Эрээнд буудлын барьцаанд үлдсэн охин хүчирхийлэлд өртсөн байжээ

"Бодит байдал" нэвтрүүлэг: 14 настай охиноо ээж нь БНХАУ-ын Эрээн хотод зочид буудалд мөнгөний барьцаанд үлдээжээ. Гэвч тэрээр охиноо авахаар эргэж очилгүй нутагтаа үлдсэн байна. Харин ГБХЗХГ-аас 5 сая төгрөг зарцуулж охиныг эх оронд нь авчирчээ. Охины гэр бүлийн нөхцөл байдлыг авч үзвэл эцэг эх нь салсан. Түүнтэй ижил өөр олон хүүхэд хохирч, гэр бүл салалт их байгаа нь шийдвэрлэх шаардлагатай эн тэргүүний асуудал болж байна. Харин гэр бүлийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар яриад 10 жил болжээ...

БНХАУ... Эрээн хот. Зочид буудлын нэгэн өрөөнд 14 настай охин ганцаараа олон хоног болжээ. Ээжийгээ хүлээн суугаа жаахан охин тэр л буудлын өрөөний хаалгыг онгойх бүрт горьдлого тээж итгэл өвөрлөн суусан нь талаар болжээ. Охины тухай мэдээлэл 108 утсанд ирсэн аж.Ээж нь мөнгө олж ирээд авна гээд зочид буудалд охиноо барьцаанд үлдээсэн нь тэр....

ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх "Ээж нь хилээр охиноо авч гараад бизнес хийн алдагдалд оронгуутаа "Манай хүүхэдтэй хамт байж бай" гэж хүүхдээ барьцаалж орхисон.  Охины ээжийг хайсаар саяхан илрүүлж тогтоосон. Эрээнд байсан охиныг буудлын төлбөр, барьцааны төлбөр гээд 5-6 сая төгрөг төлж авчирсан. Охины ээж архины хамааралтай, аав нь амьдардаггүй" гэв.       

-Охиныг сургуульд сургаж, хөгжүүлэх үйлчилгээнд хамруулж байна-

Охин тэнд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Энэ  хэргийг БНХАУ-ын хууль хяналтын байгууллага шалгаж, шүүж байна. Сэтгэлзүйн хувьд , бие махбодийн хувьд асар их хохирсон охины байдлыг тодрууллаа

Асрамж халамжийн байгууллагын нийгмийн ажилтан Т.Нямтогоо "Анх охин ганцаардсан нэлээд сэтгэл түгшсэн байдал хүнд ирсэн. Бид тулж ажиллан мэргэжлийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан. СЭМҮТ-ийн эмчийн дүгнэлтээр одоохондоо ерөнхий боловсролын сургуульд сурах боломжгүй гэсэн учраас тусгай сургалттай сургуулийн дөрөвдүгээр ангид суралцаж байна. Охин анх ирэхдээ их зожиг байсан дуугаа хураасан, нийгмээс нэлээд тусгаарлагдсан айж, цочсон байдалтай байсан. Харин одоо нийгэмшин өөрийгөө нээх чадвартай, эелдэг, зөөлөн, даруухан охин болсон" гэлээ.

-Охины эцэг эх салж, ээжтэйгээ улс хооронд наймаанд явдаг байжээ-

Сэтгэл өвтгөм энэ хэргийг дурдаж байгаа шалтгаан нь өнөөгийн гэр бүлийн нөхцөл байдалтай холбогдоно. Хохирогч охины эцэг эх салсан. Ээжтэйгээ хамт хил хооронд наймаанд явдаг байсан гэх. Хүний нутагт орхигдож хоцорсон балчирхан түүнийг  Монголын төр эх оронд нь авчирсан юм. Ерөөсөө гэр бүлийн тогтворгүй байдлаас үүдэж балчирхан үрс хохирч үлдэж байгаа олон тохиолдлын нэг нь энэ юм.

-Сүүлийн 17 жилийн хугацаанд гэр бүл салалт 4 дахин нэмэгджээ-

Шохоорхол төдий харилцаа нь дассан сэтгэл болж хамтын амьдрал тийш залахад залуус энэ амьдралаа үргэлж гал халуун байна  гэж итгэдэг. Гэр бүл цаашлаад хүүхэдтэй болох нь илүү хариуцлага, сахилга бат , тэвчээр шаарддаг гэдгийг хэн ч төсөөлдөггүй гэж гэр бүл судлаач ярилаа. Өөр өөр орчинд хүмүүжсэн залуус сэтгэл хөөрлөөр эхлүүлсэн амьдралынхаа эхэн хэсэгт зөрчилдөж омголон бардам зандаа хөтлөгдөн салах нь түгээмэл. Эцсийн дүндээ хүүхдийн сэтгэл шархалж эрсдэлт амьдралд хөл тавьдаг өнөөгийн нийгмийн тогтсон гэмээр эвлэрэх ёсгүй дүр зураг.

