ХӨДӨЛМӨРИЙН ЭКСПО:Ажлын байр дэмжих хөтөлбөрийн хүрээнд 7,2 хувийн хүүтэй зээл олгоно

Монголын медиа корпорациас санаачлан Үл хөдлөх хөрөнгийн медиа экспо, Барилгын салбарын медиа экспо болон Боловсролын салбарын медиа экспог амжилттай зохион байгуулсан билээ.

Бид энэ удаад ажлын байр, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгч, мэргэжил олгох сургалтын төвүүд , ажил зуучлагчид болон ажил хайж байгаа хэн бүхэнд зориулан Хөдөлмөр медиа экспог аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл нэг сарын хугацаатай явуулж байна.  

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн медиа аяны гол зорилго нь ажил, мэргэжилгүй, орлогогүй байгаа залуусыг мэргэжил сургалтын төвүүд болон ажлын байранд зуучлахад нь гол гүүр болон ажил олгогч, ажил хайгч нарыг нэг цэгт уулзуулах мөн мэргэжил, сургалтын төвүүд болон жижиг дунд үйлдвэрлэгч нарын бараа, бүтээгдэхүүний онцлогыг нийтэд сурталчлах юм.

Медиа экспогийн онцлог нь хэн ч, хаанаас ч, хэзээ ч уг экспод оролцож, мэдээлэл авч, сонголтоо хийж болно. Орон зай, цаг хугацаанд баригдалгүйгээр, хөдөө, хот хийгээд улс орны хил хязгаар, хол ойрын ялгаагүйгээр мэдээллийн тэгш боломжийг энэхүү медиа экспо олгож байгаа юм.

- ХНХЯ-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байна-

"Хөдөлмөр медиа экспо"-гийн хүрээнд бид энэ удаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбийтай ярилцлаа.   

-ХНХЯ-ны зүгээс ажилгүйдлийг бууруулах чиглэлээр хэчнээн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байна?

-Яамны зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын болоод зохион байгуулалттай ажлуудыг хийж байгаа. Бодлогын ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" гэсэн баримт бичгийг баталсан. Гурван тулгуурын нэг нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах асуудал байх юм гэдэг саналыг яамнаас гаргаж, Үндэсний хөгжлийн газартайгаа хамтраад уг асуудлаа тусгасан. Ерөнхий сайдын захирамжаар бодлогын баримт бичигт тусгагдсан ажилгүйдэл, ядуурлыг бууруулахтай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг ХНХ-ын сайд ахалдаг.

Бодлогын баримт бичиг төлөвлөгөөний хүрээнд бид иргэдэд хүрсэн, орон нутагт чиглэсэн тунхагийн шинж чанартай биш тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Үүнийг боловсруулахдаа бид мэргэжлийн судлаач эрдэмтэдтэй хамтарсан.Энэ ажил тооцоо судалгаан дээр үндэслэсэн бодитой ажил байх ёстой. Аравдугаар сардаа багтаагаад Засгийн газрын хуралдаанаар төлөвлөгөөт ажлынхаа асуудлыг оруулж шийдвэрлүүлнэ.

Мөн хууль, тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, намрын чуулганы үеэр УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг ХНХ-ын сайд, Дотоод хэргийн сайдын хамтарсан шийдвэрээр батлуулсан. Хуулийн төслийг боловсруулах ажил, хуулийг хэрэгжүүлэх үед зардал болон үр нөлөөллийн тооцоолол хийх ажлууд явагдаж байна.

-ХНХЯ дангаараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах нь учир дутагдалтай байх. Бусад төрийн байгууллагуудтай хэрхэн хамтарч байна?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бол зөвхөн манай яам дангаараа хариуцаад хийх асуудал биш. Бид манлайлах үүрэгтэйгээр оролцоно. Бусад яамдуудын оролцоо чухал. Бид бодлогын шинж чанартай ажлууд хийхээс гадна тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлдэг. Эдгээр төслүүдийг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бол ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, тодорхой эмзэг бүлгийн иргэдийг ажлын байраар хангаж байгаа ажил олгогчдыг дэмжих ийм зориулалттай. Энэ хүрээнд ажилгүй иргэдэд зориулсан зургаан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

-Хөтөлбөрүүдээс сонирхуулбал?

