“Магнай Трейд” компанийн захирал Р.Ганзориг нарыг 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагаас саатуулсан талаар бид мэдээлсэн. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр мэдээлэл хийж Р.Ганзориг нарыг Жаст групп, “Жаст ойл” ХХК-тай холбоотой хэрэгт ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг хэлсэн.
Р.Ганзориг нарын өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тэднийг 10-р сарын 09-ний өдөр суллаад байсан юм.Улмаар цагдаагийн байгууллагаас Д, Г нарт таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын газарт хүргүүлж, өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тэднийг цаашид цагдан саатуулах эсэхийг хэлэлцжээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ.