Уул уурхайгаа хүртэл "ногооруулсан" Австралийн туршлага

Австралийн Уул уурхайн салбар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түүхий эд үйлдвэрлэхэд анхаарч эхэлжээ

Монголчууд бид утаанаасаа салах талаар сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьж, утааг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар дээр дооргүй шүүмжлэх болсон. Ард иргэд хүртэл утаанаас залхаж утааны эсрэг ээж аавууд нэгдэж ТББ хүртэл бий болж, өргөн хүрээг хамарсан жагсаалыг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Улмаар 2019 оны 5-р сараас эхлэн түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, оронд нь сайжруулсан нүүрс ашиглахаар болоод байгаа. Нийслэлийн хэмжээнд 200 гаруй мянган өрх жилдээ өвлийг давахын тулд 600 мянган тонн нүүрс түлдэг. Энэ их нүүрсний хэрэглээг сайжруулсан түлшээр 100 хувь хангаж чадах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр. Түгжрэлдээ түүртэж, утаандаа угаартсан Монголд л зөвхөн энэ асуудал байдаггүй аж. Хаа холын Австрали улсын Брисбен хотын Квинслэнд муж бидэнтэй адил асуудал тулгамдаад буй. Тус мужийн Байгалийн Баялагийн Нөөцийн Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баджер “Жишээ авч тайлбарлахад, нартай баасан гарагийн өдрийн эрчим хүчний эх үүсвэрийн тоон үзүүлэлтийг харахад нүүрс 70 хувийг нь эзэлдэг. Бид 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулж, эрчим хүчээ хангахгүй. Дан сэргээгдэх эрчим хүчний тусламжтайгаар мужаа цахилгаанаар хангана” гэв.  

2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 50 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангаж,  2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаралтыг 0 болгохоор зорьжээ. Гэтэл манайд утааг бууруулахын тулд нүүрс түлнэ. Аан гэхдээ хоруу чанар нь арай бага нүүрс түлэхээр бэлдэж байгаа билээ.

Австрали улсын эрчим хүчний хэрэглээ сэргээгдэх эрчим хүчинд түшиглэх төлөвтэй. Үүнийг AEMO-с 2017 онд гаргасан судалгаанаас харж болно.

Эх сурвалж: AEMO 2017

Харж байгаачлан нүүрс хүчлийн хийг ялгарлыг бууруулахын тулд Австрали улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр шулууджээ. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ажилд уул уурхайн салбараа хүртэл татан оролцуулахаа мартаагүй аж. Квинслэнд мужийн газар нутгийн 0,1 хувийг эзэлдэг ч экспортийнх нь 70 хувийг эзэлдэг байгалийн баялагийн салбараасаа өнгөрсөн оны байдлаар 21,9 тэрбум долларын ашиг олсон байна. Сэргээгдэх эрчим хүч 100 хувь ашиглах зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай түүхий эдээ уул уурхай, эрдэс баялагийн салбараасаа ханган нийлүүлэх гэнэ. Жишээлбэл салхи нарнаас гаргаж авах эрчим хүчинд хэрэглэх сэнс хийхэд ашиглах зэс, хөнгөн цагаанаа уул уурхайн салбараас нийлүүлнэ гэж Квинслэнд мужийн Байгалийн Баялагийн Нөөцийн Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баджер ярьж байлаа.

