Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун католик шашинтны тэргүүн, Ромын пап Францискийг Пёньянд айлчлахыг урьжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Хөх ордны төлөөлөгч энэ талаар мэдээлсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 17-18-нд Ватиканд айлчлах бөгөөд энэ үеэрээ Ким Жон Уны урилгыг пап Францискт албан ёсоор өгөх гэнэ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны төлөөлөгч мэдэгдэлдээ  “Ким Жон Уны энэ алхам нь Солонгосын хойгт энх тайван тогтоох түүний чин эрмэлзлийн баталгаа болно” хэмээн онцолжээ.  Энэ асуудлыг өнгөрсөн сард болсон Хоёр Солонгосын уулзалтаар шийдсэн байна.

Ватикан, БНАСАУ хоорондоо дипломат харилцаа тогтоож амжаагүй байгаа тул ийнхүү өөр улсын тэргүүнээр урилгаа дайж байгаа бололтой. Дашрамд дурдахад, БНАСАУ-д шашны байгууллагыг хориглодог юм.