-Зургаан  хөтөлбөрийн талаар товч дурдвал, ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд жижиг зээл буюу хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэнд 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгодог. 1-9 хүнтэй бичил , жижиг аж ахуйн нэгжид 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгоно. Зээлийн хүү маш бага буюу жилийн 7.2 хувь. Жижиг зээл олгоход иргэдэд илүү хүртээмжтэй болгох үүднээс хөдөө орон нутагт Хаан, Төрийн банк гэсэн хоёр банкаар зээлийг зэрэг олгох шийдвэр гаргасан. Нийт 15.9 тэрбум төгрөгийг дээрх хоёр банкинд байршуулж, хөдөө орон нутагт зээл олгох ажлыг эхлүүлсэн. Хоёр банктай батлан даалтыг асуудлыг шийдвэрлэх хүрээнд "IFAT" гадаадын донор байгууллагын батлан даалтын сантай гэрээ байгуулж байгаа. Улаанбаатар хотын хувьд Голомт банктай гэрээ байгуулан энэ зээлийг олгоод явж байгаа. 

-Нийт хэчнээн төгрөгийн зээлийг иргэдэд олгоод байна?

-2017 онд нийтдээ 2400 орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 12.2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Он гарсаар одоогийн байдлаар 1590 орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 7.9 тэрбум төгрөгийн зээл олгоод явж байгаа.  

-Ямар шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид энэхүү зээлийг олгох уу?

-Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн гол ач холбогдол бол хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 35-аас дээш насны иргэдэд 5 хүртэлх сая төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар эргүүлэн 100 хувь төлөх байдлаар санхүүгийн дэмжлжг үзүүлдэг. Хүүгүй, барьцаа хөрөнгө шаардахгүй учраас иргэд өөртөө орлого олох бололцоо бүрдүүлэх давуу талтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ч гэсэн мөн адил 5 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг үзүүлдэг. Санхүүгийн дэмжлэг үзүүлээд орхих бус, тэдгээр иргэдээ үйл ажиллагаагаа тогтмол явуулахад нь тусалдаг. Тухайлбал, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ажлын байр түрээсэлдэг бол түрээсийн төлбөрийн 40 хүртэлх хувьтай тэнцэх мөнгөн дэмжлэгийг үзүүлнэ. Улаанбаатар хот, аймаг сумдад ялгаатайгаар дээд тал нь 250 мянган төгрөг хүртэлх мөнгөн дэмжлэгийг үзүүлэх юм. Мөн борлуулалтын дэмжлэг үзүүлж байгаа.Одоогийн байдлаар борлуулалтын лангуу, цэг ажиллуулан дэмжлэг авсан хүмүүсийн бараа, бүтээгдэхүүнийг тодорхой түрээсийн зардалгүй борлуулах,  аж ахуйн эрхлэлтийн сургалт, хөтөлбөрүүдэд иргэдийг хамруулдаг.

-Орон нутгийн иргэдэд ажлын байртай болгох чиглэлд хэрхэн анхаарч байна?

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гэж байгаа. Цөөн малтай болон малгүй иргэдэд 5 хүртэлх сая төгрөгөөр төл мал худалдаж авч өгдөг. Ингэснээр иргэдийг ажилгүй болохоос сэргийлэн, ажлын байрыг хадгалах зорилготой.Энэ бол хөдөө орон нутагт нэлээд үр дүнтэй явагдаж байгаа хөтөлбөрүүдийн нэг. 

-Үндэсний статистикийн хорооноос сар бүр гаргадаг тоон мэдээгээр ажилгүй иргэдийн 57-58 хувь нь 15-34 насныхан буюу ид хөдөлмөрийн насныхан байна гэдэг. Энэ чиглэл дээр та бүхэн яаж анхаарч ажиллаж байна?

-Ажилгүй иргэдийг насны бүтцээр аваад үзэхээр залуусын тоо өсөж байгаа. Энэ нь  нэг талаас хүн амын цонхны үе нээгдсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насны хүн ам хамгийн их байх үе одоо бүрдсэн байгаа. Хэсэг хугацааны дараа эдгээр хүмүүс тэтгэврийн насанд хүрэхээр хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Одоогоос хүн амын бодлоготойгоо уялдуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг хийх шаардлага тулгарч байна. Нөгөө талаас ажил мэргэжлийн сонголт, залуусын ур чадвартай их холбогдож байгаа. Ялангуяа ажил мэргэжлийн сонголт дээр илүү анхаарах шаардлагатай болоод байгаа. Манай яамны тухайд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаанд үндэслэн боловсролын яам, байгууллагад мэргэжилтний захиалга өгөх ажлыг хийх ёстой. Бид энэ чиглэлийн ажлаа хийж байгаа. Яамны дэргэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын мэргэжлийн судалгааны институтийг байгуулсан.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)