Б.Нямдаваа: Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оноос 8.8 хувиар буурсан

Монголын медиа корпорациас санаачлан ажлын байр, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгч, мэргэжил олгох сургалтын төвүүд , ажил зуучлагчид болон ажил хайж байгаа хэн бүхэнд зориулан "Хөдөлмөр медиа экспо"-г зохион байгуулж байгаа билээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн медиа аяны гол зорилго нь ажил мэргэжилгүй, орлогогүй залуусыг Мэргэжил сургалтын төвүүд болон ажлын байранд зуучлахад нь гол гүүр болж ажил олгогч, ажил хайгч нарыг нэг цэгт уулзуулах юм. Мөн мэргэжил, сургалтын төвүүд болон жижиг дунд үйлдвэрлэгч нарын бараа, бүтээгдэхүүний онцлогыг  нийтэд сурталчлахаар ажиллаж байна.

 Бид энэхүү аяны хүрээнд Ийгл ньюс телевизийн "Зочны цаг" нэвтрүүлэгтээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг урьж ярилцлаа.

-Бүтээн байгуулалтын улирал өнгөрлөө. Өнгөрсөн бүтээн байгуулалтын улиралд танай газрын зүгээс иргэдийн ажилд зуучлах ямар ажлууд хийв?

- Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үндсэн нэг чиг үүрэг нь бол ажил хайж байгаа иргэдийг ажилтан авах гэж байгаа байгууллагад зуучилдаг. Одоогийн байдлаар монголд 34 мянган иргэн ажил хайж бүртгүүлсэн байгаа. Үүнээс 23 мянган иргэнийг ажилд зуучилсан.

-Ажилд зуучлуулж байгаа иргэдийн дийлэнх нь ямар мэргэжилтэй, хэд орчим насныхан байна вэ?

-Ихэвчлэн 24-35 насны иргэд ажилд зуучлуулж байгаа. Ажлын байрны тухайд дотроо олон төрөлтэй. Хамгийн өндөр буюу үйлдвэрлэл, барилга, гар урлалын чиглэлийн ажилд 4139 иргэн зуучлуулсан. Энгийн ажил, мэргэжил буюу бүтээн байгуулалтын ажлын зам талбай, барилга байгууламж дээр ажиллах зарын дагуу 4156 иргэн байна. Мөн 4600 орчим иргэнийг барилгын туслах ажилд зуучилсан.

-Ажилд зуучлагдсан иргэдийн ажлын байрны тухайд түр болон байнгын ажлын байр гээд ялгаатай байгаа болов уу?

-Монголд улирлын чанартай бүтээн байгуулалтын ажлууд явагддаг нь үнэн. Жишээ нь зам, барилгын ажил байна. Үүнд түр ажилтан зуучилдаг. Шинээр бий болсон байнгын ажлын байрууд байна. Он гарсаар есдүгээр сарын байдлаар 14342 шинэ ажлын байр бий болж бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулаад үзэхэд шинэ ажлын байр 4.5 хувь буюу 1000 орчим ажлын байраар нэмэгдсэн. Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оноос 8.8 хувиар буурсан.

-Манайд одоо ажилгүйдлийн түвшин хэдэн хувьтай байна?

-2018 оны хагас жилийн байдлаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээр ажилгүйдлийн түвшин 7.5 хувьтай байна.

-Энэ тоо бусад орнуудтай харьцуулахад хэр үзүүлэлт вэ?

-Мэдээж ямар улстай харьцуулж байгаагаас шалтгаална. Манайхтай ойролцоо оронтой харьцуулахад дундаж тоон үзүүлэлт. Ажилгүйдлийн түвшин 0 хувьтай улс орон гэж байхгүй. БНСУ-ыг аваад үзэхэд 17 улсаас ажиллах хүч авдаг. тэнд ч гэсэн тодорхой хэмжээний ажилгүйдлийн түвшин байгаа.

-2018 онд танай хэлтсээс ямар томоохон ажлуудыг авч хэрэгжүүлсэн бэ?

-Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраар өнөөдөр өндөр мэргэжилтэй, өндөр цалинтай иргэд үйлчлүүлэх нь ховор. Бид нэгдүгээрт, ажилтан хэрэгтэй байгаа аж ахуйн нэгжүүдэд тухайн хэрэгцээ шаардлагад нь нийцсэн ажилтныг нийлүүлэх. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настан, сургуулиа төгссөн залуус гээд ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байгаа иргэдийг өрхийн орлогоо алдахгүй байх хөдөлмөр эрхлэх ур чадварт нь дэмжлэг үзүүлсэн үндсэн зургаан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тиймээс төрийн зүгээс дэмжих шаардлагатай бүлгүүдээ сонгож аваад хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Энэ жилийн туршилтын төслийг эхлүүлээд явж байна. Мөн гэрээт малчин гээд төсөл хэрэгжүүлж байна. Энэ хоёр төслийг онцолж хэрэгжүүлэх болсон шалтгаан нь сүүлийн 27 жил орчим манай иргэдийн ярьдаг мянгат малчин юм уу, олон мал бүхий иргэд туслах малчид авч ажиллуулдаг. Туслах малчин авахад төрийн зүгээс ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй байсан. магадгүй энэ ажилд төр орж ирснээрээ туслах малчин болж байгаа болон малчин иргэдийн хооронд албан ёсны гэрээ хэлэлцээр хийгдэн хууль эрх зүйн хувьд чадамжтай гэрээ байгуулах гэх мэт. Нөгөө талдаа мал маллах сонирхолтой буюу магадгүй малтай байж байгаад малаа алдан хот суурин газар бараадсан иргэдийг малчидтай зуучилж уулзуулж бидний гаргасан гэрээний загварын дагуу танилцуулах ажил манай 21 аймаг, есөн дүүрэг дээр явагдаж байгаа. Энэ нь хөдөөд малчдыг мал маллах хүн хүч багатай байгаад тус дэм болно. Мөн гэрээ хийж ажиллаж байгаа туслах малчинд эрүүл мэндийн даатгалыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлөх жишээтэй. Хариуцлагатай гэрээ байгуулж байгаа гэдэг утгаараа тухайн туслах малчин тухайн малчны малыг сайн маллахад хэдэн хувьд нь ажлынх нь хөлс хэдэн хувьд нь төлөөр нь бойжуулбал өгөх үү гэдэг асуудал багтаж байгаа. Ингэснээр хэдэн жилийн дараа тухайн туслах малчин бие даагаад мал бүхий иргэн болоод явах боломж нөхцөлийг харж хэрэгжүүлж байгаа.

-Та бүхний судалгаагаар туслах малчин гэдэг ажлын байранд хэчнээн иргэн шаардлагатай байгаа бол?

-2017 онд мянга болон түүнээс дээш малтай өрхийн судалгааг гаргаж авахад улсын хэмжээнд 1700 орчим иргэн байсан. Өнөөдөр бид 21 аймаг, есөн дүүргээрээ дамжуулан бид 800 болон түүнээс дээш малтай өрх гэдэг шаардлагыг тавихад 300 орчим малчин өрх манайх туслах малчин авья гэсэн. тэдгээр малчид та нар бидний шаардлагад нийцсэн гэр бүл байх туслах малчин иргэдтэй холбож өгөөч гэсэн хүсэлтийн дагуу одоо ажил явагдаж байна.

-Туслах малчны гэрээний загварыг та бүхэн яаж хийв?

-Ерөнхий гэрээний загварыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, эрх зүйн орчныг нь гаргаад өгсөн. Энэ гэрээний загвар туслах малчин авч байгаа болон болж байгаа иргэндээ хохиролгүй байхаар тусгасан. Туслах малчин авсан бол эхнэр нөхөр хоёр байгаа бол заавал сар бүр 500 мянган төгрөг өг гэж тулгахгүй байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс буулгахгүй л байх ёстой. Харин үлдсэн хувийг малчинтайгаа тохирон төл мал болон малаар тооцон олгож болно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бас л төрийн албаны тоог нэмэгдүүлж байгаа цалин манасан мануухай нар. Юун ерөнхий газар. Зарын сайт байхад л болоо юм бишүү? 100 ямаанд 60 н ухна гэгчээр болимоор юм.

    0 0 Хариу бичих