"Нарны охид" төслийн нээлт болжээ

Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст өчигдөр "Нарны охид” төслийн нээлт болжээ. "Дэлхий монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ээс "Нарны охид” төслийг санаачлан хэрэгжүүлж Налайх дүүргээс төслийн гараагаа эхлүүлж байгаа нь энэ юм. Уг төслийн нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, "Нарны охид” төслийг санаачлагч "Дэлхийн монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Нямаа, "Нарны охид” төслийн элч дуучин, поп дива Ж.Алтанцэцэг болон бусад төлөөлөгчид оролцон тууз хайчилсан байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр "Нарны охид” төслийн гол зорилго бол нийгмийг цочроосон асуудлуудад анхаарлаа хандуулах, өсвөр насны охидыг хамгаалах, хөгжүүлэх, гэрэл гэгээтэй ирээдүйд тэмүүлэгч, Монголын ирээдүйн сайхан ээжүүд, ёс зүйтэй, хүмүүжилтэй, нийгэмд манлайлагч охидыг бэлтгэх зорилготой гэдгийг "Дэлхийн монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Нямаа олон нийтэд танилцуулжээ. 

Охид руу чиглэсэн энэхүү төслийн хүрээнд Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн нэг өрөөг бүрэн засварлаж, тохижуулан хүлээлгэж өгсөн байна. Тус өрөөнд охидод хэрэгтэй бүх зүйл байх бөгөөд охид хүссэн үедээ сэтгэл зүйч болон эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө, сургалт авах боломжтой. Түүгээр зогсохгүй олон боломж нээлттэй гэдгээрээ өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байсан орон зайг дүүргэж чадахуйц төсөл болсон ажээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Өсвөр насны охидын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоо, хүйсийн тэгш байдал гэх мэт олон асуудалд манай нийгэмд тулгараад байгаа. Хүүхэд багачуудынхаа ирээдүй, сайн сайхан амьдралын төлөө энэ сайхан төслийг НИТХ-тай хамтарч мөн Налайх дүүргээс эхлүүлж байгаад миний бие сэтгэл өндөр байна. Энэ ажлыг зохион байгуулах, цаашид үр дүнтэй үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахад нь тусалж дэмжиж байгаа "Дэлхийн монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн хамт олонд нийт налайхчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн онцолсон байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)