаагүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Би эмэгтэй хүн ч хүчирхийллийн хуулийг бүрэн эсэргүүцэгч. Үүгээр дамжуулж хэрэлдээд таван минутын дараа тас тэврэлддэг бидний сайхан аз жаргалыг үгүй болгож, маш их өс хонзонгийн үүдийг нээсэн дээ

    0 0 Хариу бичих