Квинслэнд мужид 2014 оноос хойш газ олборлолт 4 дахин нэмэгдсэн

Квинслэнд мужид сүүлийн жилүүдэд газрын тосны үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор байгалийн хийн хэрэглээ, олборлолт эрс нэмэгджээ. Анх 2014 оноос эхлэн байгалийн болон метан хий олборлож эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд анх үйлдвэрлэж байсан хэмжээ нь 3-4 дахин нэмэгджээ. Хий олборлохтой холбоотойгоор өнгөрсөн 4 жилийн дотор 1000 цооног ухсан байна. Квинслэнд мужийн хувьд байгалийн болон нүүрсэн дундаас гаргаж авдаг метан гэсэн 2 төрлийн хий олборлож байна. Байгалийн хийн хувьд 2014 онд 1500 орчим /Petajoules/ PJ олборлосон бол 2036 он хүртэл 2000 PJ болж тогтвортой өсөх хандлагтай гэв. Харин метан хийн хувьд 2011 онд 500 орчим PJ байсан бөгөөд ирэх жилүүдэд ч энэ эрчээ алдахгүй тогтвортой байх төлөвтэй байна. Өнгөрсөн жилийн экспортын хувь хэмжээг харахад байгалийн хий, нүүрсний экспортыг ардаа орхижээ. Харин энэ жилийн хувьд Квинслэнд муж 2018 оны 1-р улиралд байгалийн баялагаасаа 21,9 тэрбум долларын ашиг олсон. Үүний 14,103 доллар нь коксжуулсан нүүрс, 2,104 доллар нь түүхий нүүрс, 2,760 доллар нь байгалийн газаас орж ирсэн байна. Зах зээлийн урсгалаар газ олборлолт, экспорт нэмэгдсэн нь нэг талаараа тус мужийн нүүрс хүчлийн хий ялгарлыг тэглэх 2050 оны зорилтодоо хүрэх түлхэц болох биз ээ.

Уул уурхайд түшиглэн улсаа хөгжүүлэхийн тулд нутгийн иргэдийг ямагт нэгдүгээрт тавих шаардлагатай

Уул уурхайн салбараас орж ирж байгаа мөнгө юун зарцуулагддаг вэ гэсэн асуултыг манай иргэд төдийгүй Квинслэнд мужийн иргэд хүртэл төр засгаасаа асуудаг байна. Квинслэнд мужийн хувьд уул уурхайгаас орж ирдэг рояалти татвар нь мужийн төсөвт шууд тусгагддаг. Харин бусад төрлийн татвар орлого нь улсын төсөв рүү шууд ордог байна. Байгалийн баялагтай холбоотойгоор одоогоос 2 засгийн өмнө буюу 6 жилийн өмнөөс Австралийн засгийн газар алслагдсан мужаас орж ирж байгаа байгалийн баялагийн орлогоос тухайн мужид нь багахан хэсгийг төсөвт нь тусгайлан суулгаж өгөх төсөл эхэлсэн нь өнөөдрийг хүртэл зогсолгүй хэрэгжиж байна. Австрали улсын хувьд ард иргэд нь байгалийн баялаг, уул уурхайн олборлолтын талаар зөв мэдээлэлтэй байх нь чухал гэж Мужийн Байгалийн Баялагийн Нөөцийн Зөвлөлийнхөн үздэг байна. Тиймдээ ч тэд гишүүн уул уурхайн компаниудынхаа дунд хичнээн хүнийг ажлын байраар хангаж байгаа, өгч байгаа цалин хөлсний хэмжээ, дотоодын хичнээн компанитай хамтран ажиллаж байгаа, хичнээн хэмжээний долларын худалдан авалт хийсэн зэрэг нарийн судалгааг гаргадаг байна. Ингээд тухайн мужаас нэр дэвшсэн шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад олон иргэний амьдарлыг тэтгэж байгаа уул уурхайн салбарыг бодит мэдээлэлд тулгуурлан ойлгох боломжийг бий болгодог байна. Жишээлбэл Квинслэндийн эдийн засгийн 6 доллар тутмын нэг нь байгалийн баялагаас, 8 ажлын байр тутмын нэг нь байгалийн баялагийн салбарын нөлөөгөөр бий болдог байна.

