Зам тээврийн ослын улмаас 14 хүүхэд бэртжээ

Тээврийн цагдаагийг алба аравдугаар сарын 8-12-ны өдрүүдэд нийт 1413 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1057 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 6 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн ба нийслэлд 39 хүн гэмтэж бэртсэний 14 нь бага насны хүүхэд бөгөөд 13 хүүхэд нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөж, гэмтжээ.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсоны зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 41 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж ажиллалаа.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

Энэ сарын 11-ний өдөр БЗД-ийн Амгалангийн зам, ... тоот айлын хашаанд T.Mark-2 маркийн автомашин явган зорчигч, 6 настай З-г мөргөж гэмтээсэн. Машин асаалттай байх үед 2 настай З нь арааг сольж хөдөлгөн мөргөсөн. Мөн Төв аймгийн Сэргэлэн сум “Хоолтын даваа” гэх газар Sonata YF маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн хэргийг тус тус шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 26 осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн бөгөөд өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад орон нутагт хүний амь нас хохирсон осол 50 орчим хуваир, гэмтсэн хүүхэд 20 орчим хувиар өссөн боловч ослын дуудлага, мэдээлэл, гэмтсэн хүн, нийслэлд амь нас нь хохирсон хүний тоо 25-50 хувиар буурсан  үзүүлэлттэй байна.

2018 оны эхний 9 сард улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага 55994-г хүлээн авч шийдвэрлэсэн байна. Зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо нь өнгөрсөн оны үзүүлэлтээс  улсын хэмжээнд 17.2 хувиар, Улаанбаатар хотод 16.8  хувиар тус тус статистик мэдээгээр буурсан үзүүлэлт гарч байна.

2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага, бүртгэгдсэн зам тээврийн осол, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүүхэд өртсөн ослын гаралт буурсан байна. Мөн “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2018” нэгдсэн арга хэмжээ 2018 оны 06 дугаар сараас эхлэн явагдсантай холбоотой 6-9 саруудад орон нутагт гарсан хэрэг, нас баралт, гэмтсэн хүний үзүүлэлт 9.6-24.0 хувиар буурсан нь орон нутгийн замд хяналт, шалгалт эрчимжсэнтэй холбоотой юм.

Зам тээврийн осол, хэрэг буурсан хэдий ч иргэн, аж ахуйн нэгжид учирсан эд материалын хохирол 4.1 дахин өссөн, хүний амь нас хохирсон ослын 75.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн,  хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон осол 24.4 хувиар өссөн зэрэг үзүүлэлтүүдээс харахад хүний амь нас хохирсон, ноцтой ослын гаралт буурахгүй байгааг харуулж байна.

Дээрх бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцлөөс харахад жолоочийн буруутай үйлдлээс 97.7 хувь нь бүртгэгдэж, жолоочийн буруутай үйлдэл дотроо хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, ухрах үйлдэл буруу гүйцэтгэсэн, хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнээс гарсан осол дийлэнх хувийг эзэлсэн байна.

Түүнчлэн хүний амь нас хохирсон ослын 25.9 хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос, 18.4 хувийг хурд хэтрүүлсэнээс, 46,5 хувь нь онхолдох хэлбэрээр гарчээ.

Цаашид өвлийн улирал эхэлж хүйтрэх, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр эрсдэлт нөхцөл байдлууд үүсэх тул хөдөлгөөнд оролцогч нар замын нөхцөл байдал, тээж яваа ачаа, байгаль цаг уурын нөхцөл байдалд тохируулан хөдөлгөөний хурдыг зөв сонгон зорчих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)