Гэр бүл судлаач Б.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр гэр бүлийн хүрээнд тулгамдаж байгаа олон асуудлууд байна. Үүнд хувийн болон нийгэм, орчны хүчин зүйлийн нөлөө их. Нийтлэг харагдаж байгаа нэг асуудал бол салалт. Залуус гэр бүлийн амьдралд дэндүү хариуцлагагүй байна. Үүнд хоёр талын шалтгаан бий. Нэгдүгээрт залуу гэр бүлийг гэр бүлийн амьдралд бэлтгэх, гэр бүлийн талаар ойлголт мэдээлэлтэй болгох сургалт, мэдээллийн орчин хязгаарлагдмал. Залуу хосууд анхны бэрхшээлийг болохгүй, бүтэхгүй зүйл гэж олж харж замын дундаас буцах эрсдэл хийж байна. Хоёрдугаарт өнөөдөр залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх бодит нийгмийн орчин алга байна. Тодруулбал, тэдний орлого хязгаарлагдмал. Хүүхэд харах цэцэрлэг, сургууль хомс, ажил эрхлэх боломж хязгаарлагдмал, эдийн засгийн хувьд бие даан амьдрах боломжгүй байна. Эцэг эхийн нөмөр нөөлөгт нийлмэл гэр бүлийг үүсгэн амьдарч байгаа нь залуу хосод маш их дарамт үзүүлж байна. Сүүлийн үед залуус олноороо гадаадад хөдөлмөр эрхлэхээр явж байгаа. Үүнээс үүдээд хардалт, үл ойлголцол, маргаан их байгаа нь гэр бүл салах нөхцлийг бий болгож байна"

Олныг сэрдхийлгэж тэрхэн мөчдөө шуугиад мартагдаж буй хэргүүдийг эргэн сануулья.

2015.02 сар  Улаанбаатар хот

4 настай охиныг хойд эх, төрсөн эцэг нь удтал тарчлааж зодсоны эцэст охин зодуурыг дийлэлгүй амиа алдсан хэрэг. Охины ээж хүүхдээ салсан нөхөр, хамтран амьдрагчид нь даатгаж үлдээсэн өдрүүдэд ийм хэрэг гарсан байдаг

2017.10  сар  Улаанбаатар хот

5 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэг. Ээж нь охиноо хойд эцэг дээр нь орхиод сураггүй байх үед ийм хэрэг гарсан байдаг. Хожим хүүхэд асран хамгаалах эрхээсээ татгалзсан гэх мэдээлэл ч хэвлэлд гарч байсан

2018.02 сар Замын –Үүд сум

1,8 сартай хүүг хүчирхийлсэн хэрэг. Хүүгийн эцэг, эх салсан. Аав нь хүүгээ эмээ өвөөтэй нь золгуулна гэж авч яваад ийм хэргийн хохирогч болгосон байдаг

Энэ мэт олныг цочроосон хэрэг цахим хуудсанд олноор дурайна. Нийтэд мэдэгдсэн нь л тэд болохоос тэдний цаана хэдэн хүүхэд ийм эрсдэл дунд айдас тээж амьдарч байгаа нь анхаарал татах сэдэв юм. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар ийм тооцоо судалгаа хийдэг эсэхэд талаар тодрууллаа.

ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх "Өнгөрсөн жил 3600 гэр бүл салсан.  Гэр бүлсэн салсан хүмүүсийн 45 хувь нь өрх толгойлсон 2-оос дээш хүүхэдтэй ээжүүд байгаа"

Гэр бүлийн боловсрол, төлөвшил, хүмүүжил, ёс зүй. Энэ бүгд өнөөгийн нийгмийн ёс суртахуун юм. Эдгээр нь алдагдаад эхэлсэн тул нийгмийн суурь бүтцээсээ эхлээд тогтворгүй, өрөөл бусад руу алдаагаа түлхэж, өөр нэгнээс өө хайдаг бидний нийгэм оршин тогтсон гэж үзэж болно.

Иймээс л бид гэр бүлийн тухай хуулийн тухайд энэ удаагийн "Бодит байдал" сурвалжлагыг бэлтгэж байна. Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталснаас хойш 20 дахь жилтэйгээ золгох гэж байна. Гэр бүлийн тогтвортой байдлыг эн тэргүүнд тавьдаг байсан тэр зарчмаас Ардчилсан нийгэм төлөвшиж эхэлж байгаа үе гэсэн үг. Эмэгтэйчүүд хүүхэд харж гэрт суухаас илүү ажил хийдэг, эрчүүд мөнгө олж гэр бүлээ тэжээх дээр нэмээд өөрийн хоббигоо эн тэргүүнд тавьдаг болсон нийгэм. Гэр бүл салалтад нөлөөлж буй хүчин зүйлийг авч үзье. Иймээс бид Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр орлоо.

Шүүх хурлын танхимаас гарч яваа идэр насны хос. Бүсгүйн нүдэнд нулимс цийлэгнэж залуугийн харцнаас уур дүрэлзэнэ. Ингэж нэгэн гэр бүл баталгаагаа цуцлуулж өөр өөрийн сонгосон замаар цаашдын амьдралаа үргэлжлүүлэхээр одлоо. Өдөр бүр энд ийм дүр зураг давтагдана.

УИХ-ын намрын чуулганаар гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Чуулганаас чуулганы хооронд хойшлогдож хүлээгдсээр энэ хүрсэн гэсэн үг. Уг нь хуулийг хэлэлцэн баталсны дараа хийгдэх ажлууд олон байгаа юм.

Өнөөдөр гэр бүл салалтыг 17 жилийн өмнөхтэй харьцуулж үзэхэд 4 дахин нэмэгдсэн байна. Ихэвчлэн 10–аас дээш жил ханилсан хосууд салж байгаа бөгөөд хүүхдийн тэтгэмжийн мөнгөө өгдөггүй болохыг судлаачид хэллээ. Эцэг эх нь салсан тохиолдолд хүүхдийн 35 хүрэхгүй хувь нь л тэтгэмжийн мөнгөө авдаг байна. Мөн дундын өмчийг хүүхдэд өмчлүүлдэг байх зохицуулалт чухал байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)