Өнгөрсөн бямба гарагт Болгарын хилийн ойролцоох Русе хотын цэцэрлэгт хүрээлэнгээс эрэн сурвалжлахын шилдэг сэтгүүлч Викториа Мариноваг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Тэгвэл уг аймшигт хэргийг үйлдсэн этгээдийг Германаас баривчилжээ. Сэтгүүлч бүсгүйг хүчирхийлж, аминд нь хүрсэн этгээдийг баривчилсан гэдгийг Болгарын прокурорын байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн байна.
Сэжигтэн этгээд нь 21 настай, өмнө нь хүчин болон хүн амины хэргээр ял сонсож байсан залуу аж.
Викториа Маринова нь ЕХ-ны сан болон өөрийн улсын авилгад автсан улстөрчдийн тухай баримт мэдээллийг зоригтой дэлгэдэг нэгэн байжээ. Түүнийг өглөө бүр гүйдэг байсан цэцэрлэгт хүрээлэнд нь отон барьж авч, аминд нь хүрсэн бололтой. Энэ жил Европын холбооны улсын 3 сэтгүүлч бусдын гарт амиа алдсаны нэг нь Викториа Маринова болж байна.