С.Алимаа: Малчид бүлгээр хамтран ажилласнаар малын хулгайгаас сэргийлж байна

Мал хулгайлах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд тогтвортой буурч байгаа ч арга хэлбэр өөрчлөгдөн нарийсч байгааг холбогдох албаныхан хэлж байна. Хөдөө орон нутагт малын хулгайгаас хэрхэн сэргийлэх боломжтой талаар Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Алимаатай ярилцлаа.

-Төв аймгийн прокурорын үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу?

-Төв аймгийн прокурорын газар 1930 онд Монгол Улсад прокурорын байгууллага үүсгэн байгуулагдсан ууган таван аймгийн прокурорын газрын нэг.  Өнөөдөр Төв аймгийн прокурорын газар 88 дахь жилдээ 15 прокурор, 15 захиргаа үйлчилгээний ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх аймгийн 27 суманд үйлдэгдсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 415, 417, 403 дугаар ангийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг. Өнөөдрийн байдлаар 34600 орчим зөрчлийн гомдол, 710 орчим зөрчлийн хэрэг, 1200 орчим эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллаж байна.

-Өнөөдрийн байдлаар аймагт гарч байгаа гэмт хэргийн гаралт ямар хэмжээнд байна. Тэр дундаа малын хулгайн хэрэг хэр их гарч байна. Төв аймаг газар нутгийн хэмжээгээр том, нийслэлтэй ойрхон учраас гэмт хэрэг гаралтын хэмжээг бусад аймгуудтай харьцуулахад ямар байдаг вэ?

-Төв аймаг нь Улаанбаатар хотоо тойрсон 27 сумтай. Бүх сумд ихэвчлэн хатуу хучилттай замаар нийслэл хоттой холбогдсон, газар нутаг өргөн, 98 мянга орчим хүн амтай, Улаанбаатар хот руу орж, гарч байгаа хөдөлгөөн Төв аймгийн сумдаар дайран өнгөрдөг. Энэ утгаараа гэмт хэргийн гаралт бусад аймгуудтай харьцуулахад өндөр байдаг. Үүнээс малын хулгайн гэмт хэрэг өндөрт тооцогдож байна. Жилдээ гарч байгаа нийт гэмт хэргийн 10-15 хувийг мал хулгайлах гэмт хэрэг эзлээд байгаа. Мал хулгайлах гэмт хэргийн тоо буурч байгаа ч арга нь өөрчлөгдөж нарийссан. 

-Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсооход цагдаа, прокурорын байгууллагаас ямар арга хэмжээг авч байна?

-Прокурорын байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүрэгтэй. Үүний зэрэгцээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, илрүүлэлт, учирсан хохирол, төлж байгаа байдал, шийдвэрлэлт зэргийг судлаад түүнд үндэслээд прокурорын байгууллага дангаараа болон хууль хяналт орон нутгийн байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх ажиллагааг хийдэг. Сэрэмжлүүлэг хийн хууль сурталчлан сумдад ажиллаж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажилтнуудын ажлыг шалгах, туслах, зөвлөх, чиглүүлэх хэлбэрээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна.

Сумдад гарч байгаа хэргүүдийг сумаар нь ангилж үзэхэд Аргалант, Батсүмбэр, Баянчандмань, Эрдэнэ, Сэргэлэн зэрэг 8 сумдад нийт мал хулгайлах хэргийн 40-45 хувь нь үйлдэгдээд байгаа

Мал хулгайлах гэмт хэргийн хувьд Төв аймгийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр ямар ажлыг цаашид зохион байгуулах вэ гэдэг ажлыг хийхийн тулд сүүлийн 10 жилд үйлдэгдсэн малын хулгайн гэмт хэргийн гаралтын байдлын шалтгаан нөхцөлийг судалж үзсэн. Судалгааны талаар товч ярихад, гарч байгаа нөхцөл байдал нь нутаг дэвсгэрийн онцлогтой холбоотой, гаднаас шилжин суурьшиж байгаа иргэд маш их, хөдөлгөөн ихтэй байдгаас болдог. Мөн  сумдад гарч байгаа хэргүүдийг сумаар нь ангилж үзэхэд Аргалант, Батсүмбэр, Баянчандмань, Эрдэнэ, Сэргэлэн зэрэг 8 сумдад нийт мал хулгайлах хэргийн 40-45 хувь нь үйлдэгдээд байгаа. Эндээс харахад мал хулгайлах гэмт хэрэг хатуу хучилттай замаар Улаанбаатартай холбогдсон сумдад үйлдэгдээд байгаа.  Судалгааны дүнгээр мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 75 орчим хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 25 хувь нь улирлын чанартай ажил хийдэг,  эсвэл орон нутгийг дайран өнгөрч байгаа хүн холбогдсон байсан. Боловсролын байдлаар нь авч үзвэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс бага, дунд, бүрэн дунд боловсролтой иргэд байсан. Нийт гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн 87 хувь нь 22-37 насныхан байна. Нийслэлийн иргэд Төв аймгийн иргэдээр малаа маллуулах асуудал их байдаг юм билээ. Өнөөдөр Төв аймгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн байцаалт хийж байгаа 54 эзэн холбогдогч нь тогтоогдоогүй мал хулгайлах гэмт хэрэг шалгагдаж байна. Үүнээс 42 нь буюу  85 хувь нь бэлчээрээс хулгайлагдсан бол 12 хувь нь хотноосоо хулгайд алдсан байна. Мал хулгайлах гэмт хэрэгт өртсөн нийт малчдын 75.9 хувь нь өөрсдийн малаа маллаж байгаад хулгайд алдсан байсан. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад  хуулийн байгууллага, орон нутгийн байгууллага төдийгүй ард иргэд, малчид өөрсдөө сонор сэрэмжтэй, хариуцлагатай байхгүй бол болохгүй нь гэдэг дүр зураг харагдаад байгаа.

-Хулгайлагдсан мал хот руу орж ирээд мах болж зарагдаж байна уу. Үүн дээр хууль, хүчний бусад байгууллагынхантай хамтран ажиллах боломж хэр байдаг вэ. Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байгаа этгээдүүдийг бүртгэлжүүлж чадсан уу?

-Бүртгэж байгаа. Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож ялаа эдлээд эргээд орон нутагтаа очиход цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хяналт судалгаатай ажилладаг. Нэгэнт хулгайлагдсаны дараа шүүхээр шийдвэрлэхэд ойлгомжтой. 2017 оны байдлаар 265 сая 220 мянган төгрөгийн хохирол хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан байна. Үүнээс мал хулгайлсан этгээд 76 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Эндээс харахад хохирлоо барагдуулж байгаа явдал нь маш бага харагдаж байгаа. Үүнд Төв аймгийн прокурорын газраас хохирогчийн эрх ашгийг яаж хамгаалах вэ гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 415, 417, 403 дугаар ангийн дунд "Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2017" гэдэг арга хэмжээг явуулсан нь амжилттай хэрэгжиж олон сая төгрөгийн хохирол барагдуулсан. Энэ жил бид уламжлал болгон зарлахдаа цар хүрээгээ нэмэгдүүлээд нийт улсын хэмжээнд буюу шийдвэр гүйцэтгэлийн газрын хорих байгууллагуудын хэмжээнд зарласан байгаа. Одоогоор 200-гаад сая төгрөгийн хохирол барагдаад байж байна. Энэ барагдуулж байгаа хохирол ард иргэд, малчдад очно гэсэн үг.

-Давтан үйлдсэн тохиолдол их байдаг уу, анх үйлдсэн тохиолдол нь их байна уу?

-Нийт мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 45 хувийг 2 ба түүнээс дээш удаа мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байгаа. Үлдсэн хувьд нь анх удаагийн үйлдэлтэй байх жишээтэй. Амьдралын эх үүсвэрээ болгосон 4-8 удаагийн давтан хулгайн гэмт хэргийн үйлдэлтэй этгээдүүд 7-8 хувийг эзэлж байна.

-Малчид үүн дээр анхаарах ёстой гэж та хэлсэн. Малчидтайгаа хамтраад малын хулгайгаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж?

-Энэ ажлыг эрчимжүүлэхийн тулд сумдын гэмт хэргээс сэргийлэх зөвлөлөөс зохицуулах ажлыг бид зөвлөж, чиглүүлэн ажилладаг. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд малчидтайгаа нийлээд малчны бүлгийг ажиллуулдаг. Тухайлбал, Заамар сумын малчны бүлэг улсад 2016 онд улсын хэмжээнд хамтран ажилласан байдлаараа түрүүлсэн. Малчид өөрсдөө хоорондоо эвлэлдэн нэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж ирсэн. Жишээлбэл, хэн нэгэн малчин ажил гараад өөр тийшээ явахад нөгөө үлдсэн малчид нь түүнийг малыг харж, хараа хяналт тавин хамгаалах чиглэлээр ажилладаг бүлэг сумдад ажиллаж байгаа. Энэ нь маш үр дүнтэй байна.

-Орон нутагт хяналт тавих боломж нь цагдаагийн байгууллагад хэр байдаг вэ?

-Цагдаагийн байгууллагад сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэсгийн төлөөлөгч ажиллаж байна. Орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж дээр зөвлөл ажилладаг.

-Төв аймагт шилжилт хөдөлгөөн их байдаг. Хүн амын шилжилт хөдөлгөөний энэ урсгалыг хязгаарлах, түүнд хяналт тавих боломж хэр байна?

-Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн чөлөөтэй зорчих, амьдрах газраа сонгох эрхтэй. Та манай суманд шилжин ирсэн ч бүртгэж авахгүй гэх нь төвөгтэй. Гэхдээ бэлчээрийн даацыг харгалзан үзэж иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сумдаас зохион байгуулж ажиллаж байгаа гэж үзэж байгаа.

Малчдад анхааруулаад хэлэхэд хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж гэмт хэрэг гарсан тохиолдолд шуурхай мэдээлж, илрүүлэх ажиллагаанд хамтран оролцохыг уриалж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. манай алимаа дажгүй бүсгүй юу үгүй юу

    0 0 Хариу бичих
    • за зүгээр байгаарай

      0 0