С.Чинзориг: Төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийсний дараа цалин нэмнэ

Ирэх онд цалин, тэтгэврийг үе шаттай нэмэхээр төсөвт тусгасан. Энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

-Төрийн албан хаагчдын урамшуулалд энэ онд 56 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх онд цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэх юм бэ?

-Төрийн албан хаагчдын цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмнэ. Одоогоор төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараасаа хамааран цалинг тогтоох юм. Бид энэ судалгаанд үндэслэн албан тушаалынх нь зэрэг дэвийг дахин тогтооно. Төрийн албан хаагчдын цалинг ирэх жилээс бодитоор нэмнэ. Даатгалын сангаас орж байгаа тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс нэмнэ. Яг хэдэн хувь хэмжээгээр нэмэх шийдвэрийг тухайн үед гаргана.

-Цалин нэмэхэд хэдэн тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгав?

-Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байна. Засгийн газраас сүүлийн нэг жил төсвийн сахилга батыг сайжруулах ажил хийснээр нэг үеэ бодвол эдийн засаг сайжирч байгаа. Гэхдээ ОУВС-аас манай эдийн засгийг бага зэрэг эмзэг байгаа гэдгийг анхааруулсан. Ирэх жил эдийн засгийн өсөлтийг иргэдэд бодитоор мэдрүүлэх зорилготой ажиллаж байна. Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Нийт 267 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Тэтгэвэр тэтгэмж нэмэх үү?

-Тэтгэврийн нэмэгдэлд 119.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ амьжиргааны түвшингээс доогуур байдаг. Тиймээс халамжийн тэтгэврийг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлье гэсэн зарчим баримталж байна. Энэ зарчмын дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөг тусгаж байгаа.

-МСҮТ-д суралцагчдад сар бүр 100 мянган төгрөг өгөхөөр төсөвлөсөнд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийг залууст эзэмшүүлэхийн тулд анхаарал тавьж байна. Энэ хүрээнд 41 тэрбум төгрөгийг мэргэжлийн боловсрол сургалтын төвд сурч байгаа залууст өгнө. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүр мэргэжлийн боловсрол сургалтын төвд сурч буй залууст 100 мянган төгрөг өгнө. Энэ арга хэмжээг авснаар мэргэжилтэй боловсрол эзэмших залуусын идэвх сайжирна. Дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо өндөр байдаг. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахтай холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс 20 тэрбум төгрөг, бага орлоготой иргэдийг ядуурлаас гаргаж орлогыг нэмэгдүүлэх халамжийн шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 10 тэрбум төгрөгийг анх удаа зарцуулах гэж байна. Нийт найман арга хэмжээнд 723 тэрбум төгрөгийг иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулна. Өмнө нь ийм хэмжээний мөнгийг төсөвлөж байгаагүй болно. Одоо яг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр бодит ажил хийх гэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)