Хятадыг түшиж буй Тажикистан

Душанбегийн төвд Рудаки талбай гэж бий. Оюутнуудын хичээлээ давтдаг, цуглардаг гол газар нь энэ талбай л байдаг аж. Таван жилийн өмнө энд ирсэн хүмүүс цаг болзон уулзаж буй оюутнууд эх хэлээрээ “сайн байна уу” хэмээн шуугилдан мэндлэхийг сонсдог байлаа. Харин эдүгээ “Ни Хао” хэмээн хятадаар мэндчилэх нь чихний үзүүрт олонтоо дуулдах болжээ. Оюутан сурагчид хятад хэлний хичээлээ амьдрал дээр давтаж буй нь тэр. БНХАУ-тай харилцах харилцаа нь гүнзгийрэх тусам Тажикистанд хятад хэл моодонд оржээ.  Оюутнууд хятад хэл сонгон судалж, эцэг эхчүүд үр хүүхэддээ хятад хэл сургахыг чухалчлах болов.

Их дээд сургуулиудад хятад хэл сонгон суралцагч оюутны тоо сүүлийн 20 жилд 10 дахин өсчээ. БНХАУ тэтгэлэгтэй суралцах боломжийг тажик оюутнуудад олгосноор Бээжин, Урувчи хотуудад суралцах тажик оюутнуудын тоо мөн эрчимтэй нэмэгдэх болсон байна. Тажикистанд амьжиргааны төвшин өсч, нэг семистрийн сургалт, байр хоолны зардал болох 2000 ам.долларыг гаргах чадалтай өрхийн тоо өссөн нь үүнд нөлөөлжээ.

Хятад хэл судалж буй оюутнуудын тоо ийнхүү өссөн нь эх оронд нь үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажилд орно гэсэн горьдлогоос үүдэлтэй. Тажикистан-БНХАУ харилцаагаа өргөжүүлсэн эхний жилүүдэд хятад хэлний орчуулагчдын цалин дунджаас хамаагүй өндөр байжээ. Хожим харилцаа тогтворжсоны дараа харин энэ ялгаа алга болсон гэнэ. Өдгөө Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж буй хятад хэлний орчуулагчдын цалин англи хэлний орчуулагчийнхтай ижил буюу 400-800 ам.доллар болжээ. Тогтворжсон гэдэг нь  “шоок” л арилсан болохоос хоёр улсын харилцаа жилээс жилд өргөжин тэлсээр буй. Тухайлбал, 2015 онд 260 сая ам.доллар оруулж, 2014 оны үзүүлэлтээ 160 хувиар өсгөжээ. Гадны бусад хөрөнгө оруулагчдыг ч ардаа орхисон байна.

Газар нутагтаа Хятадын цэргийг оруулав

Эдийн засаг төдийгүй батлан хамгаалах салбарт ч хамтын ажиллагаагаа эрс эрчимжүүлэв.

Афганистан-Тажикистаны хил дээр БНХАУ-ын харуулын 11 цэг байгуулах зөвшөөрлийг Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2016 онд өгсөн байна. мөн онд БНХАУ, Тажикийн хамтарсан хээрийн сургууль Тажикийн умард хэсэгт болж, 10 000 гаруй цэрэг оролцжээ.

Бээжин Тажикистаны өмнөд хэсэгт тогтвортой байдлыг хангахаар ийнхүү махарч байгаагийн цаад учир нь оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалахаас гадна “Бүс ба зам” санаачлагатай холбоотой аж. Санаачлагын хүрээнд тэд зам барьж, дэд бүтцэд хөрөнгө оруулах болсон байна. Тухайлбал, Рогунскийн усан цахилгаан станцын хамгийн том хөрөнгө оруулагч нь Хятад улс болжээ.

Ашиглалтад орсныхоо дараа дэлхийн хамгийн том УЦС-ын нэгд тооцогдох учиртай энэхүү бүтээн байгуулалт ажил хэрэг болж гэмээ нь улсаа эрчим хүчээр бүрэн хангах юм. Станцыг барихад дөрвөн тэрбум ам.доллар хэрэгтэй ч энэ мөнгөний ихэнхийг хаанаас босгох гээд байгаа нь одоо ч тодорхойгүй асуудал аж.  

 

Хилээ шинэчилж, газар нутгаа Хятадад шилжүүлэв

БНХАУ Тажикистантай хил шинэчлэх гэрээг 1999 онд байгуулсан ч Тажикистан 2002 онд л 1122 км2 газар нутгаа шилжүүлэхээр зөвшөөрчээ. Энэ шийдвэр Казахстан, Киргизстанд гарч байсантай адил хариу үйлдлийг харуулж, нийгэмд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан . Ялангуяа БНХАУ-ын харъяанд орохоор болсон Горно-Бадахшанскийн хязгаарын оршин суугчид энэ шийдвэр гаргах эрхийг тухайн орон нутагт өгөхийг шаардсан юм. Энэ асуудал шийдэгдэлгүй явсаар 2011 онд, парламентад сөрөг хүчний нам хоёрхон суудалтай үлдсэн үед шийдэгдсэн юм. Сөрөг хүчний нэг төлөөлөл Саидумар Хусайни “Хэзээ ч Хятадынх байгаагүй газар нутгийг шилжүүлэх гэж байгаа учраас олон нийтийн санал асуулга явуулах ёстой” гэж олонтаа яриад тусыг эс олжээ. Тэр тусмаа Горно Бадахшаны иргэдээс хэн ч юу ч асуусангүй.

Энэ асуудал 2013 онд дахин хөндөгдөхөд Тажикистаны сөрөг хүчин Социал демократ намын дарга Рахматулло  Зоиров Ираны “Хорасан” радиод ярилцлага өгч, Тажикистаны эрх баригчид олон нийтэд зарласнаасаа илүү газар нутгаа БНХАУ-д алдсан талаар мэдэгдэж байв. Тажикстаны эрх баригчид дээрх маргаантай шийдвэрийг гаргасныхаа дараа оросуудад эзэмшүүлж байсан Хатлоны бүс нутагт 2000 га газрыг БНХАУ-ын тариачдад эзэмшүүлэх шийдвэрийг мөн гаргасан юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Тажикистан ялна

    0 0 Хариу бичих
  2. teneg

    0 0 Хариу бичих