УИХ-ын гишүүд бүгд ямар нэг төрийн бус байгууллагын тэргүүн, ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч, үгүйдээ л Удирдах зөвлөлийн гишүүн нь байдаг. Зарим гишүүн гурав дөрвөн төрийн бус байгууллагыг тэргүүлдэг аж. Сонгууль болохоор энэ төрийн бус байгууллагуудынх нь үйл ажиллагаа идэвхждэг бөгөөд гишүүдийнхээ нэр, сүрээр төрийн байгууллагатай янз бүрийн гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх, төсөл хэрэгжүүлэх зэргээр санхүүжүүлт авдаг байна. Хэн гэдэг гишүүн ямар ямар төрийн бус байгууллагатай вэ гэдгийг хэвлэлүүд цөөнгүй бичсэн. Ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд төрийн бус байгууллагуудын үүсгэн байгуулагч болон эздийг ил тод зарлах зохицуулалт бий гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр олон нийтийн сүлжээнд зарласан байна лээ. Төрийн бус байгууллагуудын эзэд ил тод болох нь шилэн төр гэдэг шиг шилэн төрийн бус байгууллага төлөвшихөд нааштай нэг алхам юм.
УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн зургадугаар сарын 21-нд бүртгэлийн тухай багц хуулиудыг баталсан. Уг багц хуулийн нэг нь дээр дурдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль байсан юм. Шинэчлэн найруулсан энэхүү хуульд ямар шинэлэг зохицуулалт туссаныг дурдахаас өмнө Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын талаар цөөн хэдэн үг хэлье. Төрийн бус байгууллага байгуулах нь иргэд Үндсэн хуулиар баталгаажсан эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр юм. УИХ 1997 онд Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг анх баталснаар дээрх эрх баталгаажсан. Төрийн бус байгууллагуудын тоо 1990-ээд оноос хойш тогтмол өсч ирсэн статистик бий. Тухайлбал, хууль батлагдсаны хойтон жил буюу 1998 онд улсын хэмжээнд 1075 төрийн бус байгууллага бүртгэлтэй байсан бол 2005 онд 3492, 2010 онд 6915, 2015 онд 11879, 2017 оны байдлаар 18325 болж өссөн байна. Түүнчлэн 2018 оны байдлаар Монгол Улсад гадаадын төрийн бус байгууллагын болон олон улсын байгууллагуудын нийт 90 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна.
Ийм олон төрийн бус байгууллага ажиллаж байхад нийгэмд сайн үр нөлөө нь мэдрэгдэж, тэмтрэгдэх учиртай. Харамсалтай нь тийм биш байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 18 мянга гаруй төрийн бус байгууллагын 51.5 хувь буюу талаас илүү нь үйл ажиллагаа идэвхтэй явуулдаггүй байна. Өөрөөр хэлбэл есөн мянга гаруй төрийн бус байгууллагын тамга хэн нэгний шүүгээнд тоос даран хэвтээ ажээ. Тэдгээр төрийн бус байгууллагын 5437 нь байгуулагдсан цагаасаа огт үйл ажиллагаа эрхлээгүй, 3340 үйл ажиллагаагаа түр зогсоосон, 267 нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон, 63 нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгааны улмаас ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа гэнэ.
Иргэдийн хувьд эвлэлдэн нэгдэх, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох эрхээ хангалттай эдэлж байгаа боловч үүргээ орхигдуулсан тал байна. Төрийн бус байгууллагууды тоо нэмэгдэж байгаа боловч үйл ажиллагаа нь өргөжихгүй байгаа нь нэг төрлийн гажуудал юм. Үүнд хууль эрх зүйн зохицуулалт сул, харилцан уялдаагүй нь нөлөөлж байжээ. Тухайлбал, төрийн бус байгууллагын тухай хуулийг татварын хуулиуд болон иргэний хуультай нийцүүлээгүйгээс зөрчилддөг, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хэлбэр зэргийг хольж хутгасан, нэр томъёоны хувьд ойлгомжгүй байдал өмнөх хуульд байв. Эрх зүйн зохицуулалтын энэ мэт хийдэлтэй байдал нь төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг саармагжуулж, санхүүжилтийн хувьд гадаад улс, донор байгууллагын хараат болгох, улмаар мөнгө угаах, терроризмын үйл ажиллагаанд оролцох магадлалтай хэмээн хардах зэргээр нийгмийн зүгээс үл итгэх хандлагыг бий болгоход нөлөөлж байгааг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд өнгөрсөн хавар болсон олон улсын хурал дээр онцолж байжээ.
Орчин үед төр өөрийн зарим чиг үүргээ иргэний нийгэм, төрийн бус байгууллагад шилжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагууд ч олон нийтийн эрх ашгийг хамгаалан төрд хүчтэй хяналт тавьдаг томоохон үүргийг гүйцэтгэдэг олон улсын чиг хандлага бий болсон. Харамсалтай нь манай иргэний нийгмийн байгууллагууд сөрөг хүчин байх чадавхитай болж хараахан чадаагүй гэдгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар тогтоожээ. Үүнийг төрийн бус байгууллагуудын хөгжлийг дэмжих эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбон үзэж тайлбарласан байна. Иймд төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэхээс урьтал болгон тэдний чадавхийг бэхжүүлсэн, хөгжлийг дэмжсэн суурь эрх зүйн зохицуулалтыг цогц байдлаар сайжруулах хэрэгтэйг Хууль зүй үндэсний хүрээлэнгийн судлаачид онцолж байжээ.

Ер нь төр болон төрийн бус байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн асуудалд болгоомжтой хандахыг ихэнх судлаачид сануулдаг. Төрийн бус байгууллага буюу Non government organization /NGO/ нь иргэний нийгмийн нэг чухал төлөөлөл болж байдаг. Тиймээс төртэй түншлэл тогтоох бус харин нийгэмд төрийн үйл ажиллагаанд хяналт тогтоох үүрэгтэй учраас түншлэлийн талаар ярих боломжгүй юм гэж тэд үздэг. Төр нь иргэний нийгмээс тусдаа оршиж, өөрийн нарийн бүтэц зохион байгуулалттай, улс төрийн нөлөөнд автамтгай, албадлагын шинж чанартай үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг зэрэг онцлогтой. Харин төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, иргэдийн дуу хоолой болсноор төрийн алдаатай үйл ажиллагааг шударгаар шүүмжилж, нийгэмд тогтвортой байдлыг хангах үүргийг иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа төрийн бус байгууллага гүйцэтгэж байдаг билээ.
Монгол Улсын өнөөгийн нөхцөлд төрийн бус байгууллагуудын идэвх, зүтгэл, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага нэлээд сул байгааг дээр дурдсан. Нөгөө талаар Монгол Улсад иргэний нийгэм гэхээсээ илүү төрийн эрх мэдэл, тогтолцоо илүү хүчтэй ноёрхож байгаа. Энэ нь нийгмийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж, ардчилалд сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Ийм нөхцөлд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр шилжүүлэх нь төлөвшиж чадаагүй иргэний нийгмийг үгүй болгох аюултай гэж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийнхөн онцолжээ. Товхондоо, иргэний нийгмийн төлөөлөл болсон төрийн бус байгууллага төрийн сөрөг хүчин байх ёстой байтал төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэгч түнш болно гэдэг Монгол Улсын өнөөгийн нөхцөлд тохиромжгүй гэж үзсэн байна. Төр, иргэний нийгмийн байгууллага хоорондоо сүжрэх нь ардчилалд халтай.