Манай улсын хувьд уул уурхай гэхээр нөхөн сэргээлтийн ажил орхихддог нь нууц биш. Тиймээс улсаас хичнээн зөвшөөрөл, лиценз өгсөн ч газар нутгаа сүйтгүүлэхгүй гэсэн нутгийн иргэд, малчдын эсэргүүцэлтэй тулгардаг компани олон. Тэгвэл Австрали улсад нутгийн иргэд, газрын эздийн зөвшөөрөл бол амин чухал зүйл гэж үздэг. Технологийн дэвшлээр бага зардал гаргаж, их ашиг олохын тулд өсөлт, инновацийн групп гэж тусад нь хүртэл байгуулжээ. Ингээд нутгийн иргэдэд зориулан виртуал релизэшнийг бүтээсэн байна. Үүний тусламжтайгаар тухайн иргэнд виртуал байдлаар уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, үйл ажиллагаа явуулсны дараа ямар болох, нөхөн сэргээлтээ яаж хийх зэрэг төслийн бүхий л төлөвлөсөн үе шатыг олон үггүйгээр бодит мэтээр харах боломжтой. Уурхай гэхээр л хамаг газар шороог сэндийчээд ухаад хаядаг гэх ойлголттой иргэдтэй манайд бол дутагдаж байгаа л технологи шиг санагдсан.  

Лицензтэй хэдэн уурхай нь үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргээлтээ хууль журмын дагуу хийдэг ч уул уурхайгаас өөр орлого олох боломжгүй гэж итгэсэн иргэд нөхөн сэргээлт хийгээгүй үлдээсэн газруудыг юу ч үгүй сэндийчин, өдөр шөнөгүй ухдаж байгааг нүдээр үзсэн.

Түүнчлэн Австрали улс уул уурхайгаас орж ирдэг орлогоо гол гол салбар буюу боловсрол, ХАА-н салбартаа замаас нь дутаалгүй шингээж чаддаг байна. Энэ нь эргээд зөвхөн уул уурхайд түшиглэсэн биш бусад салбараа ч бас жигдхэн хөгжүүлж, салбар бүрт эзлэх ажлын байрны харьцаа ч алдагддагүй байна. Гэтэл манай улсын хувьд зарим аймагт байдал эсэргээрээ. Хоёр жилийн өмнө Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн уурхайгаар очиж, үйл ажиллагаатай нь танилцаж байсан юм. Тухайн үед бичин жилийн зуднаар малаа алдсан иргэд, ажилгүй, амьдрахын эрхээр хүрз барьж газар шороогоо ухаж эхэлсэн. Сүүлдээ техникжсэн нинжа болтлоо байдал хүндэрсэн байдаг гэлцдэг юм билээ. Лицензтэй хэдэн уурхай нь үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргээлтээ хууль журмын дагуу хийдэг ч уул уурхайгаас өөр орлого олох боломжгүй гэж итгэсэн иргэд нөхөн сэргээлт хийгээгүй үлдээсэн газруудыг юу ч үгүй сэндийчин, өдөр шөнөгүй ухдаж байгааг нүдээр үзсэн. Юм олдох байх гэж горидоод л ухдаг гэж техникжсэн нинжа нарын нэг нь хэлж байлаа. Аймгийн хэмжээнд ажилгүйдэл ингэтлээ их байдаг талаар удирдлагуудаас нь тодруулахад гадна, дотны төсөл хөтөлбөрөөр ажлын байртай болгох гэж их л үздэг. Ногоо тарь, үр, тоног төхөөрөмжөө ирээд ав гэхээр ирж авах хүн олдоггүй гэж ярьж байсан юм. Энэ тохиолдолд бодлого мөн иргэдийн ухамсар гэсэн хоёр том асуудлыг шийдэж байж бид урагшлах хэрэгтэй. Гэвч өдийг хүртэл сайжирсан зүйлгүй л байна.

Австралийн Квинслэнд мужийн хувьд газар нутгийнх нь ердөө л 0,1 хувийг уул уурхай эзэлдэг ч эдийн засагт үзүүлэх өгөөж нь өндөр байна. Энэ бол цэвэр сайн менежмент. Гэтэл манайд уул уурхайн баялагийн менежмент яриа төдийхнөөс хэтрэхгүй хэвээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)